
Гэтэл Ардчилсан намд болох болохгүй их олон цучил энэ галыг чинээнд нь тултал өрдөхөөр зэхэж бүр эхэлчихлээ. Энэ цучил дунд тэсрэх бөмбөг ч бий гэнэ. Эдгээрээс жагсаавал, Нийслэлийн Ардчилсан намын даргын тамгыг өгөхгүй “гүрийж” байсан С.Эрдэнэ өөрийн фракциа бүрдүүлээд АН-ын даргын суудлын төлөөх галд цучил нэмлээ. Ардчилсан хүчний холбоогоор бамбай хийн З.Энхболд бүр улайран дайрсаар. Яг л торхтой шатахуун шиг асч буй. Энэ нөхрийг биедээ тэсрэх бөмбөгтэй ч байж магад гэж ихэд хардаж буй. Н.Алтанхуяг ч суудлаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж, тал талаас өрдсөн галыг хамгаалах гэж зовж буй бололтой. Магадгүй өнөөх Тогоонтөмөр хаан шиг тамгаа өвөртлөөд зугтахад бэлэн болжээ. Харин энэ суудал руу чимээгүйхэн аажмаар гэтэж байгаа хүн бол ардчиллын арын албаны ахмадуудаар торгуулийн суман хийсэн Лу.Гантөмөр юм. Тэр цурманд оруулсан гал шиг аажуухан явж буй. Тэгэхээр түүнд улс төрийн хурд, талбай дутах байх. Аа бас өнөөх “Фортуна” хэмээх Н.Батбаяр ч хаанаа ямар тэсрэх бодис нуусан нь мэдэгдэхгүй давшиж явна. Ард түмэн гайгүй ам сайтай байгаа Ардын баатар Э.Бат-Үүл ч энэ галыг чимээгүй өрдөгчдийн нэг мөн. Харин энэ нөхөрт гал өрдөх түлшээ базаах хөрөнгө жаахан муудаа халгаад байна гэх ажиглагчдын яриа буй. Бодоход өөрийн гэсэн коксжих уурхайгүй, эсвэл уурхайтай найзгүй, халаас хоосон нөхөр бололтой. Ясны коммунист МАХН их хурлаараа намын даргад хоёрхон хүн ёсыг бодож өрсөлдүүлээд болчихсон бол энэ нам өөр өө. Ардчиллыг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс. МАХН-ынхан хурал эхлэхээр өрсөлдөгч гаргадаг бол АН-ынхан аль хэзээний өрсөлдөгч нар тодорсон байдгаараа ялгаатай.
Тэр ч бүү хэл тал талд өөрсдийн гал нээгчдийг томилуулан ажиллуулаад эхэллээ. Өчигдөр гэхэд З.Энхболдын гал хөгжөөгчид болох Д.Батзандан тэргүүтэй нөхөд Ардчилсан намын даргыг огцруулах тухай асуудал ярьж хэвлэлийнхэнд хандлаа. Эд бол өнөөх албан тушаал горьдогчдын хэсэг нь, З.Энхболдын захиалгаар түймэр хөгжөөж яваа улс. С.Эрдэнийн хувьд ч өөрсдийн зүгээс нөлөөлөл үзүүлэх оролдлого нээлттэй хийж буй. Харин Лу.Гантөмөрийн хувьд далд тактик хэрэгжүүлж, тун ч амжилттай яваа гэнэ. Амжилт яахав ээ, хурд. З.Энхболдын хувьд намынхандаа тун ч халгаатай “улаан туг” юм байх. Хамгийн гол нь энэ “улаан туг” нь Ардчилсан намын дарга боллоо л бол хамтарсан Засгийн газрыг тараана гэдэг байр сууриа хатуухан илэрхийлээд дарцаглаж буй. Энэ нь хамтарсан Засгийн газар ихэд ашигтай гэж үзэж буй хэсэг нөхдөд тун ч хүнд цохилт болсон. Ялангуяа хамтарсан Засгийн газарт сайд болон бусад албан тушаалд байгаа нөхдөд бүр ч хэцүү байгаа. Сайд Х.Баттулга хамтарсан Засгийн газраас гарахгүй гэсэн бодолтой яваа гэдэг. Түүний тоглолт хэрхэн явагдахыг хэн чөтгөр мэдэх байх. С.Эрдэнийг бол акулууд нэг их ялалт байгуулан гарч ирээд сүйд хийчихгүй гэдэгт итгэлтэй байгаа болохоор түүн рүү нэг ч их анхаарал хандуулахгүй байх шиг байна. Гэтэл дан залуучуудаар бүрдсэн “Онц их хурлын хөдөлгөөн” байгуулагдаад бужигнуулж байна. Үүгээр ч зогсохгүй хөдөө орон нутгуудаас ч АН-ын ҮЗХ, Удирдах зөвлөлд өргөх бичгүүд ирээд байгаа аж. Мэдээж, уг өргөх бичиг нь онц их хурлыг хуралдуулах тухай гээд бод. Тэгэхээр Н.Алтанхуяг энэ олон галыг тэсч үлдэнэ гэхэд хэцүү. Суудалдаа суусаар шатаж “үхэх” үү, эсвэл тамгаа өвөртлөөд зугтах уу гэдэг хоёрхон зам үлдлээ. З.Энхболдын хувьд улс төрийн талбай гайгүй, хошуу алгасчихсан нөхөр. Лу.Гантөмөр парламентад хоёр дахиа сонгогдсон ч Таван буудал, Долоон буудал, Сэлбийн хөвөөгөөр танигдсан улстөрч, дэндүү талбай багатай юм. Тэгэхээр аливаа шийдвэр гаргах түвшний албан тушаалд талбай томтой, олонд танигдсан улстөрч очих учиртай. Лидерээ байг гэхэд. С.Эрдэнэ ч ялгаагүй шүүхэд удаа дараа л очсон гэхгүй бол хэн түүнийг мэдэх вэ, улстөрч мөн үү гэхэд ч эргэлзэнэ. Харин Ардын баатар Э.Бат-Үүлийн хувьд улс төрийн тогоонд сайн муугаа дуудуулж, 20 жил чанагдан хат суусан жинхэнэ улстөрч. Үнэнийг хэлэхэд Монголын хэмжээнд ярих талбайтай болчихсон хүн. Юутай ч “Өмнө ургасан эврээс хойно ургасан чих” гэдэг ч аргагүй үнэн юм. Ардчилсан нам үймж байна. Ингэж их бужигнана гэдэг хурал нэлээд маргаантай болно гэсэн үг. Маргана гэдэг тодорхой нэг шийдэлд хүрэхийн дохио. Түүнээс биш МАХН-ын хурал шиг гар өргөн баталж, бүгд алга нижигнүүлэн зогсох юм бол ахиц дэвшил гарахгүй ээ.
С.УУГАНБАЯР

“Монголын мэдээ” сонин