МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

Төрийн ордны хэвлэлийн танхимд дөнгөж сая МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Намын дарга С.Батболд “Намын ХХVI их хурлаар өнгөрсөн 20 жилийн  шилжилтээр олсон ололт,  гарсан алдаа дутагдал, сургамж түүнд үндэслэсэн зорилтот хөтөлбөр хөгжлийн зорилтууд нь МАН-ын бодлогын хүрээнд хүн төвтэй, хүний хөгжлийг буй болгосон, монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай байх,  монголчуулдын дундаж давхаргыг бий болгох энэ бодлогын үндсийг МАН чиглэлээ болгох ёстой гэсэн бодлогын баримт бичиг гаргалаа. МАН бол Монгол Улсынхаа ХХ зууны түүхэн хамгийн их бүтээн байгуулалт,  томоохон үйл явдлыг өрнүүлсэн улс шиг улс болгосон улстөрийн хүчин. Зах  зээлийн жилүүдэд ачааны хүндийг үүрч, 16 жилийн туршид өөрчлөлт шинэчлэлийг хийхийн төлөө тодорхой хэмжээгээр ачааны хүндийг үүрч ажиллаж ирсэн улстөрийн хүчин. Тийм учраас Монгол хүний амьдралыг сайжруулах түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой
МАН өөртөө өндөр шаардлага тавьж, уламжлалыг хадгалж шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж, намын шинэчлэлийн асуудлаар түүхэн шийдвэр гаргалаа. Намын уугуул нэрийг сэргээсэн явдал бол зүй ёсны зүйл гэж үзэж байгаа. МАН өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө мөн боловсруулж, баталлаа.

Үзэл баримтлалаа тодотгон баяжуулж, илүү ойлгомжтой болгосон шийдвэр гаргалаа.  Шинээр байгуулагдсан намын бага хурал, шинээр томилогдсон намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга , Удирдах зөвлөл, нийт гишүүдийн өмнө цаашид гаргасан шийдвэрээ бодитойгоор хэрэгжүүлэх үүрэг хариуцлага бий болж байна. Бүх хүчээ дайчлан, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна”  гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчид хэвлэлийн бага хуралд оролцогчдоос сонирхсон асуултдаа хариулт авав.

-Намын нэрийг сольсныг эсэргүүцэж, гишүүд тань намаасаа гарвал яах вэ. Зарим гишүүн ярилцлага өгчихсөн байна, МАХН бол 150 мянган гишүүнтэй, МАН бол 800 гишүүнтэй гэж?

У.Хүрэлсүх:-Цөөн тооны хүн  намаас гарахыг үгүйсгэхгүй. Намын нэр үзэл баримтлалтыг өөрчлөх тухай асуудлаар бид Их хурлаас өмнө намын анхан шатны байгууллагуудынхаа дунд хэлэлцүүлэг явуулсан. Дараа нь санал хураалт явуулахад нийт гишүүдийн 81.2 хувь нь уугуул нэрээ сэргээхийг дэмжсэн. Мөн ХХVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн 99.4 хувь нь намын уугуул нэрийг сэргээхийг дэмжсэн. Нийт 800 төлөөлөгчөөс зургаан хүн л дэмжээгүй. Манай нам ардчилалтай нам, олонхийн шийдвэрээ дагаж амьдардаг дүрэмтэй учраас цаашид МАН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүх талаар бүрдсэн гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна гэлээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж