Зоэллик алтны стандарт бүтээх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Зоэллик алтны стандарт бүтээх ёстой гэв

Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зоеллик валютын хөдөлгөөнийг чиглүүлэх дэлхийн хэмжээний алтны стандарт бүтээх ёстой хэмээн “Financial Times”-д хэлжээ. Тус банкны ерөнхийлөгчөөр 2007 оноос хойш ажиллаж байгаа тэрбээр 1971 оноос хойш мөрдөгдөж байгаа валютын хөөрөгдлийн “Бреттон Вудс-2” системийн халааг авах өөр систем хэрэгтэй гэв.
Ноён Зоеллик өмнө нь АНУ-ын Эрдэнэсийн сангийн удирдах албан тушаалтнуудын нэг байсан юм. Түүний үзэж буйгаар ам.доллар, евро, иен, фунт стерлинг болон юаньд олон улсын хяналт тогтоох, цаашлаад нээлттэй капитал хуримтлал бий болгох шинэ систем шаардлагатай байгаа аж.
“Энэ систем нь алтыг мөн инфляци, дифляци болон ирээдүйн валютын ханшийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болгох ёстой” гэж Зоеллик бичжээ.
Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа олон улсын системд учир дутагдал байгаа гэсэн санааг илэрхийлжээ. Өдгөө БНХАУ-ын Засгийн газар юанийн ханшийг зохиомлоор дарж байгаа нь дэлхийн валютын тэнцвэргүй байдал, капитал зах зээлийн буруу хуваарьлалт зэргийг үүсгээд байгаа гэж АНУ шүүмжилж байгаа юм. Энэ долоо хоногт “Их-20”-ын төрийн тэргүүд Сөүл хотноо хуралдаж, валютын ханшийн талаарх үл ойлголцлын талаар хэлэлцэх билээ. Гэхдээ энэ хуралд АНУ ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын төв банк эдийн засгийг сэргээх зорилгоор 600 тэрбум ам.доллар оруулах шийдвэр гаргасан нь томоохон эдийн засаг бүхий орнуудын зүгээс зэмлэл хүртээд байна. Германы Сангийн сайд Вольфганг Шаубле “Federal Reserve”-ын шийдвэр гарсаны дараа “Америкчууд Хятадыг мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр дарж байна гэж буруушааж байгаа боловч өөрсдөө төв банкаараа дамжуулах их хэмжээний ам.доллар хэвлэж, ханшийг сулруулах гэж байгаа нь ойлгомжгүй” гэж хэлэв.
Хэдийгээр алтыг дахин мөнгөний ханшийг тогтоох гол хэрэглүүр болгох санал гарч байгаа ч ихэнхи бодлого боловсруулагчид болон эдийн засагчид энэ аргыг илүү хатуу мөнгөний бодлого шаардлагатай болно гэж үздэг юм.
Хамгийн анхны “Бреттон Вудс” системийг Дэлхийн банкны охин байгууллага болох Олон улсын валютын сан 1945 онд гаргаж байсан юм. Энэ системээр алтны ханштай холбоотойгоор валютын ханшийг тодорхойлдог байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж