
АНУ-ын эрдэнэ шишийн ургацын хэмжээ сүүлийн гурван сар дараалан багассан гэсэн тооцоо Хөдөө Аж Ахуйн Яамнаас гаргасан нь БНХАУ руу экспортолдог шар буурцгийн хэмжээ огцом буурч, хөвөнгийн нөөц 1925 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрнэ гэсэн урьдчилсан таамгийг бий болгож байна.
2008 оны наймдугаар сараас хойш Чикагогийн эрдэнэ шишийн үнэ нэг бушель буюу 36.3 литр нь зургаан ам.доллараас давсан үнэ хүрсэн. Шар буурцгийн үнэ 4.3 хувиар өссөн бөгөөд Нью Иоркийн хөвөнгийн үнэ нэг фунт буюу 45.6 грамм нь 1.51 ам.доллар болж огцом өссөн байна.
Иймэрхүү байдалтай үнийн өсөлт нь 2007-2008 онд болсон дэлхийн хүнсний хямралыг давтахвий гэсэн айдсыг төрүүлж байна.
Наймдугаар сард Орос улсад их хэмжээний ган гачиг нүүрлэснээс үр тарианы экспортыг хориглосноор Европд улаан буудайн үнэ тэнгэрт хадсан байна.
“Энэ байдлаар бид 2011 онтой золговол хүнсний хомсдолтой дахин нүүр тулах буюу бусад өдөр тутмын хүнсний хэрэглээний түүхийн эдийн үнэд шууд нөлөөлөх болно” гэж НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэргэжилтэн хэлсэн байна.
Газар тариаланчдад дээрх байдал ашигтай ч үйлдвэрлэгч, хэрэглэгчид хохирох болно. Шар айраг үйлдвэрлэгч Карлсбэрг арвай, амуу будаа зэрэг гол түүхий эдийнх нь үнэ өсөх гэж байгаад маш их санаа зовж байна.
Дэлхийн хамгийн том тариалгч мөн экспортлогч АНУ-ын хувьд нэг акр газраас хураан авдаг ургацын хэмжээ 1.5 бушелиэр багасна гэдэг маш том алдагдал юм. АНУ-ын үйлдвэрлэлийн алдагдал үүгээр ч зогссонгүй мөн этилийн спиртийн үйлдвэрлэлийн хомсдолд ороод байна.
БНХАУ-д хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляци жилийн дунджаас найман хувиар өссөн бол АНУ-д ч мөн инфляци үүсэж, өнгөрсөн 12 сарын турш хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа гэж АНУ-ын ХХААЯ-аас мэдэгджээ.
Б.Энхцэцэг