Тамирчид өнөөдөр Гуанжоуг зорино

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Тамирчид өнөөдөр Гуанжоуг зорино

БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 12-27-ны өдрүүдэд болох Азийн XVI спортын их наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр 17 цагийн үед эх орноосоо мордох гэж байна. “Гуанжоу-2010” наадамд оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ахлан оролцох бөгөөд Монголын багт багтаж буй 222 тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх юм. Монголын тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр томилогдсон байгаа.
Өмнөд Хятадын тэнгисийн боомт хот болох Гуанжоу 2004 оны долдугаар сарын 1-нд Катарын Доха хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ээлжит хурлаар Азийн XVI спортын их наадмыг зохион байгуулах эрхээ авснаар Азийн наадмыг зохиох Хятадын хоёр дахь хот болсон юм. Энэ удаагийн Азийн олимпийн бэлгэдэл сахиус буюу маскот нь Лө ЯнЯн тэргүүтэй таван ямаа. Харин сүлд дуу нь Хятадын алдартай хөгжмийн зохиолчийн бүтээсэн Reunion гэх дуу юм. Түүнчлэн “Гуанжоу-2010” Азийн наадмын медалийг Тэнгисийн торгоны зам нэртэйгээр урласан байна. Гуанжоу хот нь эрт цагийн “Торгоны зам”-ын гол боомт, эхлэл цэг нь байсныг бэлгэдсэн нь энэ аж. Медаль дээр Азийн олимпийн зөвлөл (OCA), Азийн наадмын лого, галаар тургих луу, дураараа элэн халих бүргэдийг дүрсэлсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж