Монголын 100 оюутан Тайванийн тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Монголын 100 оюутан Тайванийн тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Тайвань нь дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө 14, худалдааны өрсөлдөх чадвараараа эхний 10 дугаар байрт ордог бөгөөд гадаад валютын нөөцөөр эхний тавд бичигддэг байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа сvvлийн жилvvдэд нэлээд өргөжиж байгаагийн нэг илрэл нь Тайванийн нийслэл Тайпэйд Улаанбаатарын худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж буй бол манайд Тайпэйн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа явдал юм. Тэгвэл өнөөдөр “Отгонтэнгэр” их сургууль, Тайпэйн төлөөлөгчийн газартай хамтран Тайвань-Монголын форумыг гуравдахь жилдээ хамтран зохион байгууллаа. Форумд Тайванийн худалдаа эдийн засгийн газрын төлөөлөгч Цэнь И.Мин оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ  “Америкийн нэгэн  сонинд  хүйтэн дайны үед  орос хэлийг сонирхон судалдаг байсан хүн олон байсан бол  1980-аад оны үед Япон хэл сурахыг хичээх болсон. Харин 1990 оноос хойш хятад хэл сурахыг хүссэн хүний тоо эрс өссөн. Энэ нь Хятад хэл дэлхийн хоёр дахь хэл болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Тэр утгаараа 2009 оноос эхлэн Тайваньд суралцдаг Монгол оюутны тоо 386 болтлоо өссөн байна. Тайвань, Монголын хоорондох сургалтын солилцоо жил бүр өргөжин тэлж байгаад бид баяртай байдаг. Одоогоор бид Тайваний Боловсролын төвөөс Монголын 100 оюутанд бакалавр зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг явуулж эхлээд байна. Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүмүүс Тайванийн Боловсролын төвөөс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно” гэдгийг онцлов. Энэ үеэр мөн “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Н.Энхтуяа “Тайванийн засгийн газраас Монгол оюутнуудын ахисан түвшний сургалтад нэлээд санаачлагатай хандаж байгаад бид баяртай байна. Энэхүү форум Тайвань, Монголын хооронд идэвхтэй харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцолж байлаа.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж