Х.Эрдэнэт-Од: Би жүдо бөхдөө хайртай

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Х.Эрдэнэт-Од: Би жүдо бөхдөө хайртай

Үнэнийг хэлэхэд Х.Эрдэнэт-Од гавьяат хэвлэлд ярилцлага өгөхийг нэг их чухалд тооцдоггүй. Өөрийгөө магтуулах бүр ч дургүй…Магтах юм бол ч хэлэх үг их байна л даа. Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй шигшээ багийн тамирчин гэдгээс эхлээд тив, дэлхийн наадамд хамгийн залуудаа зодоглож, улсын аваргын 15 алт хүртсэн цорын ганц жүдоч, Ази тивийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн спортын их наадмын аварга гээд одоо түүнд ганцхан олимпийн медаль л дутуу байгаа. Самбо бөхөөр бол бүр ярилт байхгүй. Дэлхийн таван удаагийн аварга хүнд ёстой юу хэлэхэв. Манайхан улсын баяр наадамд гурав түрүүлсэн бөхөө дархан аварга болгон, гавьяат цолоор мялааж, шагшран магтдаг. Тэгвэл Х.Эрдэнэт-Од гавьяат дэлхийн аварга цолоо дөрвөн удаа нотолсон Монголын цорын ганц тамирчин. Гэхдээ энэ амжилтаа тэр бусад шиг дөвийлгөж, магтахыг хүсдэггүй. Товчхондоо бол амжилт гаргах гэдэг өөрийнх нь бурхнаас заяасан үүрэг юм шигээр тэр хөдөлмөрлөж ирсэн байж магад. Хөдөлмөрлөж шүү…Аягүй бол намайг “зэмлэх” байх даа, таараад. “Яагаад эгчийгээ баахан магтчихваа” гэж. Гэхдээ энэ үгэнд нь юу гэж хариулахаа би бэлдчихсэн байгаа. “Монголд тань шиг амжилт гаргасан эмэгтэй тамирчин ганц л байгаа учраас”. Яг ингэж хариулъя гэж бодож байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг маань сонирхоно уу.  
 

-Японд бэлт­гэл хийх сураг дуулд­сан. Хэзээ явах гэж байна?

-Энэ сарын 20-ны үеэр явах болов уу.

-Тийшээ явж ирээд л Азийн аварга дөхчих юм байна. Бэлтгэл гайгүй биз дээ?

-Бэлтгэлээ хийж л бай­на. Энэ өвөл харин Евро­пын орнуудаар нэлээд явлаа. Одоо бол өдөр болгон зааландаа бэлтгэ­лээ хийж байна.

-Өдөр болгон уу, ам­ралтын өдөргүйгээр?
-Бүтэн сайнд амарна.

-Нээрээ, удахгүй сам­­­бын улсын аварга болох гэж байгаа. Та орох уу?

-Орно. Гэхдээ жүдо бө­хийн улсын аварга шал­гаруулах тэмцээнд оролц­сон 20-иос дээш насны тамирчдыг самбо бөхийн улсын аваргад орол­цуу­лахгүй, нэг бол жүдогийн УАШТ-ээс медаль хүрт­сэн тамирчид самбын ул­сын аваргад оролцох бо­ломжгүй гэсэн шийд­вэ­рийг Самбо бөхийн хол­боо гаргасан сурагтай байсан. Би энийг ерөөсөө ойл­­гохгүй байгаа юм. Үнд­сэндээ бол энэ хоёр төрөл чинь Монголд дун­даа нэг тамирчинтай л явж ирсэн спорт. Жишээ нь, Х.Цагаанбаатар, Д.Ням­­­­­­хүү хоёр жүдо бө­хийн Азийн наадмын авар­га, хоёулаа самбо бөхийн дэлхийн аварга хүмүүс. Гэтэл энэ хүмүүс яагаад улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шударгаар өр­сөлдөж болохгүй гэж.

-Та хэдэн онд гавь­яат боллоо, ямар ч бай­сан самбын дэлхийн авар­гын амжилт энэ шаг­налыг авахад нө­лөө­лсөн байх?

-Тэгэлгүй яахав. Би 1998 онд гавьяат болсон юм байна. Өмнөх жил нь самбо бөхийн дэлхийн аварга болсон. Анх тү­рүүл­дэг жил л дээ. Боксын Т.Үйтүмэн ах бас тэр үед дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Ер нь одоо бодоод байхад 90-ээд оны дунд үед манай спорт их хүнд байдалд орсон юм шиг санагддаг. Юун өндөр амжилт үзүү­лэх байтугай сайн тамир­чид маань спортоо орхиж бай­­сан. С.Дашдулам, Д.Цэ­­рэн­ханд, Энхцэцэг бид хэд зааландаа дөрвүүлэхнээ л бэлтгэлээ хийдэг байлаа. Эмэгтэй­чүүдээс шүү дээ.

-Манайд эмэгтэй­чүү­дийн шигшээ баг яг хэ­дийд байгуулагдсан юм бэ. Анхны эмэгтэй жү­до­чид гэхээр бүр 1970-аад оны үеийг тооцох уу?

-Уг нь бол анх Б.Буя­даа багш 1975 онд гэдэг байх аа, эмэгтэй жүдоч­дын дугуйлан гэж хичээл­лүүлж байсан юм билээ. Гэхдээ тухайн үед төр засгаас эмэгтэй хүнийг ийм хүнд спортын төр­лөөр хичээллүүлэх буруу гэж үзээд энэ дугуйланг хаасан гэх үү дээ. Харин дараа нь 1988 онд гавьяат дасгалжуулагч Ч.Машбат эмэгтэй жүдочдыг дэм­жиж, анхны шигшээ ба­гийн суурийг тавьсан. Яг шигшээ баг байгуу­лагд­сан нь бол 1990 онд шиг санагдаж байна.

-Тэгээд та хоёр жи­лийн дараа анхныхаа олимпод оролцсон уу. Тэгэхэд хэдэн настай байсан бэ?

-Барселоны олимп уу? Тийм, анхны олимп. За байз, 17-той л байсан юм уу даа. Өмнөх жил нь /1991 онд/ Японд болсон Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд С.Даш­дулам, Л.Бадамсүрэн гээд манай долоон эмэгтэй очиж оролцоод, С.Даш­дулам, Л.Бадамсүрэн бид гурав хүрэл медаль хүр­тэж, Барселоны олим­пийн эрх авч байсан юм. Тэр үед ч ёстой бор зүр­хээрээ явсан даа.

-Улсын аваргад 15 жил тасралтгүй түрүүл­сэн. 18 настайгаасаа эхлээд энэ амжилтаа алдахгүй байна гэдэг их хөдөлмөр?

-Яахав дээ. Улсынхаа тэмцээнд түрүүлж байж л цаашаа сайн барилдана шүү дээ. Тийм болохоор улсын аварга анхнаасаа л миний хувьд маш сайн бэлтгэдэг тэмцээн байсан. Би өөрөө тэдэн жил да­раа­лаад түрүүлчихлээ гэж ерөөсөө бодож бай­гаагүй юм байна лээ. Со­нинд бичсэнийг, багш на­рынхаа хэлснийг сонсоод нээрээ тийм юм байна шүү гэж тооцоолж үзсэн юм байна.

-1996 оны Атланта­гийн олимпийг өнжсөн нь юунаас шалтгаалсан юм бэ?

-Олимпийн өмнө бол­сон Азийн аварга шалга­руулах тэмцээнд орол­цо­хоор очтол манай тамирч­дын мэдүүлэг очоогүй гэсэн шалтгаанаар тэм­цээнд оролцуулаагүй. Монголын талаас нэг хүн хариуцлага алдсан гэсэн үг л дээ.

-Оролцсон бол олим­пийн эрх авах боломж байсан уу?

-Юмыг яаж мэдэхэв дээ. Боломж байсан ч юм билүү. Өмнө нь нэг олимп үзчихсэн, бас харьцангуй туршлага суучихсан үе байсан шүү дээ.

-Бээжингийн олим­пийн эрх авчихвал та дөрөв дэх олимпийн наадамдаа оролцоно. Ингэхэд олимпийн эрх авах боломж хэр байна?

-Жүдогийн хувьд олим­­пийн өмнөх хоёр жилд болсон Азийн авар­га шалгаруулах тэмцээн, Азийн наадмын нийлбэр дүнг нэгтгэж үзээд, эхний гуравт жагссан тамир­чинд олимпийн эрх олго­дог. Эмэгтэйчүүдэд эхний гурав, эрэгтэйчүүдээс эхний тавд шалгарвал олимпийн эрхтэй болно гэсэн үг. Дэлхийн авар­гаас бол жин тус бүрийн эхний таван тамирчинд эрх өгнө. Хүнд байгаа биз дээ. Ялангуяа жүдо бө­хийн хувьд Ази талдаа илүү хөгжчихсөн боло­хоор жиндээ эхний гуравт багтана гэдэг амар биш. Азид одоо муу орон гэж байхгүй байна. Миний хувьд сая Дохад тааруу барилдчихлаа. Мэдээж боломж байгаа. Одоо удахгүй Азийн аваргад оролцоно. Дараа жилийн Азийн аварга бай­на. Бо­лох байлгүй дээ.

