“Оюуны чадамж хөгжлийн түлхүүр” форум үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“Оюуны чадамж хөгжлийн түлхүүр” форум үргэлжилж байна

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Оюуны чадамж хөгжлийн түлхүүр”  үндэсний технологийн форум өнөөдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хүмүүс оролцсон юм. Шинжлэх ухаан бизнесийн байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл дэвшилтэд технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилготой энэхүү форум энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Дээрх форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам оролцож байгаа юм байна. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль,  Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтүүлэх төв хамран зохион байгуулагчаар оролцож байна. Форумын үеэр  шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг дэлгэн тавьжээ. Энэхүү үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүд,Шинжлэх ухаан техниологийн үйлвэрийн корпорациуд, ШУТИС,БСШУЯ,ХХААХҮЯ, ЭМЯ-ны харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлээ дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүнчлэн бизнесийн болон хувийн  хэвшлийн олон байгууллага оролцсон юм.  Дашрамд сонирхуулахад, ХХААХҮЯ-ийн салбарт хэрэгжиж байгаа дэвшилтэд тэргүүний технологиудыг шалгаруулж, уг технологийг үйлдвэрт нэвтрүүлэх зорилгоор  хувийн хэвшлийнхэнтэй  хамтан ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм байна. Мөн форумын үеэр ШУА төр захиргааны болон бизнесийн  олон байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж байв.

Энэ үеэр Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ариун цэвэр, эрүүл ахуйн лабораторийн эрхлэгч  доктор С.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа

-Танайх энэ форумд ямар бүтээлээрээ оролцож байгаа вэ?

-Мах махан бүтээгдэхүүний магадлан шинжилгээний цомог, сүү сүүн бүтээгдэхүүний магадлан шинжилгээний цомог, махны үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн нөхцлийн загвар, техник эдийн засгийн  барим бичгийг гарган оролцож байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын  анхан шатны  найман үзүүлэлтийг нэгэн зэрэг тодорхойлох оношлуурыг  бэлтгэн гаргалаа.  Энэ бүтээгдэхүүний ач холбогдол нь хүнсний зах, махны үйлдвэрт ажиллаж байгаа мал эмнэлгийн лабораторид хийх сорилт шинжилгээний хугацааг уртасгах, үр дүнг баталгаажуулах ач холбогдолтойгоороо ихээхэн онцлогтой.

-Нийслэлийн томоохон хүнсний захуудын лабораторид шинжилгээ хийлээ  гэж  мөнгө авдаг.  Тэр шинжилгээ нь баталгаатай хариу  болж чадах уу?

-Нэг, хоёр сорилтоор бүтээгдэхүүнийг баталгаатай гэж хэлж болохгүй.  Яагаад гэвэл хүнсний аюулгүй байдлын анхан  шатны үзүүлэлтэд 7-8 шалгуурыг авч үзэх шаардлагатай. Гэтэл  хүнсний захын лабораторид ганцхан сорилтоор баталгаатай гэсэн магадлал өгдөг. Нөгөө талаар сорилтдоо хэрэглэж байгаа урвалжууд нь стандарт бус байдаг учраас хариу нь буруу гарах магадлалтай. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд бид 8-12 үзүүлэлтийг нэг дор гаргах цомог гаргасан юм.

-Ямар ямар үзүүлэлтийг тодорхойлж чадах вэ. Энэ нь хэрхэн баталгаажсан бэ. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын гагасан дүгнэлт, зөвшөөрөл бий юу?

-Би ганцхан жишээ хэлье. Сүүний цомгоор сүүнд ус, сод, гурил холисон эсэхийг, мөн  дэлэнгийн үрэвсэлтэй  малын сүү мөн биш эсэх гэх мэт 12 үзүүлэлтийг тодорхойлно. Энэ цомог нь мэргэжлийн 14 байгууллагаас санал дүгнэлт авч, улмаар  MNS 6035:2009 стандартаар баталгаажсан.

-Танай лабораторийн хамт олны гаргасан “Махны үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн нөхцөлийн загвар” ямар  ач холбогдолтой вэ?

-Монгол Улс 25 сая малтай байхдаа жилд 100 мянган тонн мах экспортолдог байсан.  Гэтэл одоо 40 сая малтай атлаа жилд 10 хүрэхгүй мянган тонн мах экспортлож байна. Үүний шалтгаан нь хүнсний малын эрүүл мэндийг баталгаажуулж чадахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн  махны үйлдвэрүүдийн технологийн явц дахь мал эмнэлгийн хяналт боловсронгуй бус байна. Үүнийг шийдвэрлэх үүднээс махны үйлдвэрийн хяналтыг боловсронгуй болгох баримт бичгийг гаргасан юм.  Энэ баримт бичиг нь монголын топ  таван махны үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн түвшний судалгаан дээр үндэслэн цаашид  ариун цэвэр, эрүүл ахуйн нь нөхцөл нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр байгуулахад угтвар нөхцөл, техникийн шийдлийг гаргаж тавилаа.  Мах үйлдвэрлэгчид  аюулгүй хүнс үйлдвэрлэе гэвэл  малын эмчийн  санал дүгнэлийг  хамгийн түрүүнд авах ёстой. Гэтэл шулуухан хэлэхэд бизнесмэнүүд мэргэжлийн байгууллагыг буруу ашиглаж байна. 

-Ямар замаар буруу ашиглаж байгааг тодорхой баримтаар хэлж өгөөч?

-Мах бэлтгэж байгаа хүн машиндаа махаа ачсан хойноо мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээний бичгийг боломжтой газраасаа худалдаж авч байна. Махны үйлдвэрүүд  технологи эрүүл ахуйн шаардлага хангахгүй мөөгөнцөртэй,  харанхуй, багтаамжт багатай барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хяналт зөв явах боломжгүй болгодог.  Малын гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн үзлэг хяналтаар баталгаажсан малын махыг бэлтгэх ёстой шүү дээ.

-Мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн өвчтэй, үгүйг нь шинжлээгүй байж хэдэн төгрөг аваад л сертификат олгочихдог байх нь ээ?

-Тэгж хэлж болно. Гэхдээ энд шалтгаан байгаа. Хүнсний малын эрүүл мэндийг баталгаажуулах шинжилгээний зардлыг малын эмч, малчин дааж чадахгүй. Бас улс даахгүй. 1990-ээд оноос өмнө манай орны мал сүргийн СЭВ-ийн  орны хүчээр жил бүр шинжилдэг байлаа. Одоо энэ шинжилгээний зардлыг гаргах газар алга.

-Таны бодлоор энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Орон нутгийн төсөвт хүнсний малын  эрүүл мэндийн баталгаажуулалтын зардлыг төсөвт нь суулган өгснөөр энэ асуудал шийдэгдэнэ.

 Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж