
Одоогоос хоёр жил дөрвөн сарын өмнө 15 настай Б-ийн амь насыг санаатай хохироосон хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох шүүх хурал зургаан удаа хойшилсны эцэст өнгөрөгч сарын 23-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд анхан шатны шүүх хурлыг хийсэн юм. Гэвч хэргийг дахин хянах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаасан тул хохирогч охины аав Ц.Гончиг Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн, хамаатан садан Ганц худагт нэвтэрч, хүн бүрт мөнгө амлан, хэргээ хүлээхгүй байхыг шаардсан хууль бус үйлдэл хийж байгаа талаар гомдол гаргасан билээ. Тэрбээр энэ хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг хүссэн хүсэлтийг ШШГЕГ-ын дарга Ш.Ганхүүд гурван удаа тавьсан байдаг бөгөөд энэ удаа харин ШШГЕГ-аас талийгаач охины аав Ц.Гончигийн хүсэлтэд хоёр өдрийн өмнө хариу өгчээ. Тодруулбал, ШШГЕГ-ын удирдлагууд иргэн Ц.Гончигийн хүсэлтийн дагуу Ганц худагийн урьдчилан хорих төвд албан шалгалт хийхэд тус хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нар хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогджээ. Тиймээс ШШГЕГ-аас эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар болж, УМБГ-ын удирдлагуудад хандаад байгаа аж.
С.Отгон