-Ямар нэгэн үлгэр жишээ авах авах хүн байхгүй, эмэгтэйчүүд хи­чээллэхэд хүнд спорт гэж хүмүүс үз­сээр байхад ер нь та яагаад тийм жаах­наа­раа заавал жүдо бөхийг сонгосон юм бэ?

-Би жүдо бөхдөө хайр­тай. Тийм болохоор ха­рин ямар азаар би энэ спортоор хичээллэв ээ гэж бодогддог. Тухайн үед эмэгтэй хүн бөх барилдах хүмүүст сонин санагддаг байсан байж магадгүй л юм. Үнэндээ бол жүдо эмэг­тэй хүнд харин ч то­хир­сон, цэмцгэр спорт гэж би хэлнэ шүү. Жүдод ну­­руу­гаа­­ байтугай тол­гой­гоо тон­гойл­гоход торго­дог. Тийм болохоор нуруу тэгш бай­на. Биеэ цэмцгэр авч явж сурч байна. Га­даа­дад бол жүдогоор хичээллэж бай­гаа хүүх­нүүд нь их сайхан эмэгтэй­чүүд байдаг. Эр­чүүд нь ч бас өв тэгш, сайхан за­луу­чууд байдаг. Гэдэс нь унжчихсан, бол­хи, бүдүү­лэг жүдоч би л лав олж хараагүй. Энэ үүднээсээ жү­до бол бе бялдрын өв тэгш хүмүү­жил олгодог спорт. Нөгөө талаас хүмүүж­лийн асар их ач холбогдолтой. Энэ спор­тоор хичээл­лэ­сэн хүн ядаж л ахмад хүнийг хүн­дэлж сурдаг, хүнтэй зөв харьцаж чад­даг. Өө­рий­гөө ялж сурдаг, тийм сай­хан спорт. Энэ бүхэн жүдо бөхийн дэг жаягтай хол­боотой. Угаа­саа жүдо бө­хийг үндэс­лэхдээ бүх спор­тын хам­гийн шилдэг гэсэн техник, арга барил, ёс сурта­хуу­ны хүмүүжил олгох бай­дал зэргийг нь нэгтгэж гар­гасан төрөл гэдэг. Тийм болохоор хи­чээл­лэж байгаа хүндээ ачаа­лал багатай, техник нь өөрөө бэртлээс сэр­гийл­­сэн, хүнийг биш өөрий­гөө ялах фило­софитой спорт. Хүчтэй хүний хүчийг нь дагуулж ялах гэж ярьдаг юм даа, жүдод ялахын тулд хүч хэрэгтэй ч зөв техник, эв дүй хамгийн чухал. Эн­гий­нээр хэлэ­хэд….Юу гэ­дэг юм дээ, барилдаан бол бүжиг шиг эв шаард­даг. Тэгээд тэр юм уу, манай жүдочид бүжгэнд их сайн шүү /инээв/. Ер нь би өсвөр үеийн хүүхдүүд аль болох олноороо жү­до бөхөөр хичээл­лээсэй гэж хүсдэг.

-Тийм болохоор л та жүдогоор хичээллэсэн юм биз дээ?

-Анх хичээллэхдээ бол тэр нарийн ширийн зүй­лийг мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан таалаг­даад л энэ замыг сонго­сон. Ер нь тэгээд спортоор хи­чээллэсэн хүн бүр олимп, дэлхийн аварга болно гэж байхгүй шүү дээ. Гол нь тухайн спор­тоосоо өөрт хэрэг болох чанарыг авч үлдэж чадвал бас нэг төрлийн ялалт гэж боддог.

-Одоо та “Женко” клубт харьяалагдаж байгаа билүү?

-Тийм. Өмнө нь намайг нэлээд хэдэн жил “Говь” компани ивээн тэтгэдэг байсан. Бараг долоон жил тэр хамт олон Х.Эр­дэ­­нэт-Од гэдэг хү­нийг тэмцээнд оролцох, ам­жилт гаргах нөхцөл бо­лолцоог хангаж өгсөн юм байна. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга л энэ хамт олонтой холбож өгч бай­лаа. Ц.Сэдваан­чиг, Ж.Ён­дон­жамц захи­рал хоёу­лаа надад их тус болж байсан. Гэхдээ мэдээж хэрэг үргэлж на­майг гээд яваад байж бо­лох­гүй байх л даа. Дараа нь нэг хэсэг ивээн тэтгэгч­гүй жаахан хэцүүдэх тий­шээ хандсан шүү. Ер нь барилдах аа больдог ч юм билүү гэж хүртэл нэг хэсэг бодсон.

