Төрийн албан хаагчид бүртгэлд хамрагдалгүй үлджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид бүртгэлд хамрагдалгүй үлджээ

Долдугаар сарын 5-ны өдрөөс орон даяар эхэлсэн иргэний шинэчилсэн бүртгэл Улаанбаатар хотын хэмжээнд 84,8 хувьтай байгаа ажээ. Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Иргэний бүртгэлийн даргын хийсэн мэдээллээр, Улаанбаатар хотод бүртгэлд хамрагдвал зохих 16-аас дээш насны нийт 804352 иргэнээс 682477 иргэн буюу 84,8 хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байна. Дүүргүүдээс Багануур дүүрэг 96,1хувь, Багахангай, Чингэлтэй 91,1, Сонгинохайрхан 88, Баянзүрх 87,2, Хан-Уул 84,7, Налайх 82,6, Сүхбаатар 81,6, Баянгол 74,2 хувьтай байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийг аравдугаар сарын эцэс гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч иргэд бүрэн хамрагдахгүй байгаа учир бүртгэлийн хугацааг энэ сарын сүүл хүртэл сунгаад байгаа. Гэхдээ Нийслэлийн Бүртгэлийн газрын даргын мэдээлснээс үзэхэд, энэхүү бүртгэлд хамрагдалгүй үлдээд байгаа хүмүүс нь ихэвчлэн төрийн албан хаагчид, амьдралын боломжтой хүмүүс ажээ. Иймээс хотын удирдлагууд энэ долоо хоногт ажилтнуудынхаа иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байдлыг судалгааг гаргаж ирэхийг дүүрэг, харьяа газрын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй байдалд дүгнэлт хийж, 10 жил тутамд зохион байгуулж буй энэхүү ажилд идэвхийлэн оролцож, ажилтнуудаа бүрэн хамруулах талаар яамд, төрийн байгууллагуудад хандаж, шуурхайлахыг даалгасан байна. Түүнчлэн дүүрэг, харьяа газрын удирдлагуудыг удахгүй эхлэх Хүн ам, орон сууцны тооллогын түр товчооодын бэлэн байдалтай биечлэн танилцаж, тоологч нарын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж