Үр тарианы экспортын хориг асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Үр тарианы экспортын хориг асуудал дагуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эдийн засагчид болон төв банкныхан баруунд Япон стилийн дифляци үүсэх аюул үүсч болзошгүй гэж сануулж байгаа энэ үед “агфляци” гэх шинэ нэр томьёо гарч ирлээ. Хангамжийн асуудал, сандарсан худалдан авалтаас болж хөвөн, сахар болон улаан буудайн үнэ энэ долоо хоногт олон жилийн турш харагдаагүй өндөрлөгт хүрээд байгаа нь хүнсний бүтээгдэхүүн, хувцасны үнийг өсгөх хандлагатай болоод байна. Ажиглагчид ам.долларын ханшийн уналтыг хөдөө аж ахуйн барааны үнийн өсөлтийн гол шалтгаан гэж үзэж байгаа бол зарим нь 2007 оны сүүлээр үүссэн хүнсний хямрал дахин дэгдэж болзошгүй гэж сануулжээ. Гэхдээ үүнд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь  дэлхийд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээр тэргүүлдэг улсуудын Засгийн газрууд  экспортод хориг тавих арга хэмжээ авч байгаа нь түүхий эдийн шууд хангамжийн асуудлыг хүндрүүлж байгаа юм.

    Экпортыг зохицуулах асуудал анх наймдугаар сард ОХУ-аас эхэлсэн юм. Тухайн үед тус улсад ган гачиг болж, ургацад нөлөөлсөн тул үр тарианы экспортыг зогсоосон юм. Үүнийг дагаад Украин улс улаан буудай, арвай болон шишийн экспортод хориг тавьж, Энэтхэг улс хөвөн болон сахарын худалдааг хязгаарлахын сацуу хоёр жилийн турш үргэлжилж буй басматигаас бусад сортын цагаан будааны экспортын хоригийг хэвээр үлдээсэн. Түүнчлэн Пакистан, Египет болон Казахстан улсууд ч үр тариа худалдаалах тал дээр хязгаарлалт хийгээд байгаа билээ. Энэ нь импортлогч орнуудад маш таагүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам энэ долоо хоногийн эхээр хөвөнгийн хоёр дахь том нийлүүлэгч Энэтхэг улс экспортыг барьж байгаа нь тус улсын нийлүүлэгч хэвээр үлдэх эсэх асуудал эргэлзээтэй болж байна гэж хэлсэн нь зах зээлд шууд нөлөө үзүүлж, хөвөнгийн үнэ лхагва гаригт паунд нь 1.5723 ам.доллар болсон нь анх 140 жилийн өмнө Нью Йоркт зарагдаж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үнэ болжээ.

    Түүнчлэн үр тарианы зах зээл дээр бушель улаан буудайн үнэ 7,15 ам.доллар болсон байна. Харин ирэх оны есдүгээр сарын урьдчилсан гэрээт арилжаанд улаан буудайн үнэ 8,12 ам.доллар болтол өссөн байгаа юм. ОХУ, Энэтхэг зэрэг оронд үр тарианы экспортыг хориглосноос болж дотоодын тариалан эрхлэгчдийн зах зээл хумигдаж, тариалангийн талбайгаа өргөжүүлэх боломж багасч байгаа нь цаашид ч үр тарианы үнэ өсч, хангамж бага байх төлөвийг илтгэж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж