Орон нутагт төсвийн эрх олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Орон нутагт төсвийн эрх олгоно

Төсвийн төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдэл өгөх хуулийн төслийг Засгийн газар боловсруулжээ. Харин УИХ-аар хуулийн төслийг баталсан нөхцөлд орон нутаг хэрэгжүүлэхэд бэлэн үү гэдэг асуудлаар өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам хамтран “Төсвийн шинэчлэл ба орон нутаг” сэдвээр Төрийн ордонд семинар зохион байгууллаа. Шинээр боловсруулсан Төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн төвлөрлийг сааруулах,  хяналтын тогтолцоог сайжруулах, төсвийг ил тод нээлттэй болгоход чиглэжээ. Сангийн сайдын танилцуулснаар эл төсөл дөрвөн шалгуурыг хангаж байгаа аж. Энэ нь Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байх, Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүнийн өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджаас хэтрэхгүй байх. Мөн  Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх гэсэн шалгуурууд аж. Эхний үзүүлэлт болох Орлого тэнцвэржүүлэх журмаар тооцох гэсэн шалгуур 2011 оноос шууд хэрэгжинэ. Ингэснээр орлого нэмэгдэхэд төсөвт биш Төсвийн тогтворжуулалтын санд  төвлөрөх юм. Харин алдагдлын хувьд энэ жилийн тухайд 6.4 хувийн алдагдалтай байгаа бөгөөд энэ хэмжээг цаашид үе шаттай бууруулна. Энэ шалгуурыг 2013 оноос хангах бол өрийн талаарх шалгуур 2014 оноос биелнэ гэж тооцоолжээ. Одоогоор Монгол Улс 3.1 их наяд төгрөгийн өртэй байгаа нь ДНБ-ийн 27 хувийг эзэлж буй юм. Цаашдаа өр өссөөр 2011 онд 50, 2012 онд 60 хувь болж 2013 оноос буурч 2014 он гэхэд 40 хувьд хүрнэ гэж үзэж байна.  Мөн ойрын хоёр жилд Засгийн газар 5 их наяд төгрөгийн зээлийн баталгааг гаргах гэнэ.

Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулснаар хамгийн их хэл ам дагуулдаг тендерийг орон нутаг нь өөрсдөө гардахаар болж байна. Шаардлагатай гэж үзвэл, сум, дүүрэгт ч шилжүүлэх бололцоотой. Гэхдээ маш их хөрөнгө шаардсан тендерийг яам зарлах гэнэ. Түүнчлэн татварт өөрчлөлт орж, татварын доод хэмжээг тогтоон тухайн орон нутаг өөрсдөө мэдээд хөдөлгөж болохоор хуульчилж өгөхөөр төлөвлөжээ. Мөн орон нутаг татварын төрлөө нэмэгдүүлж болно. Харин энэхүү хуулийн төслийг Засгийн газрын зүгээс 2011 онд УИХ-д өргөн барих бөгөөд 2012 оноос хэрэгжиж эхлэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

Энэхүү семинарт аймгуудын төсөв ерөнхийлөн захирагч нар оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн “Сумын цэцэрлэгийн орон тоог орон нутаг мэдээд шийдэж болдоггүй зовлонтой. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд баталдаг болохоор. Тиймээс дээрээс орон нутаг руу иймэрхүү байдлаар оролцдогийг болихгүй бол хүндрэлтэй асуудалтай тулгарна гэв. Мөн аж ахуйн нэгжүүдийг орон нутагт нь харьяалуулж, татварыг нь тухайн газар нь төвлөрүүлдэг болох хэрэгтэй гэж байлаа. Ингэсэн цагт орон нутагт ажлын байр бий болж, татвараас зугатаах байдал ч эцэс болно гэж үзэж байна.

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав “Концессын тухай хуулийг баталсан. Түүнтэй холбоотойгоор орон нутгийн ИТХ-аас баталгаа гаргачихвал сургууль, цэцэрлэг, зам, орон сууцыг өөрийн хөрөнгөөр бариад өгье гэх санал орон нутагт нэлээд гарч байна. Энэ тохиолдолд яах вэ, Засгийн газар дэмжих үү. Ирэх жил Дорнод аймаг ойтой. Түүнээс өмнө бүтээн байгуулалтын олон ажил хийх шаардлагатай байна” гэв.

Сангийн сайд хэлэхдээ Концессын хуулиар энэ нь нээлттэй ч төсвийн тухай хуулиараа хаалттай байгаа. Тийм учраас энэ асуудлаа Засгийн газарт хүргүүлэх хэрэгтэй. Засгийн газар УИХ-д Концессын гэрээгээр хийлгэх жагсаалтаа оруулна. Түүнд оруулж байж, батлуулахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно гэлээ.
 
Г.Сармаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж