Цаг завгүй амьдрал дунд хойч үедээ сургамж болохоор ном бичсэн нь
тэдний нөр хөдөлмөрийн үр шим. Амьдралын нөхцөл байдлаас улбаалан хүмүүсийн хувь заяа янз бүр байдаг жамтай. Тэр дундаас,хүнд бэрхшээлийг гэтлэн туулж ирсэн хүний амьдрал тэр чигээрээ санамж ухаарал байдаг. Тийм болохоор энэ номын гол баатар Цэцэгийн амьдрал хал үзэж,хашир сууж,хатуужин ухаажсан хүний дүр зураг юм.
АНУ дахь Монгол Телевизээр "Гологдсон охины хувь заяа" номын зохиогч
Ц.Мөнхцэцэгийн яриа нэвтэрсний дараа олон үзэгч, уншигчаас захидал ирж, номын талаар сэтгэлийн үг хайрлажээ. АНУ-ын бусад мужаас, Канадаас, Улаанбаатараас, Германаас гээд интернетийн агуу орон зайд газар холддоггүй ажээ. Үзэгч,уншигчдын ихэнх нь "Гологдсон охины хувь заяа" номыг яаж олж уншихыг асуугаад,зохиогчид ийнхүү хандсан байна. Уншигчдын сэтгэгдлээс заримыг дор сийрүүлье.
…Гэр бүлийнхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн, үлгэр жишээч, бас хөдөлмөрч энэ хүний амьдралын туужийг уншихад үнэхээр сонирхолтой байлаа. Баганаа /GMU/
…Гологдсон охины хувь заяа ном сэтгэл хөдөлгөсөн сайхан зохиол болсон
байна. Миний хувьд уншиж байхдаа их уйлсан. Өөрийгөө таны оронд тавьж үзээд яаж шантрах бол гэж бодсон чинь аймаар санагдсан. Та үнэхээр эрч
хүчтэй,хатуужил сайтай эмэгтэй гэдэг нь энэ номноос харагдлаа. Бидэнд сургамж болох түүхийг хуваалцсанд баярлалаа. Энхмаа /Чикаго/
…Миний хувьд цөөнгүй зүйлийг өөртөө тусгаж тунгааж авахад хүргэсэн их
аятайхан ном санагдсан. Хүний бага залуу насны тэмцэл зүтгэл амьдралд
хичээнгүй хандах хандлагаар эцэстээ амжилтанд хүрч болохыг бодит баримттай байдлаар утга зохиолын хэлбэр хавсаргаж өгүүлсэн нь номын уншигчдад ойлгомжтой байна. Өнөөгийн залуус бид бужигнаантай цаг үед амьдарч байгаа. Олон янзын урсгал дунд залуу хүн хөлөө олох,амьдралыг явцуу бус өнцгөөс харж ойлгоход энэ номын санаа багагүй тус болно гэж үзэж байна. Оргил
…Гологдсон охины хувь заяа ном хойч үеийн залуучуудад том сургамж
болжээ. Хүн хатуу цаг үеийг өөрийн биеэр туулаагүй тохиолдолд хэзээ ч бусдын зовлонг ойлгодоггүй гэж ярьдаг. Гэвч юм ойлгохын тулд дандаа зовлон үзэж мэдэрнэ гэвэл бас худлаа. Түүнийг урьдчилан бодож үзвэл сэргийлэх зам байдаг. Энэ ном яг л тийм сургамж болдог, хүний сэтгэлд хоногшин үлддэг, зовох цагт урам, сэтгэлийн тэнхээ хайрладаг, жаргалтай явах цагт бас нэгийг бодогдуулдаг бүтээлүүдийн нэг болжээ.
Номио /NoVa/
…Таны номыг өсвөр насны залуучуудад уншуулах юмсан гэж өөрийн эрхгүй
бодсон шүү. Зовсоны эцэст жаргал гэдэг. Таныг одоо жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэбат
…Номын зохиогчид баяр хүргэе. Мэргэжлийн зохиолч биш байж ном бичсэн байна гэдэг зүгээр суудаггүй хүмүүсийн нэг. Таны номыг хаанаас олж унших вэ?
/Үзэгч/
Тиймээ,хүн шиг явж,хүн шиг сайхан амьдарч,амьдралынхаа үүх түүхийг цогцлоон, дурсамж бичиж хойч үедээ үлдээж байгууштай. Дурсамж гэдэг бол нэгэн санамж,оюуны өмч юм болохоор ач холбогдол нь үзэгч, уншигчдын үнэлсэн шиг асар өндөр юмаа.
"Гологдсон охины хувь заяа" ном Америкийн монголчуудад эрэлт ихтэй болж
эхэлж байгаа энэ үед номын зохиогч Ц.Мөнхцэцэгтэй уулзахад өөрт нь хандаж байгаа бүх үзэгч,уншигчиддаа талархаж байгаагаа илэрхийлээд, "энэхүү номоо Монголынхоо ард түмний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуучууддаа болон өсвөр үеийнхэндээ зориулж туурвисан.Залуучууддаа хандаж хэлэхэд,Өөрийгөө хэзээ ч бүү гол. Өөрөөсөө өндөр зорилт тавь.Түүнийхээ төлөө чадах бүхнээ хийж асар их тэвчээр хатуужлаар тэмцэж, зорьсондоо хүрээрэй" гэж сэтгэл догдлон ярьсан юм.
Уншигч Та "Гологдсон охины хувь заяа" номыг дараах хаяг, утсаар зохиогчтой шууд холбогдон авах боломжтой.
moogy999@hotmail.com 703-628-2912
С.Зара