Улаанбаатарт 7 баллын газар хөдлөхөд барилга байгууламжийн 75 хувь нь нурна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 баллын газар хөдлөхөд барилга байгууламжийн 75 хувь нь нурна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 11 цагаас эхэлсэн “Газар хөдлөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Л.Амгаланбаяр, Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийнхэн оролцов.
Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар 2009 онд Монгол Улсын хэмжээнд 508 удаа газар хөдөлжээ. 2010 он гарсан эхний нэгдүгээр улиралд 270 удаа газар хөдлөлт  бүртгэгдсэн нь өмнөх жилүүдийнхээс газар хөдлөлтийн идэвхжил өндөрсч байгааг харуулж буй аж. Нөгөөтэйгүүр, газар хөдлөлийн баллын хэмжээ 1-ээр нэмэгдсэн байна. Тиймээс хүн амын 40 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод 7 баллын хүчтэй газар хөдлөхөд түүнийг тэсвэрлээд гарах барилга байгууламж байна уу гэсэн асуултад албаныхан “Нийт барилга байгууламжийн 75 хувь нь нурна” гэсэн хариулт өгч байна. Мөн иргэддээ газар хөдлөх нь ээ гэдгийг урьдчилан мэдээлж, тэднийг хоргодох байранд оруулж амжих уу гэсэн асуултад “Нэг минутын өмнө газар хөдөлнө” гэдгийг мэдээлэх бололцоо байгаа” хэмээлээ.

Дэлхий дахин эдүгээ газар хөдлөх нь гэдгийг урьдчилан мэдэх бололцоотой дэд станцуудыг өөрийн орондоо суурилуулах болжээ. Тодруулбал, Япон улс аль хотод хэдэн баллын хүчтэй газар хөдлөх нь вэ гэдгийг урьдчилан мэддэг багаж төхөөрөмж, дэд станцуудтай болж чадсан. Ингэхдээ нэг сар, хоёр сарын өмнө урьдчилсан мэдээллийг авдаг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэллээ. Тиймээс Монгол Улс газар хөдлөхөд бэлтгэлтэй байж, наад зах нь энэ аюул нүүрлэхэд иргэн бүр өөрийгөө яаж хамгаалах ёстой. Гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалах талаар ойлголттой, бас бэлтгэлтэй байх. Баг хороо, сум, дүүрэг, хот улсаараа үүнд бэлтгэл ажлаа хангаж ажиллах шаардлагатай гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж