
Урин дулаан цагт нь халдварыг зогсоож чадаагүй шүлхий өвчин хүйтний улиралд улам халдвар идэвхжиж, хөдөөгийн хэдэн малчдын хотыг харлуулах аюулын харанга дэлдэж байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дорнод, наймдугаар сард Сүхбаатар, аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хүрээгээ тэлж, өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэмж тархаад байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 24 мянган тоо толгой мал шүлхий өвчнөөр өвчлөн, өвчилсөн малын 99.7 хувийг нь устгалд оруулжээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2.1 тэрбум төгрөгөөр хоёр сая 700 мянган тун вакцин авч вакцинжуулсан. Дээрх хоёр аймагт шүлхий өвчний тархац хумигдаж, өвчлөл багасах хандлагатай байсан ч харамсалтай нь Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх суманд ахин шүлхий өвчин гарлаа. Энэ сарын гуравны өдөр Дархан сумын Бор-Өндөр гэдэг газар айлын гурван үхэрт энэ өвчний шинж илэрч, Баянмөнх суманд 13 үхрээс шинжилгээ авч мөн дээрх өвчин болох нь тогтоогдсон. өвчин илэрсэн малыг устгаж, ариутгал хийж байна. Одоогоор вакцин болон малчдын нөхөн төлбөрт таван тэрбум төгрөг гаргачихаад байна. Цаашид шүлхийн халдварыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс Дундговь, Хэнтий, Дорноговь, Төв аймаг болон Улаанбаатар хотод салаа туурайтай 7.3 сая толгой малд 3.2 сая орчим тун вакцин хийх шаардлагатай гэсэн урьдчилсан дүн гараад байна. Онцгой комиссын хурлаар олон улсын байгууллагад хандах шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газраас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа хэдий ч хангалтгүй байна гэж үзэн үндэсний Аудитын газраас хяналт шалгалт хийхээр болжээ. Энэ оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан суманд шүлхий өвчний халдвар илэрэхэд орон нутгийн малын эмч нарыг голомтын бүсэд ажиллах талаар хүсэлт хүргүүлжээ. Гэвч өнгөрсөн онд хорио цээрийн үед ажилласан цалин хөлс, унаа тээврийн зардлыг олгоогүй болохоор дахин ажиллах бодолгүй байгаа гэдгээ хэвлэл мэдээллээр илэрхийлж байсан удаатай. Энэ мэт өвчний голомтод нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүст улсын төсвөөс олгосон зардлыг хуваарилахгүй байгаа эрх мэдэлтнүүдийг шалгах хэрэгтэйг дээрх үйлдэл харуулж байгаа юм. Мөн тус аймгуудад бүтэн хоёр сарын туршид халдварыг тархаахгүй байх зорилгоор хөл хорио тогтоосон ч үр дүнгээ өгөөгүйг дээрх хариуцлагагүй байдал харуулж байна. Тэр хэмжээгээр хөл хорионд буй малчид, орон нутгийнхан хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөлд дарлуулж байна. Хөл хорио тогтоосон сумдын дэлгүүрийн лангуу хоосорч, тэр хэмжээгээр хүнсний барааны үнэ хэрээс хэтэрч байгааг төр засгийнханд дуулгахыг уламжилж байна. 2000 оны хавар Дорнод аймагт гарсан шүлхий өвчний хорио цээр тогтоосон үед сумын дэлгүүрийн лангуу хоосорч, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа тасарч, айл өрхүүд өдрийн идэх хоол хүнсээ хэмнэх зэргээр хөл хорио цуцалтал өдөр хоногийг аргацааж байсан удаатай. Ийм байдал Дорнод, Сүхбаатар аймагт үүсээд байгаа ч малчдын энэхүү бэрхшээлийг олон нийтэд хүргэхээс орон нутгийн удирдлагууд татгалзаж байна. Дээрх байдлын талаар газар дээр байдал ямар байгааг сонирхохоор Дорнод аймгийг зорьсон хэвлэл мэдээллийн ажилтнуудыг голомтын бүс рүү оруулахыг зөвшөөрөөгүй хирнээ нүүрс ачсан, түлээ ачсан гэх автомашиныг нэвтрүүлж байгаа нь шүлхий өвчний талаар мэдээлэл нээлттэй бус хаалтай байна гэж хэлж болох юм.
Аймгийн Засаг дарга Ц.Жанлав аймгийн Онцгой байдлын хэлтэс болон бусад албан тушаалтанд голомтын бүс рүү хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэхгүй байх даалгавар өгч, өнгөрсөн долоо хоногийн турш ажлын өрөө нь цоожтой өнжсөн байна. Гэтэл орон нутагт нь тоотой хэдэн толгой малынхаа буянаар амь амьдралаа залгуулдаг малчид хотоо харлуулаад яая даа гэж байхад эрхэм Засаг дарга Ц.Жанлав намын их хуралд өөрийн аймгийн төлөлөгчдийг дагуулан Улаанбаатар хотноо тухалж. Намын их хуралд оролцож байх үед нь Ц.Жанлаваас шүлхий өвчний улмаас малаа үхүүлсэн малчдын амьдрал сайнгүй байгаа тул орон нутгийн удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхоход “Нэгэнт халдварт өвчин газар авсан орон нутагт байдаг л нэг асуудал. Тэглээ гээд яах ч билээ” гээд өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Уг нь бол аймгийнх нь хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цаг тутамд шийдвэрлэх олон асуудал байсаар атал намын хурал аймгийн Засаг даргад тийм чухал байсан уу. Намын даалгавраа биелүүлж явах энэ үест хариуцаж байгаа орон нутгийнхан тань хэцүүдэж байгааг байдаг л нэг асуудал гэж ярьж яваа энэ эрхэм төр түшилцэж яваа төрийн хар хүний хэлэх үг биш баймаарсан. Шүлхийн нян вирус хүйтний улирал ирж буйд улам ч их баясаж, тоотой хэдэн малын толгойд ёр харж байгаа юм биш биз.
Д.Долгор