
Уулзалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхийн хөгжингүй 20 орны удирдлагыг эдийн засгийн сэргэлтийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Түүний мэдэгдсэнээр АНУ шинээр ажлын байр бий болгох, тэнцвэргүй байдлыг арилгах талаар их ажил хийх гэнэ.
Вашингтоны зүгээс Хятадыг экспортын хэмжээгээ өсгөхийн тулд хүчээр юанийн ханшийг дарж байна гэж буруушааж байгаа. Гэхдээ бусад орнуудын зүгээс АНУ-ыг төв банкаараа дамжуулан их хэмжээний долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж, инфляциа өсгөж, ам.долларын ханшийг сулруулах арга хэмжээ авч байна гэж шүүмжилж байгаа юм.
ВВС агентлагт өгсөн ярилцлагын үеэр Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зоеллик валютын талаар сөргөлдөөн үүсээд байгаа нь үнэн гээд “Гэхдээ энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэрбээр АНУ-ын зүгээс Хятадын асуудлыг сөхөж байгаа нь зөв гэв. Саяхан БНХАУ-ын баталсан таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгийн бодлого дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарах болсон гэдгийг Дэлхийн банкны тайлан харуулсан билээ.
“Их-20”-ийн хэвлэлийн бага хурлын үеэр Бразилийн Сангийн сайд Гуидо Мантега АНУ-ын төв банк “Federal Reserve”-ийн “QE” хөтөлбөрийг шүүмжилсэн байна.
“АНУ-ын эдийн засагт нэмж 600 тэрбум ам.доллар орууллаа гээд аж үйлдвэрлэл сэргэхгүй, ажлын байр шинээр үүсэхгүй, дотоодын хэрэглээг ч нэмэгдүүлэхгүй. Зах зээлд илүү их мөнгө эргэлдэж байгаа үед хөрөнгө оруулагчид бусад газар байгаа хүүгийн өндөр төвшинг ашиглаж, хөрөнгийн биржүүдэд хувьцаа худалдан авах, эсвэл бараа бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна. Ингэвэл харин ч бусад орнуудад үнийн өсөлт үүсч, инфляци нэмэгдэнэ” гэж ноён Мантега хэлсэн юм.
Долларын ханшийг буулгаж, эдийн засгаа хөгжүүлэх гэлээ гэж буруутгагдаж байгаа ноён Обама түүний эдийн засгийн бодлогийг хамгийн хүчтэй шүүмжлэгчид болох БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтао, Германы канцлер Ангела Меркел нартай ганцаарчилсан уулзалт хийх төлөвтэй байна.
Обама АНУ-ыг дангаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээж чадахгүй гээд “Улс болгон өөрсдийнхөө хийх ёстойгоо хийж байвал бид бүгд энэ өсөлтийн үр шимийг хүртэх болно” гэв. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч төв банкны шийдвэрийг хамгаалсан мэдэгдэл хийсэн байна. Түүний тайлбарласнаар эдийн засагт нэмж 600 тэрбум ам.доллар оруулсан нь олон арван жилийн турш харагдаагүй хямралаас гарах зорилготой юм.
Мөн тэрбээр эдийн засгийн асуудлаасаа гарахын тулд экспорт дээр хэт найдахаа болих хэрэгтэй гэж бусад орнуудыг уриалав.
“Америкийн гэр бүлүүд мөнгө хуримтлуулахаа зогсоож, зээл дээр тулгуурласан зарцуулалтаа нэмэгдүүлээгүй цагт хүчтэй, урт хугацаанд үргэлжлэх өсөлт гарахгүй гэдгийг бид бүгд ойлгосон. Гэхдээ бидний тавиад буй эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн төлөөх нийтлэг зорилтыг нэг улс ганцаараа гүйцээж чадахгүй. АНУ өөрчлөгдөх ёстойгийн адилаар дотоодын хэрэгцээ сул байдлаас болж экспортод тулгуурлаж ирсэн бусад эдийн засгууд ч өөрчлөгдөх ёстой” гэж Обама хэллээ.
Өмнө нь Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Хятад улсыг худалдааны тэнцвэргүй байдлыг засч залруулах ёстой гэж анхааруулсан билээ. БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш бага байснаас гадаад худалдааны ашиг огцом өссөн билээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гэйтнер одоогийн зөрүүг багасгахын тулд улс орнуудыг тодорхой зорилт тавихыг санал болгосон ч Герман, Япон зэрэг улсууд үүнийг бүтэхгүй санаа гэж үзсэн юм. БНХАУ-ын зүгээс энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй ч ерөнхийлөгч Ху Жинтао лхагва гаригт өгсөн ярилцлагад уулсууд “өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх ёстой” гэсэн утгатай үг хэлсэн байна.
Их Британийн ерөнхий сайд ноён Камерон БНХАУ-д 50 гаруй бизнесийн төлөөлөгчийн хамтаар айлчилж байгаа. Тэрбээр тус улсын талаар санал бодлоо хэлэхдээ “Хятадын өсөлтийг бусад орнууд аюул биш боломж гэж хүлээж авах эерэг сэтгэлгээг дэлгэрүүлэхийг хүсч байна. Дэлхий даяар хямралаас гарч, эдийн засгаа сэргээхээр ажиллаж байгаа энэ үед БНХАУ гол үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэхдээ нэмэгдэж буй эдийн засгийн хүчийг дагаад улс төр, эдийн засгийн салбарт томоохон үүрэг хариуцлагыг дагуулна” гэж хэлсэн юм.
Шүүмжлэгчид, тэр тусмаа АНУ-д байгаа эдийн засагчид Хятадыг юанийн ханшийг бууруулахаас нааш импортын тариф тогтоох ёстой гэж үзэж байна.
Гэвч Хятадын гадаад хэргийн дэд сайд Цуй Тянькай Бээжингийн “дотоод хэрэгт” гадаад улсууд оролцож байгаад эсэргүүцсэн утгатай үг хэлсэн юм. Тэрбээр “Сүүлийн санхүүгийн хямрал Хятадын мөнгөн тэмдэгтээс болоогүй” гэв.
“Их-20” гэж юу вэ?
“Group of Twenty” буюу “Их-20” нь дэлхийд эдийн засагт цар хүрээгээр тэргүүлдэг 19 орон болон Европын холбооны нэгдэл юм. Анх 1999 онд байгуулагдсан ба тэр ондоо анхныхаа чуулга уулзалтыг хийсэн юм.
2008 он хүргэл “Их-20”-ийн нөлөө Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ, Канад болон ОХУ-аас бүрдсэн “Их-8”-ын сүүдэрт дарагдаж байв. Гэхдээ 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас хойш энэ байдал өөрчлөгдөж, “Их-20” дэлхийн эдийн засгийн гол форум болсон билээ. БНХАУ, Энэтхэг болон Бразиль зэрэг одоо илт хүчээ авч буй эдийн засаг бүхий орнуудын үүрэг ч энэ группын нөлөөг нэмэгдүүлсэн юм. Одоо “Их-20”-ийн орнууд жилд хоёр удаа чуулга уулзалт зохион байгуулдаг ч 2011 оноос эхлэн нэг удаа уулздаг болох юм.