
Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулснаар хамгийн их хэл ам дагуулдаг тендерийг орон нутаг нь өөрсдөө гардахаар болж байна. Шаардлагатай гэж үзвэл, сум, дүүрэгт ч шилжүүлэх бололцоотой. Гэхдээ маш их хөрөнгө шаардсан тендерийг яам зарлах гэнэ. Түүнчлэн татварт өөрчлөлт орж, татварын доод хэмжээг тогтоон тухайн орон нутаг өөрсдөө мэдээд хөдөлгөж болохоор хуульчилж өгөхөөр төлөвлөжээ. Мөн орон нутаг татварын төрлөө нэмэгдүүлж болно. Харин энэхүү хуулийн төслийг Засгийн газрын зүгээс 2011 онд УИХ-д өргөн барих бөгөөд 2012 оноос хэрэгжиж эхлэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Энэхүү семинарт аймгуудын төсөв ерөнхийлөн захирагч нар оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн “Сумын цэцэрлэгийн орон тоог орон нутаг мэдээд шийдэж болдоггүй зовлонтой. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд баталдаг болохоор. Тиймээс дээрээс орон нутаг руу иймэрхүү байдлаар оролцдогийг болихгүй бол хүндрэлтэй асуудалтай тулгарна гэв. Мөн аж ахуйн нэгжүүдийг орон нутагт нь харьяалуулж, татварыг нь тухайн газар нь төвлөрүүлдэг болох хэрэгтэй гэж байлаа. Ингэсэн цагт орон нутагт ажлын байр бий болж, татвараас зугатаах байдал ч эцэс болно гэж үзэж байна.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав “Концессын тухай хуулийг баталсан. Түүнтэй холбоотойгоор орон нутгийн ИТХ-аас баталгаа гаргачихвал сургууль, цэцэрлэг, зам, орон сууцыг өөрийн хөрөнгөөр бариад өгье гэх санал орон нутагт нэлээд гарч байна. Энэ тохиолдолд яах вэ, Засгийн газар дэмжих үү. Ирэх жил Дорнод аймаг ойтой. Түүнээс өмнө бүтээн байгуулалтын олон ажил хийх шаардлагатай байна” гэв.
Сангийн сайд хэлэхдээ Концессын хуулиар энэ нь нээлттэй ч төсвийн тухай хуулиараа хаалттай байгаа. Тийм учраас энэ асуудлаа Засгийн газарт хүргүүлэх хэрэгтэй. Засгийн газар УИХ-д Концессын гэрээгээр хийлгэх жагсаалтаа оруулна. Түүнд оруулж байж, батлуулахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно гэлээ.
Г.Сармаа