
Мьянмарын Босогчдын арми болох Карений ардчлалын төлөө Буддист Арми болон тус орны зэвсэгт хүчний хооронд гарсан мөргөлдөөний улмаас олон мянган хүн зугтаж, Тайландын нутаг руу нэвтрэн орсоор байгаа ажээ.
Тайландын явган цэргийн 15 дугаар хорооны захирагч хурандаа Supachoke Thawatreerachai хил хамгаалах цэргийг хүч нэмэгдүүлсэн бөгөөд байдал хяналтаас гарч, тайландын үндэсний аюулгүй байдалд аюул учрахаар бол хүнд зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
10000 зугтагчдын нэгэн болох Маунг Маунг “Өнөө өглөө цэргийнхэн бид нарыг үхэхийг хүсэхгүй байгаа бол тосгоноо орхиж явцгаа” гэж хэлсэн гэсэн байна. Цэргийнхний хөөргөсөн пуужинд хоёр хүн өртөж амь насаа алдсан аж. Бусад хүмүүс Миавади тосгонд дайралтад өртөж амь насаа алдсан бөгөөд 20 гаруй хүн шархджээ.
Үдээс хойш босогчид болон бирмийн армийн хооронд зэвсэг мөргөлдөөн болж, босогчдын эзэлсэн тосгоныг цэргүүд эргүүлэн авсан байна.
Хоёр орны хилийн зааг болж байдаг Мой голын нөгөө талд мьянмарын нутагт автомат бууны буудалцаан, тэсрэлтийн дуу чимээ сонсогдож байгаа аж. Маунг Маунгийн яриснаар “Хүмүүс жижиг завь, зарим нь машины дотуур дугуйг хийлж гол гаталж байгаагаас зүгээр сэлж гарч байгаа хүмүүсийг ч харсан” гэж ярисан байна.
Тайландын нутагт зугтан ирсэн хүмүүст орон нутгийн захиргаа болон Улаан загалмай хоол ундны тусламж үзүүлж байгаа юм байна. Зугтан ирэгсдийн тусгай лагерьт ажиллаж буй сайн дурынхны нэг нь “би гэхэд л өнөөдөр 3000 хүний хоол хийлээ” гэж ярьжээ. Зугтсан бирмчүүд явганаар хүрэлцэн ирсээр байгаа ажээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг