
Үүний дараа Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг сонгох ажил эхлэв. Тэр 31 хүний нэрийг тохирох гэж өчигдөр бүтэн өдрийг барсан юм. Өмнө нь 21 гишүүнтэй байсан Удирдах зөвлөлийг УИХ-ын сонгууль дөхөж байгаатай холбогдуулан мөн 10 хүнээр өргөтгөж байгаа юм байна.
Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа мөн л оройтож эхэлж шөнө дунд хэвийсэн хойно өндөрлөжээ. Нийт 33 хүний нэр дэвшсэнээс 31-ийг сонгосон байна. МАН-ын дарга С.Батболд 31 хүнийг санал болгож, танхимаас УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Төв аймгийн Засаг дарга Б.Энхбат нарын нэрийг дэвшүүлжээ.
Удирдах зөвлөлийн хуучин цөм бараг хэвээрээ үлдсэн байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, сайд Т.Ганди гээд хууччууд бараг бүгдээрээ үлдсэн байна. Шинээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, TY-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл нар Удирдах зөвлөлд орсон байна.
Д.ОЮУН