Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ?

Хүн аливаа зүйлийг өөртөө сайхан сэтгэл мэдрэмж төрүүлэхийн тулд хийдэг. Жишээ нь шалгалтдаа амжилттай дүн авна гэж итгэж байгаа хүүхэд телевиз үзэх, хөгжим сонсох ч юмуу найз нартайгаа тоглох зэргээсээ татгалзаж, хичээлдээ бүх чөлөөт цагаа зарцуулж чадна. Хичээлээ сайн давтаж, бэлтгэснээр шалгалтаа сайн өгнө, ингэснээр сэтгэл хангалуун байна гэдгийг  тэд мэдэж байгаа учраас ингэж хичээдэг. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхад хоёр зүйл нөлөөлнө:
“Дотоод” хязгаарлалт буюу авьяас чадвар дутагдах, хүсэл эрмэлзэлгүй, ур чадваргүй байх гэх мэт
“Гадаад” хязгаарлалт буюу өөрийгөө нээн харуулах боломж бололцоо хомс эсвэл бүр байхгүй байх.
Өөртөө итгэлтэй хүнд “дотоод” хязгаарлалт гэж бараг байдаггүй, харин “гадаад” хязгаарлалт л хааяа бэрхшээл учруулна. Харин өөртөө итгэлгүй хүний “дотоод” хязгаарлалт олон бөгөөд “гадаад” хязгаарлалтгүй ч байгаа юм шиг санагддаг. Энэ байдлыг “гэнэн айдас” гэж нэрлэдэг.
Өсвөр насныхан өөртөө сэтгэл дундуур байдлаа өөрчилж, мартахын тулд янз бүрийн оролдлого хийдэг. Харин түүнийгээ илэрхийлж буй хэлбэр нь хүүхэд, эцэг, эх багш нарын хооронд үл ойлголцлыг үүсгэх нь олонтаа. Жишээ нь: хичээлдээ муу хүүхэд үүнээсээ санаа зовон, өөртөө итгэлгүй, ганцаардмал болдог. Энэ байдлаасаа гарахын тулд этгээд хачин ааш гаргаж, бусдын анхаарлыг татахыг оролддог. Тэд багш нар, аав ээжийнхээ “толгойн өвчин” болдгийн шалтгаан нь энэ аж.
Өөртөө итгэх итгэл нь сурч, мэдэхэд нөлөөлдөг
“Дотоод” хязгаарлалт буюу аливаа зүйлийг хийж чадаагүйдээ гутрах, эсвэл хийсэн ч алдаа гаргахаас айх, эргэлзэх, зориг дутах нь хүүхдийн хичээл сурлагад нөлөөлнө. Өөдрөг үзэлтэй хүүхэд амжилттай суралцаж, бусдынхаа дунд өөрийн байр суурийг эзэлж чадна.
Өөртөө итгэх итгэл нь хүмүүс хоорондын харилцаанд нөлөөлдөг
Өөртөө итгэлтэй хүүхэд бусадтай сайхан харилцаа тогтоон, харилцаж чаддаг учраас ямарваа нэг ажилд бусдыгаа манлайлна. Ийм хүүхэд найз нартаа итгэж, найдан,золгүй явдал тохиолдоход тэдэндээ тусалж чаддаг. Өөртөө итгэлтэй хүүхэд хэн нэгнээс анхаарал тусламж хайх, хэн нэгнийг хажуудаа дагуулдаггүй тул хичээл номондоо зориулах цаг зав ихтэй байдаг. Харин өөртөө итгэлгүй хүүхэд айдас, ганцаардлаа мартахын тулд бусдын дэмжлэгийг байнга эрэлхийлж, улмаар суралцах цагаасаа түүнд зарцуулдаг нь эргээд муугаар нөлөөлнө. Ийм хүүхэд бусадтай тэр бүр ойлголцож чаддаггүй.
Өөртөө итгэх итгэл нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээнд нөлөөлнө
Хүүхэд зохион бүтээх, мөрөөдөх, ургуулан бодох зэрэг байгалиас заяасан авьяастай. Харамсалтай нь өөртөө итгэлгүйн улмаас авьяас чадвараа нээн харуулж чадахгүй байх нь элбэг. Хийж бүтээснийг нь хүмүүс шүүмжлэх вий гэхээс эмээдэг. Өөртөө итгэлтэй хүүхэд хийж чадна гэдэгтээ бардам байж, өөрийгөө бусдад нээн харуулахдаа ямар нэгэн саад бэрхшээлийг амсдаггүй.
Өөртөө итгэх итгэл өсвөр насанд буурдаг
Охидын өөртөө итгэх итгэл өсвөр насанд буурдаг болохыг судлаачид тогтоожээ. Бага сургуульд байхдаа охид бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлдэг бол  өсвөр насанд энэ зан нь харьцангуй өөрчлөгддөг. Тэд дуу цөөтэй, өөртөө итгэлгүй болж, өөрсдийгөө бусдад өөрийгөө илэрхийлэхээс илүү бусад хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодож байгаад санаа зовж эхэлдэг.
Охид санал бодлоо хэлэх, өөрийн гэсэн үзэлтэй байж, ямар нэг зүйл хийснийхээ төлөө талархал урамшил сонсохын оронд эелдэг даруу номхон хүлцэнгүй байж, “хөөрхөн,даруухан охин” гэсэн магтаал сонсдог. Ухаалаг, өөрийн бодолтой охид дуу цөөтэй байдаг биз дээ гэж та хэлэх байх. Тэгвэл угаасаа дуу цөөнтэй байх нэг хэрэг. Харин энэ нь өөртөө итгэлгүй байдлаас болсон бол амьдралд хожим томоохон бэрхшээлтэй учирч болно. Өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чадахгүй бол үерхэл нөхөрлөл нь бүтэлгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг өөрчилнө гэдэгтээ итгэдэггүйн улмаас зовлон бэрхшээлийг даван туулж чадахгүй байх, цаашилбал ажил төрөл хийх үедээ авьяас чадвараа харуулж чадаагүйгээс олон сайхан боломжийг ч алдаж болох талтай.
Та хүүхдээ анхаарах сонсдог уу номын хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж