Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 14.30 цагаас хуралдуулахаар зарлаад байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зарлаагүй ч өчигдөр хуралдсан асуудлаар үргэлжлүүлэн хуралдах бололтой. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд өнгөрсөн даваа гаригт Мардайн ураны ордын асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ мэдээллээр 1970-аад онд тухайн үеийн ЗХУ-д концессийн гэрээгээр ашиглуулж байгаад 1990-ээд онд Монголын талд шилжүүлэн авсан Мардайн ураны ордод Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас арав гаруй лицензийг хууль бусаар олгосон бөгөөд үүнээсээ дөнгөж хоёрыг нь төрийн мэдэлд шилжүүлэн авсан, үлдсэн 12 лицензийн яаралтай төрийн мэдэлд шилжүүлэхийг Засгийн газраас шаардсан. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Цөмийн энергийн газар болон “Мон атом” компаинд дээрх асуудлаар гаргах шийдвэрээ яаралтай боловсруулж өнөөдрийн дотор Засгийн газарт оруулж ир гэсэн үүрэг өгсөн билээ. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан байна.