Б.Ганболд Хөлбөмбөгийн холбоог удирдана

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Б.Ганболд Хөлбөмбөгийн холбоог удирдана

Дөрвөн жил тутамд болдог Монголын хөлбөмбөгийн холбооны /МХБХ/ тайлангийн хурал ням гаригт болж, манай улсын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдлууд өрнөлөө. МХБХ-ны III Их хуралд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ын дэд ерөнхийлөгч Ц.Дамдин зэрэг спортын дээнд байгуулагуудын удирдлагууд хүрэлцэн ирсэн. Халуун, дулаан уур амьсгал дагуулсан хурал Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг одон медалиар шагнаснаар эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг футзалны “Дуулиан-2020” тэмцээн дөрвөн жилийн өмнө мэндэлсэн нь манай улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд ташуур өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж,  тав дахь улирлын тоглолтыг нь эхлүүлээд буй “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар салхийг хагалж, МХБХ-ны дээд шагнал “Гавьяаны одон”-гоор энгэрээ цоолсон. МХБХ энэ оноос эхлэн орон нутаг дахь салбар зөвлөл болон клубүүдийн дунд чансаа тогтоох аргачлалыг бодож, хооронд нь өрсөлдүүлсэн билээ. Анхны жилийн тэргүүнүүд тодорч, Дархан-Уул аймгийн салбар зөвлөл оны шилдгээр шалгарав. МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболд дарханчуудын ажлыг сайшаасан ч бусад салбаруудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй. Үүний дараа клубуудыг рейтингээр тэргүүлсэн “Мазаалай”-гийн ерөнхий дасгалжуулагч Ц.Энхболдбаатар, удаалсан “Сэлэнгэ пресс”-ийн Б.Чин-Оргил нар шагналаа гардлаа.

Үүний дараа хурлын гол үйл явдал эхэлж, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболд дөрвөн жилийн ажлаа тайлагнав. Тэрбээр яриагаа “МХБХ нь Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбоонд 1998, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд 2002 онд эллсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага” хэмээн эхлүүлсэн. Идсэн, уусан хэмээн хэлэгдсээр ирсэн Б.Ганболд санхүүгийн тайлангаа хүснэгт хэлбэрээр үзүүлж, зарцуулалалтаа нэгд нэгэнгүй тайлагналаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо дөрвөн улсад л футзалны барьж өгөхөөр болсны нэг нь Монгол. Эдгээр улсуудад тус бүрт нь 400 мянган ам.долларын туслам үзүүлэх байсан ч Б.Ганболд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер, Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мохаммед Бин Хаммам нарыг ээрч дагасаар байж 800 сая долларын тусламж авах болжээ. Харамсалтай нь энэ мөнгө хаа хаанаа хүрэлцэхгүй байгаа бөгөөд футзалын ордны дулааны зардалд л гэхэд 100 мянгыг өгсөн байна. Энэ үеэрээ Монголын хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагч Л.Сандагдоржийг гавьяат цолонд олон удаа тодорхойлуулсан ч үе үеийн Ерөнхийлөгчийн өндөр босгыг давж чадаагүйдээ хүлцэл өчсөн. Тэрбээр БТСГ-ын дарга Ч.Наранбаатарт хандаж, “Монгол Улсын Засгийн газар хөлбөмбөгийн спортоо дэмжих боломж байхгүйг сайн ойлгож байна. Гэхдээ биднийг бодлогын хүрээнд дэмжиж байсан талархаж байдаг” хэмээлээ.

БТСГ-ын Ч.Наранбаатар МХБХ-ны үйл ажиллагаа сайшааж, “Манай улсад спортын 62 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дунд МХБХ гадаад харилцаа сайтай, бусаддаа үлгэр дуурайл болохуйц холбоо” хэмээн магтав. Тэрбээр Б.Ганболд болон “Сэлэнгэ пресс” клубийн дасгалжуулагч Б.Чин-Оргил, Дорнод аймгийн салбар зөвлөийн нарийн бичгийн дарга Л.Наранбаатар нарыг өөрийн толгойдог байгууллагын дээд шагнал болох “Спортын алдар”-аар шагнасан. Дараа нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин индэрт гарч,  МХБХ болон ерөнхий нарийн бичгийн даргыг нь шилдэг хэмээгээд, цаашдын ажилдаа нэг зүйлийг тусгахыг хүсэв. Тэрбээр “Манай орны хүүхэд, залуусын спортын ур чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ зун Сингапур улсад өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадам болсон. Би дараагийн олимпод Монгол Улсын хөлбөмбөгийн баг оролцоосой хэмээн хүсч байна” хэмээлээ. Хариуд нь Б.Ганболд дарга “2014 оны өсвөр үеийнхний олимпийн наадамд Монголын идэрчүүдийн шигшээ баг өрсөлдөх болно” хэмээн амаллаа. Энэ үеэр хурлын төлөөлөгчид Олон улсын хөлбөмбөгийн холбооны загвар бүхий МХБХ-ны найман зүйл, 72 заалттай дүрмийг баталсан нь түүхэн явдал байлаа.

Дэлхийн хаан спортын Монголын холбоог 13 жил толгойлсон Б.Ганболдын нэрийг МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийг хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар баталсан. Өмнө нь энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал арваад жил гүйцэтгэсэн билээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Б.Ганболд өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархлаа илэрхийлж, ерөнхий нарийн бичгийн даргад Д.Тэрбаатарын нэрийг дэвшүүллээ. Тэрбээр өөрийн гүйцэтгэж байсан үүргийг Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүнд өгөх хүсэлтэй байсан нь олны талархлыг хүлээсэн юм. МХБХ-ны генсекээр дуу нэгтэй томилогдсон Д.Тэрбаатар “Би хөлбөмбөгт өртэй хүн. Энэ ажлыг цаашид нэр төртэй үргэлжлүүлэх болно” гэв. Монголын хөлбөмбөгт хэдийнэ байр сууриа олсон,  иймэрхүү ажлын арвин туршлагатай, олны дунд нэр хүндтэй түүнийг энэхүү албан тушаалд очсонд олон хүн баяртай байгаа. Нээлттэй, шинэ боловсон хүчин ажилдаа орсон болохоор Монголын хөлбөмбөг тууштай хөгжлийн замтай орсон юм шиг санагдаж байсныг нуух юун.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж