Агаарын довтолгоог эсэргүүцэх боломж Монгол Улсад алга

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

Агаарын довтолгоог эсэргүүцэх боломж Монгол Улсад алга

Улаанбаатараас 100 гаруй км-ийн зайтай хээр хөдөөд тэнгэрээс ямар нэгэн том зүйл унажээ. Энэ нь солир, болид гэх мэт сансрын гаралтай биет биш хүний гараар бүтсэн зүйл болохыг Бүрэн сумын Засаг даргыг эс тооцвол бүгд ойлгож байна. Хиймэл дагуул, пуужингийн сэг буюу сансрын хог хаягдал газар дээр унах иймэрхүү үзэгдэл дэлхийн энд тэнд цөөнгүй болдог учраас нэг их сонирхохоор ч зүйл биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэдэнтэй хэлээд амжив.

Харин нэг асуулт л хачирхалтай хэвээр үлдлээ. Хэрэв энэ биет “Нарантуул” захын хашаанд, эсвэл IV дүгээр цахилгаан станц дээр, орон сууц дээр, үгүй дээ малчны гэр дээр унасан бол яах вэ..?

Хэрэвзээ цацраг нь идэвхтэй, өөрөөр хэлбэл тэсэрч дэлбэрдэг байсан бол юу болох байсан бол оо?

Мэдээж эдгээр асуултад хариулна гэдэг нь Монгол Улсын агаарын буюу сансрын орон зайн аюулгүй байдлын асуудлыг хөндөнө гэсэн үг.

Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар иймэрхүү сансрын биетийг урьдчилан илрүүлж, шаардлагатай тохиолдолд агаарт устгах техникийн боломж Монгол Улсад алга. Гэтэл ийм хэлбэрээр улс орны үндэсний аюулгүй байдалд аюул занал учрах бүрэн боломжтой болохыг олон улсын түвшинд ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын “Иридиум 33” ОХУ-ын “Космос 2251” хиймэл дагуулууд мөргөлдөн сүйрсний дараа АНУ-ын Конгрессийн дэд хороо Батлан хамгаалах яам, Сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн мэргэжилтнүүдийг оролцуулсан комисс томилж дүгнэлт гаргасан байдаг. Тус комиссын илтгэлд иймэрхүү осол болон өөрийгөө золиослогч тээвэрлэгч пуужин зэргээс үүсэлтэй сансрын уудам дахь хог хаягдлын хэмжээ сансарт хөдөлгөөн үйлдэхэд төдийгүй дэлхийд аюул учруулж болохуйц хэмжээнд хүрч байна гэжээ. Түүнчлэн эдгээр нь дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд ч нөлөөлж байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзсэн байдаг. Тус комиссын тооцоолсноор өнөөдөр дэлхийн тойрог замд 300 мянга гаруй сансрын хог хаягдал/1см-ээс дээш хэмээтэй/ байгаагаас том хэмжээний биет 19 мянга орчим байгаа ажээ. Энэ тоо 1980 онд гурван мянга хүрэхгүй байсан бол сүүлийн жилүүдэд ийнхүү эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр биетүүд сансрын уудам дахь улам бүр нягтарч буй хөдөлгөөнд аюул учруулах боломж 200-д нэг буюу 0.5 хувийн магадлалтай болсон, дараагийн 10 жилд улам бүр нэмэгдэнэ гэх нарийн тооцоог ч гаргаад амжсан байх юм.

Эдгээр биетийг анхнаасаа далайд унагахаар програмчилдаг ч тэр болгон программандаа захирагддаггүй аж. Ийнхүү программаасаа гажсан нь эх дэлхийн хаа нэгтээ унадаг, сүүлийн тохиолдолд Төв аймгийн Бүрэн суманд унажээ. Сансрын биетийн дэлхий дээр унах тохиолдол 2000 оноос хойш нэмэгдсэн аж. Гэхдээ 70 тонн хүртэлх жинтэй хаягдал хуурай газар дээр унаж байсан, АНУ-ын Оклахомад хүний дээрээс жижиг биет унасан, Монголын Төв аймагт айлын өвөлжөөнөөс гурван километрийн зайд унасан зэргээс үзэхэд аюул зөвхөн сансрын уудамд биш бидний толгой дээр ч байж болох нь ээ.

Зөвхөн хязгааргүй орон зайд хяналтгүй тэнүүчилж байгаа хог хаягдлын тухайд энэ мэт олон зүйл яригдаж байхад жинхэнэ сансрын биет, солирын тухайд улам ч их анхаарал татах нь дамжиггүй. “Армагедон” кинон дээр гардаг шиг үйл явдал болдоггүй юмаа гэхэд цацраг идэвх агуулсан өчүүхэн жижиг сансрын биет унаад ирвэл улс үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж чадна. Товчоор хэлэхэд сансраас унаж ирэх аливаа биет нь тоглоом биш бөгөөд “их тэнгэрийн дүлий” гэдэг шиг хадганд ороон хоймортоо залах шүтээн бүр ч биш байх нь.

Иймээс ч улс орноо зөвхөн агаар төдийгүй агаар-сансраас хамгаалах тогтолцоог хөгжингүй улс орнууд бий болгоод байгаа. Энэ нь мэдээж хэрэг сансарт хог их байгаа, тэр нь дэлхий рүү унаж ирнэ гэдэгтээ биш орчин үеийн дайн сансраас удирдагддаг, тэр бүү хэл сансраас газарт цохилт өгөх техникийн боломж бий болсонтой холбоотой юм. Ядмагаар хэлбэл гаднын пуужингаас хамгаалахын тулд шүү дээ.

Олон улсын энэхүү хандлага болон Төв аймгийн Бүрэн сумын нутагт болсон тохиолдолтой холбоотойгоор Монгол Улсын төр засаг, зэвсэгт хүчин хэд хэдэн чиглэлээр асуултад хариулт өгч, энэ чиглэлээрх бодлогоо тодотгох шаардлагатай байж болох юм. Үүнд хамгийн түрүүнд аливаа улсын үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд агаар-сансрын орон зайн аюулгүй байдал шийдвэрлэх үүрэгтэй болсон энэ үед Монгол Улсын агаар, сансрын орон зайн хамгаалалт хэр найдвартай байна вэ? Ялангуяа нийслэл Улаанбаатар хот, стратегийн обьектуудаа агаараас халхалж чадах уу гэх асуулт хамгаас түрүүнд урган гарна. Дээр нь газар нутаг, хүн ардаа агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх чиглэлээр төр засаг алсын хараатай бодлого баримталж, шаардагдах хөрөнгө мөнгийг гаргаж байна уу гэсэн бас нэг асуулт. Эцэст нь сансрын уудамд хүнээ нисгэсэн 10 дахь орон болох Монгол улс өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд юу болж байгаа тухай бодитой мэдээлэл байна уу, цаашид сансрын уудам дахь аюулгүй байдлын стратегийн асуудлаа хэрхэн хангах бодлого байна уу.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж