Хятадын нүүрсний уурхайд осол гарч 150 хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний уурхайд осол гарч 150 хүн сураггүй болжээ

Хятадын Шаньси мужийн хойд нутагт ажиллаж байгаа нүүрсний уурхайд гарсан осолд 200 гаруй уурхайчин өртсөнөөс 150 хүнийг одоо болтол аврахыг оролдсоор байгаа гэнэ. Уурхайн олборлолт явуулж байсан хэсэгт их хэмжээний ус орж ирэх үед уурхайн гүнд 261 хүн байжээ. Тэдний 108-ийг нь аварч чадсан ч үлдсэн хүмүүсийг одоо болтол гаргаж авч амжаагүй байгаа мэдээтэй байна.
Энэ талаар Би би си агентлаг мэдээлэхдээ Хятад улс дэлхий дээрхи уурхайн осол хамгийн их гардаг улс юм гэжээ. Жил бүр олон мянган хүн Хятадын уурхайд осолдож байдаг гэнэ. Энэ нь Хятадын нүүрсний уурхайнуудад аюулгүй ажиллагааны дүрэм баримталдаггүй, агааржуулах систем муу дээр нь галын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй гэсэн үндсэн шалтгаануудтай холбоотой байдаг гэнэ.
Ерөнхийлөгч Ху Зинь Тао орон нутгийн удирдлагуудад хандан осолл өртсөн хүмүүсийг аврахад анхаарал тавихыг тушаасан байна. Шаньсийн нүүрсний уурхайн талбай нь 180 км ам дөрвөлжин газар нутгийг хамарч байгаа бөгөөд алга болсон уурхайчдыг олоход нэлээд хугацаа зарцуулагдах бололтой байгаа юм. Сураггүй болсон уурхайчдын олонхи нь Шаньси мужийн бусад нутаг болон Хэбэй, Хуньан зэрэг мужаас ирсэн цагаач хүмүүс байгаа гэж амь аврагдсан уурхайчид хэлж байгаа аж.
Иймэрхүү осол энэ сарын эхээр Өвөрмонголд гарч байсан бөгөөд мөн л нүүрсний уурхайд болсон нуралтын үеэр 31 уурхайчин сураггүй алга болж байжээ.Албан эх сурвалжаас үзэхэд зөвхөн 2009 онд Хятадын нүүрсний уурхайд ажиллаж байсан 2631 уурхайчин 1600 гаруй уурхайн ослын улмаас амь үрэгдсэн гэсэн мэдээ байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь 2008 оныхыг бодвол 18 хувиар буурсан гэсэн  дүгнэлтэд хүргэж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж