Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

АНУ-д уран олборлоно

АНУ цөмийн реактортоо хэрэглэдэг ураны дийлэнхийг гадаадаас импортолж авдаг. Харин Тексас мужийн нэгэн компани үүнийг өөрчлөхөөр оролдож байна гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ. Жил бүр АНУ-ын 104 цөмийн реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд 55 сая паунд /нэг паунд=453.59 грамм/ уран шатаадаг. Түүний ердөө 3,5 сая паундыг нь л АНУ өөрөө олборлодог. “Бид гадаадаас газрын тосыг бодвол ураны хувьд илүү хамааралтай байна” гэж Тексас мужийн “Austin” хотод төвтэй “Uranium Energy Corp” компанийн гүйцэтгэх захирал Amir Adhani ярьж байна. Дэлхийн нийт реакторын 25 орчим хувь нь АНУ-д байрладаг. Тэдний ихэнх нь дахиад хэдэн арван жил ажиллах бололцоотой. Обамагийн Засгийн газар цөмийн-эрчим хүчний үйлдвэрүүдэд олгодог зээлийнхээ хэмжээг гурав дахин өсгөж 54 тэрбум ам.доллар болгох санал дэвшүүлсэн. Энэ нь дахин хэдэн арван цөмийн реактор байгуулагдах болно гэсэн дохио юм. Энэ оны нэгдүгээр сард “UEC” компани Тексас мужийн “Duval County” дахь “Palangana” уурхайд үйл ажиллагаа явуулах лиценз авсан. Энэ уурхай оны эцэс гэхэд ажиллаж эхлэх болно гэж компанийн удирдлагууд тооцоолж байгаа бөгөөд таван жилийн дотор 2,5-3 сая паунд уран олборлох болно гэж тооцож байна.

АНУ ураны нөөцөөр дэлхийд дөрөвт ордог.  Бусад түүхий эдийн нэгэн адил ураны ханш сүүлийн хэдэн жил ихээхэн хэлбэлзсэн. Арав хорин жилийн өмнө цөмийн реакторууд баригдаж байх үед Texas, New Mexico, Nebrasca, Wyoming, Colorado, Utah мужуудад олон сая паунд ураны нөөц байгаа нь илэрсэн. Гэвч АНУ-д “Three Mile Island” арал дээр болсон осол, Зөвлөлтийн Чернобилийн атомын цахилгаан станцуудад гарсан ослуудтай холбоотойгоор АНУ-д барихаар төлөвлөж байсан 100 цөмийн реакторын барилгын ажлыг зогсоосон байсан юм. Одоо АНУ-д ердөө дөрвөн ураны уурхай идэвхтэй ажиллаж байгаа. Тэдгээрийн хоёрыг нь “Cameco” компани эзэмшдэг бөгөөд Nebraska, Wyoming мужид байдаг харин гуравдахийг нь “Mestana Uranium” эзэмшдэг Тексаст, өрөв дэх уурхай Utah мужид байдаг.
Хэдийгээр цөмийн үйлдвэрүүдийн хүчин чадал 1990-ээд оноос 2000 оныг хүртэл алгуур нэмэгдэж, эрчим хүчний үнэ өссөн хэдий ч Орос улс цэргийн зориулалттай цөмийн цэнэгт хошуугаа задалж ураныг нь эрчим хүчний зорилгоор ашиглаж эхэлсэн нь ураны үнэ ханшыг доогуур байхад нөлөөлж байсан. Харин 2005 оноос АНУ цөмийн эрчим хүчний салбараа сэргээж эхэлсэнээс хойш энэ байдал өөрчлөгдсөн бөгөөд олон жилийн турш нэг паунд нь 10 орчим долларын ханштай байсан ураны үнэ 2007 онд нэг паунд нь 138 ам.доллар бол огцом өссөн. Түүнээс хойш, ураны ханш удахгүй улам нэмэгдэнэ гэж тооцсон хөрөнгө оруулагчид “Анхаар Урантай” гэсэн тэмдэгтэй газар бүрийг хувьчилж, олборлолт хийх эрх авахын төлөө уралдацгаасан гэж Adhani ярьсан.
Adhani “UEC” компаниа тэр үеэр 2005 онд байгуулсан юм байна. Тэдний компани 50 цооног өрөмдөж хийжүүлсэн ус шахах болно. Ус нь ураныг элснээс салгах ба “жирэмслүүлэх” гэж нэрлэдэг аргыг ашиглан дараа нь уусмалыг газрын хөрсний дээр шахаж гаргах болно. Дараа нь ураныг тусгаарлаж, нягтруулж, шар-торт гэж нэрлэдэг ураны оксид боловсруулах болно. Өнгөрсөн жил ураны ханш арай буурсан байхад “UEC” уурхайнхаа ойрхон боловсруулах үйлдвэр худалдан авсан. Ураны хайгуулын маш олон компани байдаг ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь цөөхөн гэж судлаач Ian Parkinson “World Markets” сэтгүүлд ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж