Баталсан хуулиндаа баглагдсан УИХ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Баталсан хуулиндаа баглагдсан УИХ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-аас өнгөрсөн онд батал­сан уртаас урт нэртэй хууль баа­хан хэл ам дагуулж байна. Гол мөр­­ний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон энэ хуу­лийг өнөөдрийг хүртэл мөрдөж эхлээгүй. Хэдийгээр 2010 оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой  ч уг хууль ардаа бөөн асуудал дагуулаад байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд төр бусдад ихээхэн хэмжээний мөнгө төлөх болчихоод байгаа. Тус хуулийн “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох”  дөрөвдүгээр зүйлд дурд­­­сан “Ашигт малтмалын тухай хуу­лийн 56.1.3-т заасны дагуу тус­гай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд хол­богдох журмыг Засгийн га­зар тог­тооно” гэсэн заалтыг хэрэг­жүүлэхийн тулд Mонгол Улс дор хаяж гурван их наяд төгрөгийг уул уурхайнханд өгөх ёстой аж.  Монгол Улсын бүтэн жилийн тө­сөвтэй тэнцэх хэмжээний мөн­гө шүү дээ. Тоонд муу, толгой “тиймхэн” улстөрчдийн гэнэн ал­даан дээр  хэрхэн “сэргэлэнтэх”-ээ  уул уурхайнхан хэн нэгнээр заал­­гахгүй нь тодорхой л доо. Тий­мээс тэд амандаа орсон тоо­гоо нэхэж Ашигт малтмалын газ­рынхныг сандаргах болсон гэх. Уул уурхайнхны уур ундууцлыг төрүүлэн байж баталсан  уг хуу­ль ийнхүү их мөнгөний өрөнд Зас­гийн газрыг унагаж, эргүүлээд хэл ам хийх ямар ч боломжгүй дөрөлчихөөд байгаа.

    Ашигт малтмалын газраас  хуу­­лийг хэрэгжүүлэх үүднээс тус­гай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд өгөх нөхөн төл­­бөрийн хэмжээний талаар урьд­чилсан тооцоо, судалгааг хий­жээ. Тус газрын судалгаагаар эх­ний ээлжинд 1115 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөр­лийг цуцлах шаардлагатай бай­гаа гэнэ. Гэтэл зөвхөн одоо гом­­­дол гар­гаад байгаа тусгай зөв­­шөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бо­лон хайгуулын бодит зардал л гурван их наяд төг­рөгт дөхөж очно. Энэ бол зөвхөн хуулийн да­гуу лицензээ хураалгаж, ха­риуд нь нөхөн төлбөрөө нэхэх аж ахуй нэгжүүдийн 30 хувь. Бусад бүх аж ахуйн нэгжүүд нөхөн төл­бөрөө нэхэж гэмээнэ 7,1 их наяд төгрөгний өрөнд унах нь гэсэн тоо­цоог Ашигт малтмалын газ­рынхан гаргажээ.

    Хууль тогтоогчид нь нэгэнт батлаад цаасан дээр хараар бич­сэн хуулийн дагуу Монгол Улс хуулиа мөрдөж, аж ахуйн нэг­жүүдэд ирээдүйд олох орлогыг нь төл­нө гэвэл дээрх тоо хэд дахин үржигдэх биз. Өнөөдөр л  гэхэд УИХ-аар  нэгдсэн төсвийн нийт ор­ло­гыг гурван их наяд  56 тэрбум төгрөгөөр тооцон хэлэлцэж суу­на. Тэгэхээр дээрх хуулийг хэрэг­жүүлнэ гэдэг бараг үлгэр болоод байна. Мэдээж  бүтэн хоёр жи­лийнхээ төсвийн мөнгийг хуу ха­маад хуулиа хэрэгжүүлэхгүй л бол энэ хууль ямар ч байсан ойрын ар­ван жилдээ л мөрдөгдөхгүй. Ямар хоосон хүний хоёр чихийг огтлоод ав хэмээн гэлтэй нь биш. Уг  нь  дээрх хууль хэрэгжсэн бол манай улсад нүүрлээд буй цөлжилтийн эсрэг авах томоохон ажил, уул усны “амийг” нь тас­лаад байгаа уул уурхайнханд өгөх хатуухан цохилт болох байв. Даанч манай дарга дэндүү гэнэн болоод тэнэг болохоор ардах ур­даа тооцсонгүй. Устаж, ширгэж, үрэгдэж үгүйрч байгаа гол мөрөн, уул ус, байгаль экологио хайрлан хамгаалах гэж эр­­мэлз­сэн нь сай­шаалтай ч харамсалтай нь, нү­дээ олох нь бүү хэл Засгийн газраа өрөнд уна­гачихав аа, хөөрхий.

    Ж.ЭРХЭС

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж