
Өмнийн говь, Дорнын хязгаараас Хангайн уулсын бэл хүртэл үргэлжилсэн үймээн маргааны шалтаг шалтгаан ашигт малтмалын олборлолттой холбоотой байлаа. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд ийм явдалтай хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн. Энэ тэмцлийг төрийн бус байгууллагууд залган авах болсноо мэдэгдэв. “Ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялаг албан тушаалтнуудын явцуу сонирхлын золиос болж байна. Улс орны маань нийт газар нутгийн 60 гаруй хувь нь хайгуулын болон ашиглалтын лиценз хэлбэрээр луйварчдын гарт ороод байна. Ийм учраас эх орныхоо бүрэн бүтэн байдал, иргэдийн аюулгүй байдалд нийцсэн байгаль орчинд хохиролгүй шударга ёс, хууль ёсны дагуу ажиллахыг бид шаардаж, тэмцлийн шинэ хэлбэрт шилжихээр боллоо” гэж "Иргэний Альяанс" төв, "Нээлттэй тунгалаг нийгэм", "Оюу толгойн хяналт", "Үндэсний соёмбо", "Эрс шинэчлэл" хөдөлгөөнийхөн эрс хатуу мэдэгдэв.
Тэд Засгийн газар болон уул уурхайн компаниудыг хэлэлцээрийн ширээнд дуудаж, гурван талт хэлэлцээр хийхийг шаардав. Тэд Монгол Улсын газар нутгийн 60 хувь нь хайгуул болон ашиглалтын лицензэд барьцаалагдсан. Гэтэл мэргэжлийн байгууллагууд 17-25 хувь хэмээн бууруулж мэдээлж, төрийн нийтийн хамгаалалттай өмчийн тухай хуулийг батлахыг огт хүсэхгүй байгаа гэж тэд үзэж байна.
Байгалийн баялаг, газрын хэвлий дэх ашигт малтмал, ус гол мөрнөө хамгаалах Төрийн нийтийн хамгаалалттай өмчийн тухай хуулийг УИХ хэлэлцэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж үзсэн “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан хэдий ч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Өнөөдөр Монгол Улсад иргэдийн өмчлөн авснаас бусад газрыг төрийн өмч, орон нутгийн өмч гэсэн хоёрхон ангилалд хувааж байгаа нь эрхзүйн хийдлийг ашиглан төрийн нийтийн өмчийг хувьдаа ашиглах боломжийг олгосон. Уул уурхайн компаниуд хүмүүст мэдэгдэж байгаа ашиглалтын лицензээс гадна асар олон хайгуул, олборлолтын лиценз авчихсан байдаг гэж Оюутолгойн жишээн дээр тайлбарлаж байна.
“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар “”Айвенхоу майнз” ХХК олны мэдэх Оюутолгойгоос гадна нүүрс олборлолтын 66 лиценз эзэмшдэг. Зөвхөн Овоот толгой, Сүмбэрийн ордоос л гэхэд 550 сая ам.доллар босгочихоод байгаа. Түүнчлэн улсын хэмжээнд олборлолт хийж, ашиглаж эхэлсэн нийт талбайн 90 хувь нь гадаадын эрх мэдэлд хэдийнэ орчихсон” гэв. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээгээр түрий барин Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж байгааг мөн л Оюутолгойн жишээгээр тодотголоо. Оюутолгойнхон хөрс хуулахад гарсан шороо, хог хаягдлаа лицензтэй талбайгаас гадуур асгадаг, газрын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр зам тавьж эхэлсэн гэхчилэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр шалтаглан хууль бус үйлдэл гаргах болсон гэв.
Төрийн бус байгууллагуудын хөндөн тавьсан бас нэгэн асуудал бол хайгуул хийсэн компаниудад ашиглалтын лицензийг онцгой эрхийн дагуу олгож буй явдал байлаа. Хэдийгээр хайгуул хийхэд хөрөнгө мөнгө зарж буй нь үнэн боловч ашиглалтын лицензийг тэдэнд давуу эрхээр олгох нь зохимжгүй төдийгүй хөрөнгөөр бүхнийг шийдэж болдгийг харуулж байгаа хэрэг гэж тэд үзэж байгаа аж. Чухам иймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явцад иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг оролцуулах, аливаа асуудлыг гурван талт хэлэлцээрээр шийддэг болохыг тэд шаардаж байгаа юм. Дээр нэр дурдсан төрийн бус байгууллагынхан маргааш Улаанбаатар зочид буудалд бусад бүх ТББ-уудын төлөөллийг оролцуулан энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд дараагийн ээлжинд эрх баригчдад хандах гэнэ. Үлгэрт гардагчлан уулыг нурааж, усыг эргүүлэх аймшигт мангас нь бид өөрсдөө байх учиргүй гэдгийг л монгол хүн бүрт сануулах гэж тэд тэмцлээ эрчимжүүлж байна.
Тиймээс өнөөдөр 10.00 цагаас Улаанбаатар зочид буудалд Хүний эрх, олборлох үйлдвэрлэл, байгал орчны асуудлаар ажилладаг ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад байгууллагууд үндэсний тогтолцоо бий болгох асуудлыг хэлэлцэнэ. Тэд Иргэний Нийгэм-Компани-Төр гэсэн гурван талт хэлэлцээр хийж байх, асуудлыг шийдэх зөвшилцөл хийх боломжийн талаар зөвлөлдөх юм.
Д.Цээнэ