-Үнэн гэж үү. Дахиад нэг олимп хүлээж бай­хад?

-Үнэн. Тулга ахтай /УИХ-ын гишүүн, “Женко” клубын үүсгэн байгуулагч/ уулзахаасаа өмнө нээ­рэн тэгж бодогдсон. Харин энэ тухайгаа Тулга ахад хэл­сэн чинь “Ямар ч байсан Бээжингийн олимп хүртэл бүх талаар тусалж дэм­жинэ. Боломж байхад чинь одоо барилдахгүй байна гэж юу гэсэн үг вэ, тэгж болохгүй“ гээд өө­рийн­хөө дэвжээний та­мир­чин болгосон. Нэг ёсондоо намайг спортоос маань холдуулаагүй. Тул­га ахад би их баярлаж явдаг. Одоо манай жүдо­гийнхон Спортын төв орд­ны “Б” зааланд тохь тух­тай, багтаамж сайтай ор­чинд бэлтгэлээ хийж бай­на. Тамирчдын сэтгэл са­наа, бэлтгэлийн үр дүнд энэ бүхэн сайнаар нөлөө­лж байна уу гэвэл манай­хан дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Энэ бүхэнд Тулга ах л тусалсан.

-”Женко” клубээс та сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Цалин авна. Хэдийг гэдгийг нь хэлээд яахав дээ /инээв/.

-Тэгвэл улсын шиг­шээ багийн тамирчны хувьд сард хэдэн төг­рөгийн цалинтай бай­на?

-100 мянга гаруй. Гавьяатын нэмэгдэл ороод.

-Таны хамгийн хүч­тэй өрсөлдөгч одоо хэн байна. Насны хувьд ч юм уу, амжилтын хувьд өрсөлдөгч нарын хувьд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу?

-Нөгөө “заналт дай­сан” чинь байна шүү дээ. Испанийн Фернандес. Мөн ч олон ялагдсан даа.

-Гэхдээ та сая “Дэл­хийн цом”-оор /Францад болсон/ ялсан шүү дээ.

-Тэгсэн л дээ. Гэхдээ л миний мөнхийн өрсөл­дөгч. Одоо 35 хүрч байгаа гэхэд ерөөсөө муудаагүй байна лээ. Яаж ч муу­дахав дээ, тасралтгүй бэлтгэл хийж байгаа юм чинь.

-Шигшээ багийн одоо­гийн бүрэлдэхүүн хэр сайн баг вэ. Дохад бол сайхан оролцсон. Энэ эрчээрээ жигд ам­жилт үзүүлж чадах уу?

-Маш сайн баг. Ер нь бол үе үеийн хамгийн мундаг баг гэж бодож байна. Ялангуяа эрэгтэй талдаа. 3-4 шилдэг та­мир­­чин нэг дор, жигд ам­жилт үзүүлж байна гэдэг чадварлаг багийн л шинж байх.

-Гол нь олимпиос л медаль авч чадах бо­лов уу, Мэдээж та Х.Цагаан­баатарт найдаж байгаа байх. Өөр­төө хэр итгэж бай­на?

-Ирэх олимп миний хувьд сүүлийнх байх бо­лов уу. Тийм болохоор илүү ха­риуц­лагатай үе шиг са­наг­даж байна. Ца­гаа­наа­­ бол чадна аа. Чадах байх гэсэн нь ч дээр юм уу, хэл ам хүрчих байх. Манай Цагаанаа цаанаасаа өөр хүн шүү дээ. Хэл ам хүрчихгүй л бол хол явна. Д.Нямхүү бай­на. Д.Нямхүүг алт аваад ирэхэд би л лав гайхахгүй. Тийм чадалтай та­мирчин. Н.Түвшин­бая­рыг хар л даа. Сая анх удаа “Дэлхийн цом”-ын цувралд оролцоод хоёр медальтай ирлээ. Тэр тусмаа Герман, Францад болсон хоёр цувралаас нэг жилд дараалан хоёр медаль авсан тамирчин манайд өмнө нь байхгүй л байсан. Даанч нэг гэм нь манайхан хэдэн та­мирч­даа сонин, хэвлэ­лээр элдэв янзаар дэндүү их бичих юм. Хэрэггүй биз дээ. Нэг нь тэнд тэмцээнд оролцоод явж явж ирэхэд, хувь, хувьсгалын амьд­ралыг нь шал худлаа би­чээд хаячих юм.

-Саяын хариултын эхэнд хэлсэн “Миний сүүлийн олимп байна” гэдэг чинь нэг л эвгүй сонсогдоод…Та олим­пийн дараагаас барил­дахгүй гэсэн үг үү?

-Одоо ганц жил сайхан барилдчихаад больё доо. Арван хэдтэйгээсээ ава­хуу­лаад өдий хүртлээ би зөвхөн спортын төлөө өөрийгөө зориулж бай­сан. Тамирчин байх сай­хан шүү дээ. Гэхдээ одоо миний спортоор хичээл­лэх цаг хугацаа ерөнхий­дөө болсон байх. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Ар гэр, амьдралдаа илүү ан­хаа­рал тавих хэрэгтэй нь мэдээж. Тийм болохоор олимпийн дараа зодог тайлна. Гэхдээ дараагийн олимпод дасгалжуулагч болчихсон явж байхыг хэн байг гэхэв.

-Дасгалжуулагч бо­лохоор шийдсэн юм уу. Би таныг сурах гэж бай­­гаа гэж сонссон юм бай­на, үнэн үү?

-Сурах уу… Сурах бодол байгаа.

-Ямар чиглэлээр?

-Би ингэж бо­доод…Хэлний чиглэлээр сайн суралцаж, спортын­хоо чиглэлээр ажиллах бодолтой байгаа. Хараад байхад эрэгтэйчүүд энэ чиглэлээр илүү ажил­ла­даг. Нэгэнт спортоор хи­чээл­лэдэг олон арван эмэг­тэйчүүд байгаа юм чинь тэдэнд хэрэгтэй, да­раа­гийн тамирчдад тус­тай зүйл хийх хэрэгтэй байх. Бас нэг дэвжээ бай­гуулах бодолтой байгаа. Хэдэн шавьтай болсон. Тэд нарыгаа санаа зовох зүйлгүй бэлтгэлийг нь хийлгээд, тэмцээнд бэлт­гэдэг болчихмоор байна. Ер нь бодсон зүйл байгаа.

-Бас ээж болох тө­лөв­лөгөөгөө мартаж бо­лохгүй байх?

-Харин тийм шүү. Гэх­дээ мэдээж олимпийн да­раа гэсэн төлөв­лө­гөөтэй бай­гаа /инээв/. Өмнө маань одоо Бээжингийн олимп гэсэн том зорилго хүлээж байгаа болохоор үүнийгээ биелүүлчихээд л ээж болно доо.

-Нөхрийгөө танилцуулж болох уу?

-Танилцуулах ч юм байхав дээ. Бид хоёр та­нил­­цаад найман жил болж байна. Намайг маш сайн дэмждэг. Гол нь чин сэт­гэлээсээ ойлгодог, сайн хүн бий. Ханьдаа үнэхээр их баярлаж явдаг.

-Та хоёр одоо хамт амьдардаг биз дээ. Нэг сонин дээр тусдаа бай­даг гэж бичсэн байсан. Бичсэн ч юу байхав. Та тэгж ярьсан байсан?

-Харин миний ярьс­наас өөрөөр л биччихсэн байна лээ. Манай хүн тэрийг уншаад жаахан гомдсон байж магадгүй. Бид хоёр хамт л байгаа шүү дээ.

-Би таныг спортын хүнтэй гэр бүл болох байх гэж боддог бай­сан?

-/инээв/. Би тэрийг мэ­дэхгүй шүү дээ. Хүн хувь тави­лангаа л дагадаг байх. Миний хань ямар байх ёс­той тэр хүн­тэйгээ л таар­на.

-Их даруухан ах байна лээ, би харсан.

-Тийм үү. За, за тэгвэл чи мэдэж л байгаа юм байна ш дээ /инээв/.

-Анхны хүүхэд эрэг­тэй байсан нь дээр үү, эмэгтэй байвал зү­гээр үү, Таны бодлоор?

-Аль ч нь ч байсан яахав дээ. Хүүхэд гэдэг чинь угаасаа л хөөрхөн шүү дээ. Хүйсэнд ач хол­бог­дол өгдөггүй. Харин эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай заавал спортоор хи­чээл­лүүлнэ гэж боддог.

-Заавал тамирчин болгоно гэж үү?

-Тамирчин болохгүй ч байсан спортоор хичээл­лүүлнэ. Яагаад гэвэл спорт хүнийг дээд зэргээр төлөвшүүлдэг. Энэ сай­хан чанарыг мэдрүүлэх хэрэгтэй байх.

Б.Бадамгарав. /2007.09.27/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж