Богемийн эмгэнэлт хайр

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Богемийн эмгэнэлт хайр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн амралтын өдөр Дж.Пуччинийн “Богема” дуурь амиллаа. Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөндсөн маш гайхамшигтай  хөгжимтэй энэхүү дуурь нь богемчуудаас үүсэлтэй гэдэг. Богемчууд гэдэг нь урлагийн асар их авьяастай хэрнээ ядуу зүдүү амьдралд нухлагдан аж төрж байсан алдар нэр горилогчдыг хэлдэг. Уг дуурьд тэдний амьдралын хүнд хэцүү, дотоод сэтгэлийн аз жаргалыг энэхүү дуурьд тусган харуулжээ.

    Тус дуурийн хөгжмийн цомнолыг  Л.Иллизи, Дж.Джакоза бичсэн юм. Манай дуурийн театрын тайзнаа анх 2004 оны тавдугаар сарын 7-нд тавигдаж байсан дөрвөн үзэгдэлт тус дуурийг энэ удаад Италийн удирдаач Роберто Салвалио дохилоо. Гол дүр яруу найрагч Рудольфд тенор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түмэндэмбэрэл, зураач Марсельд баритон, гавьяат жүжигчин М.Болд, хөгжимчин Шонарт баритон, соёлын тэргүүний ажилтан Ц.Баттєр, гүн ухаанч Колленд басс Р.Батболд, байрны эзэн Бенуад басс Э.Бумхүү, бийлэгжүү эр Альциндорд басс Б.Алтанхуяг, Рудольфын хайрт бүсгүй Мимид сопрано, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг,Марселийн бүсгүй  Мюзеттад сопрано, соёлын тэргүүний ажилтан Н.Туяа, Парпиньол тоглоом худалдагч тенор М.Даваадорж, гаалийн түрүүчд басс Э.Бумхүү болон оюутнууд, хээнцэр хүүхнүүд, хотын иргэд, худалдаачид, цэргүүд, хоолны газрын үйлчлэгчид, охид хөвгүүдэд дуурийн театрын найрал дуучид тоглолоо.

    “Богета” дуурь нь  анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Дж.Пуччиниг дуурь бичсэн байна. Дж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгааг харуулахыг зорьжээ. Дж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнхээ амьдралыг болоод авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг тухай өгүүлэхийг зорьжээ. Мөн тэдний амьдралын эмгэнэлийг хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан гэж судлаачид үздэг. Романыг дуурь болгоход нэлээд товчлох шаардлагатай байсан ч зохиолын утга санааг огт хөндөлгүй хадгалж чадсан гэдэг.

    Үйл явдал 1830-аад оны үеийн Парижид өрнөдөг. Латин хорооллын нэгэн мансардад яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаач Коллен хэмээх дөрвөн найз хамтран өрөө хөлсөлж амьдарцгаах аж. Тэд бүгд л ирээдүйгээ гэрэл гэгээтэйг,ээр төсөөлөн хөгжилдөх залуу авьяастнууд. Даанч тэдэнд мөнхийн мөнгөний асуудал тулгарна. Уран бүтээлээ туурвих тав тухгүй хүйтэн байр, хоосон ширээтэй ч тэд сэтгэлдээ гал улалзуулсан алдар нэр горилогчид. Яруу найрагч Рудольф санамсаргүй учралаар хөрш бүсгүй Мимитэй танилцан агшин зуур аз жаргал, хайр дурлалд автан үүрдийн сэтгэлээ түүнд өгдөг ч залуу хосуудыг  ядуугийн зовлон нөмөрдөг. Хайраараа бүхнийг халхлаад ч хүнд өвчтэй Мимид туслаж чадахгүйгээ мэдсэн Рудольф түүнээс салахаар шийднэ. Харин түүний найз зураач Марсель дурлалт бүсгүй Мюзеттатайгаа эргэн учран хуучны бүхэн нь сэргэнэ. Гэвч аз жаргал удаан үргэлжилдэггүй.  Удалгүй тэдний дунд үл ойлголцол гарах бөгөөд Мюзетта дахин Марселийг орхин явах ба Рудольф Мимигээс салан эргээд л нөгөө хөлсний байрныхаа хүйтэн өрөөндөө үлдэнэ. Тэр хоёр хоёул хайртай бүсгүйчүүлээ санан шаналдаг ч бие биенээсээ нуухыг хичээдэг. Өвөл болж хүйтрэх үед хөөрхий Мимигийн бие  уушигны өвчиндөө зовж хэрэн тэнэн амьдарч байхад нь Мюзетта тааран тэрбээр амьсгал хураахынхаа өмнө Рудольфтой уулзуулахыг гуйж Мансард руу ирнэ. Рудольф мөнгө байхгүйн улмаас Мимиг орхисон тухайгаа учирлах боловч Мими аврагдахаасаа нэгэнт өнгөрсөн байна. Анх танилцсан тэр л өрөөндөө анхны учралаа эргэн дурсан Мими амьсгал хураадаг. Цас намуухан бударсаар…

    Энэхүү дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдал дуулианаар бага ч хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн ертөнц, сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудынхаа мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг маш тод зурсан гэж урлаг судлаачид дүгнэсэн байдаг юм. “Богема” дуурь нь маш богино хугацаанд үзэгчдийн сэтгэлийг татаж олон орны дуурийн театрын тайзнаа амилж байжээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж