
Улаанбаатар хотын гудамжнаа хөлхөх “угсаа гарал” нь голдуу Япон, Өмнөд Солонгосын “Hyundai”, “Honda”, “Toyota” “Nissan” “Mazda” гэх мэт үйлдвэрийн төмөр хөлгүүдийн эдэлгээг нь хэмжихэд хоёр оны мэдээлэл шаардлагатай. Нэг нь үйлдвэрлэсэн он бол нөгөөх нь Монгол Улсын хилээр нэвтэрч оруулсан он, сар нь. Нэмэлт болгож Монголд орж ирээд хэр зэрэг явсан бэ гэдэг нь бас чухал. Ерөнхийдөө Улаанбаатарт 2004 онд үйлдвэрлэгдсэн машин “залуу” ангилалд орно. Учир нь 1996-2000 онд үйлдвэрлэсэн машин олон. Автомашины ченжүүд ихэнхдээ монголчуудынхаа худалдан авах чадварт нийцүүлсэн үнэтэй машин оруулж ирдэг нь энэ.
“Да хүрээ” техникийн захад өчигдөр 2005-2006 онд үйлдвэрлэсэн машина ховор байв. Ингээд автомашины гаалийн татвар нэмэгдэх гэж байгаа гэсэн мэдээллээр үнэ нь өссөн байж болох аль болох “залуухан” машины үнийг сураглав. Нэгэн ченжийн яриагаар машины үнэ оныхоо “зэрэглэл”-ээр өндөрсдөг. “Нас залуу” үнэ өндөр байх тусам манайхан худалдан авч чаддаггүй гэж байлаа. Тиймээс барагтай бол “залуу” машин оруулж ирдэггүй, ховор байдаг гэлээ. Ингээд иргэдийн хамгийн их түгээмэл хэрэглэдэг автомашины үнэ ханшийг сонирхуулъя.
“Verna”-г “идэш ууш” нь бага, сэлбэг хэрэгсэл нь хямд гээд жолооч нар хөлөглөх дуртай. Манайдаа нэлээд гайгүйд тооцогдох 2002 онд үйлдвэрлэснийг нь 7,2 сая төгрөгөөс яриад өгнө гэж байна. Жилийн өмнө 6,5 сая төгрөгийн ханштай байсантай харьцуулахад “Verna”-гийн үнэ өсчээ. Таксинд голдуу явдаг “Accent” 3,5 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд Монголд орж ирээд их явсан, бас 1994 оных болохоор хамгийн бага үнэтэй нь болж байна.
“Grand Mark II” гэж цэмбийсэн сувдан цагаан машинуудыг худалдахаар “Да хүрээ”-гийн хашаанд хэд хэдэн газар тавьжээ. Энэ машины г 2004 оноос хойш үйлдвэрлэхээ больсон ч манайд бол “залуухан” гэгдэнэ. Үнэ нь 12-13 сая төгрөг. Үйлдвэрлэсэн он нь наашлах тутам үнэ нь өндөрсдөг “хууль” автомашины захад үйлчилнэ. Гэхдээ энэ “хууль” “Land”-ын хувьд эсрэгээрээ. “Land-80” “нас” хөгшин жийп хамгийн сайн нь гэсэн жолооч нарын үнэлэмжээр хамгийн дээд тал нь 36 сая төгрөгийн үнэтэй байна. Харин “залуухан” “Land 105” нь 31-35 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ерөнхийдөө “Land”-ыг 2003 оноос үйлдвэрлэхээ больсон ч Монголд хамгийн эрэлт хэрэгцээтэй автомашин хэвээр байна.
“Toyota”-гийн автомашинуудаас “Corolla” хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцдэг. Монголчууд ч хөлөглөх дуртай энэ машины үнэ техникийн зах дээр 9,2 сая төгрөг байна. 2001-2002 онд үйлдвэрлэсэн, Монголд орж ирээд удаагүй машины ханш өндөр байна. Энэ дашрамд нэмж сонирхуулахад, “Toyota“дэлхийн бусад улс орнуудад байгаа үйлдвэрүүддээ угсарсан машиныг зах зээлд гаргах бодлогыг түлхүү барьж эхлэх гэнэ. Гол шалтгаан нь иений өндөр ханш гэж мэргэжилтнүүд хэлж байна. Иенээр тооцон авсан машины үнийг бусад валют руу хөрвүүлэхэд “Corolla” Ази, Америк, Европын орнуудад угсарсан загвараас хамаагүй хамгийн үнэтэй болж таараад байгаа аж. Өнөөдрийн байдлаар Японы нутаг дэвсгэр дээр жилдээ 235 мянган “Corolla“ үйлдвэрлэж байгаа. Тэдгээрийн 40 хувийг Япондоо борлуулж, үлдсэн нь гадаадын зах зээл рүү нийлүүлдэг.
“Prius” Монголд моод болж эхэлсэн. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хэрэглэдэг болохоор санхүүгийн хувьд хэмнэлттэй учраас эрэлт хэрэгцээтэй машины жагсаалтад орж байна. “Prius-10” болон “Prius-11” нь зургаан сая гаруй төгрөгийн үнэтэй бол “Prius-20” нь хамгийн үнэтэй буюу 12-13 сая төгрөг байна. Монголд орж ирсэн хамгийн сүүлийн загвар гэх “Prius-20” 2004 оных. Удахгүй “Prius-30” Монголд оруулж ирэх бөгөөд чамгүй үнэтэй байх бололтой.
Гаалийн татвар нэмэгдвэл яах вэ, ямар өөрчлөлт гарах вэ? Энэ асуултад машины ченжүүдээс хариулт авлаа.
“Land”-ын худалдагч: Эдгээр машины үнэ улам өсч /өөрийнхөө зарж байгаа машинуудыг хэлж байна/ 40 сая гарна. Монголд 40 саяар машин худалдаад авчих чадалтай хүн тийм ч олон биш шүү дээ. Манай амьдралын төвшин ямар билээ гэдгээ бодох хэрэгтэй шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвараас давсан хэрэг болно
“Prius”-ийн худалдагч: Монгол Улс өөрсдөө машин үйлдвэрлэхгүй байж автомашины гаалийн татварыг нэмж байгаад харамсалтай байна. Тэгэхээр иргэд яах юм бэ, гадаадын зах зээл дээр хамгийн хямд гэсэн машинуудыг өөрсдийн хэрэглэгчдийнхээ чадварт нийцүүлж авчраад арайхийж зарж байна. Он заагаад гаалийн татварыг нэмчих юм бол жирийн иргэд автомашин худалдан авч чадахгүй болно. Баян, хоосны зай улам гарах нь.
“Corolla”-гийн худалдагч: Бид яах вэ, гаалийн татварыг нь төлөөд машин оруулж ирлээ гэхэд үнээ нэмэхээс өөр аргагүй. Харин манайхан худалдан дийлэхгүй шүү дээ гэсэн товч хариулт өгч байна.
Б.СҮРЭН