Кремлийн газрын тосны хүн Игорь Сечин гэж хэн бэ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Кремлийн газрын тосны хүн Игорь Сечин гэж хэн бэ

Владимир Путин өөрт нь үнэнч гэдгээ нотолсон, мөн бизнесийн ашиг сонирхлыг алддаггүй хүнээр дамжуулж Оросын амин чухал баялаг газрын тосны секторыг хянаж байна. Түүнийг Оросын хэвлэл мэдээллүүдэд “Манай гаригийн хамгийн аймшгийн хүн” гэж яг л “Darth Vader” шиг дүрсэлдэг. Игорь Сечиний албан ёсны албан тушаал нь Оросын Дэд ерөнхий сайд. Гэвч Орост түүнийг Владимир Путины дараа орох хүчирхэг хүн гэж үздэг /нөлөөллөөрөө Ерөнхийлөгчөөсөө ч илүү гарч магадгүй/
Сечин тус улсын байгалийн нөөцөөр баялаг ордуудыг хянадаг бөгөөд Кремль дэх “силовики” хэмээн нэрлэгддэг ихэвчлэн цэрэг, тагнуулын албадын дарга нар бүхий фракцыг ахалдаг. Эдгээр хүмүүс Оросын төр байгалийн нөөц баялгийг шууд хянах ёстой гэж  үздэг бөгөөд Дмитрий Медведевийг ерөнхийлөгчөөр томилохын эсрэг байр суурьтай байсан. Медведевийн талыг баримтлагч сайд нар силовики нарын нөлөөллийг дарахын тулд янз бүрийн алхам хийсэн ч Сечиний байр суурь ганхаагүй хэвээр байна.

Путины ихэнх хүрээлэгчдийн нэгэн адил Сечин Санкт-Петрбургийн уугуул. 1990 онд тэр хотын захиргаанд ажиллаж байсан. Харин үүнээс өмнө түүнийг тагнуулын ажилтан байсан гэдэг. Түүнийг КГБ-ын гадаад тагнуулын гар хөл болох ГРУ-ын ажилтан байсан бөгөөд Ангол болон Мозамбикт орчуулагчаар ажиллаж байсан гэж Москвагын эх сурвалж өгүүлдэг. 1990-ээд онд Сечинтэй ажил хэргээр холбоотой байсан америк хүний хэлж байгаагаар Сечин Путины байр суурийг ягштал баримталдаг.  Сечин Оросын төрийн ашиг сонирхлыг тууштай хамгаалдаг. Тэгээд ч тэр 68 тэрбум ам.долларын гүйлгээ хийдэг /2008 оны үзүүлэлт/ “Роснефьт” компанийн дарга. Түүнийг нууцаар хувьцаа эзэмшдэг гэдэг хэдий ч үүнийг нотолсон баримт байдаггүй.

“Тэр “Роснефт”-эд хувьцаа эзэмшдэг үү? Энэ сонин биш. Угаасаа мөнгө, эрх мэдэл, тагнуул бүгд хоорондоо холбоотой байдаг” гэж өмнө нь АНУ-ын Москва дахь дипломат байсан Donald Jensen ярьж байна.

Үүний дуулиантай жишээ гэвэл “Юкос”-ын асуудал. 2003 онд барууны стильтэй “Юкос Ойл” компанийг үндэслэгч, тэрбумтан Михайл Ходорковскийг татвараас зайлсхийн шамшигдуулсан гэж яллаж 20 жилийн хорих ял өгсөн. /түүнд одоо шинэ зүйл анги нэмж яллах гэж байна/ Түүний дараахан “Роснефть” “Юкос”-ын хөрөнгийг өмчиндөө авсан. Ходорковский өөрийг нь ялласан хэргийн цаана Сечин байна гэж олон нийтийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж байсан юм.
Сечин компанийн захирал болон Оросын Засгийн газрын гишүүн учир  түүнд ер бусын эрх мэдэл, ашиг олгож байгаа. Өнгөрсөн сард Сечиний удирддаг “ОГК-1” хэмээх эрчим хүчний үйлдвэрлэгч компани цаашид “Газпром”-ын хийг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр хийн монополийн компанид 600 сая ам.долларын хохирол учрах болно. Үүний цаана Сечин байгаа гэж Вашингтонд төвтэй “Nixon Center”-ын гүйцэтгэх захирал Paul Saunders ярьж байна.
“Роснефьт” Чечений Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, газрын тосны өрөмдлөг хийж байгаа. Чечений түүхий газрын тос чанар сайтай гэж тооцогддог юм. Сечиний зөвхөн Оросод ч биш хилийн чанадад ч гэсэн нөлөөтэй. Тэрбээр одоо 20 жилийн хугацаатай, 25 тэрбум ам.долларын газрын тосыг зээлээр өгөх гэрээ байгуулахаар Хятадтай хэлэлцээ хийж байна. Мөн өнгөрөгч сард Венесуэл, Куба, Турк улсуудаар айлчилж газрын тосны яриа хэлэлцээ хийсэн. Орос улс байгалийн баялаг ашиглалтын салбартаа гадаадын хөрөнгө оруулалт оруулахыг зөвшөөрч, зах зээлээ нээж магадгүй талаар Путин мэдэгдсэн юм.
 
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж