
Албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, түүний орлогч Б.Цэрэнбалтав нар дахин шинэ албан тушаалд нэр дэвших магадлалтай байна.
Өчигдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний эрхийн комиссын даргад хэд хэдэн хүний нэр дэвшүүлэх ярилцсан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр М.Алтанхуягийг, Хүний эрхийг комиссын даргаар Б.Цэрэнбалтавыг нэр дэвшүүлэхийг санал болгосон нь зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Манай улсад хуульч мундсан биш, өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүсийг нам ажлаар хангах шаардлагагүй, шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх нь зүйтэй гэх мэтээр гишүүд байр сууриа илэрхийлжээ. Өчигдөр МАН-ын бүлгийнхэн маргалдсны эцэст Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Хүний эрхийн үндэсний комиссын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр болж, Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулах гэж байснаа хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Д.Долгор