Юрий Лужков охидынхоо төлөө айж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Юрий Лужков охидынхоо төлөө айж байна

Юрий Лужков охидынхоо төлөө айж байна
Москва хотын захирагч Юрий Лужков гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө түгшиж байгаа болон Владимир Путин ба Дмитрий Медведев нартай ямар харьцаатай байдаг, ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр сууриа Британийн The Sunday Telegraph, сонинд ярилцлага өгсөн байна.
Ерөнхийлөгчийнхөө итгэлийг алдсан гэгдэж албан тушаалаасаа буусан Юрий Лужков барууны хэвлэлд анхны ярилцлагаа өгчээ. “Би гэр бүлийнхээ төлөө айж байна” гэсэн гарчигтай ярилцлага энэ сарын 7-ны өдөр “The Sunday Telegraph” сонинд хэвлүүлжээ. Хотын захирагч асан уг сонины сэтгүүлч Эндрю Осборонтай ярилцахдаа гэр бүлийнхээ төлөө түгшиж байгаа учраас хоёр охиноо Лондонд амьдруулахаар болсноо хэлсэн байв. Лужковын яриагаар эхнэр болон өөрөө “Оросын дайснууд” шахалт үзүүлэхийн тулд хүүхдүүдийг ашиглана гэж айсан гэнэ. Лужковыг халсныг барууныхан Кремль бие даасан бүс нутгийн засаглалын үлдэгдлийг зайлуулж Москвад өөрийн хүнийг тавин босоо тэнхлэгийн захиргаагаа бэхжүүлж байна гэж ойлгосныг уг сонин уншигч нартаа сануулсан байв.
“Бүхнийг залгигч үзэн ядалт”
“Бидэнд өөрсдийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зовох ноцтой үндэслэл байгаа. Биднийг үзэн яддаг. Энэ бол бүхнийг залгих үзэн ядалт. Манай гэр бүлийн эмзэг хэсэг нь хүүхдүүд. Бид тэднийг Москвад үлдээхээс айж байна гээд улс төрийн оршин тогтнох тэмцэл болон эхнэр Елена Батуринагийнхаа Орос дахь бизнесийн вант улсыг аврах оролдлогын талаар сануулж байна. Түүний яриагаар 47 настай бизнес хатагтайг хөрөнгөө Кремлийн талын олигархуудад зар хэмээн шахаж байгаа ажээ. Тэдний охин 18 настай  Елена, 16 настай Ольга нар Москвагийн их сургуулиа орхин ойрын 5-6 жилд Лондонд амьдрахаар болж байна. Тэд эхлээд англи хэл сураад дараа нь нэрийг нь тодруулж хэлээгүй их сургуульд суралцах гэнэ. Лужковын охид одоо Лондоны баруун хэсэгт байр хөлслөн амьдарч байна.
“Энэ бүхэн  хүүхдүүдэд томоохон цохилт болсон. Бидэнд ч энэ шийдвэрийг гаргахад хүнд байлаа” гэж тэрбээр хэлээд эхнэрийнхээ хамт охидоо байнга эргэж байх болно гэв.Үүнийг хэлж байхдаа тэрбээр эхнэрийн хамт Лондон хотын Хайгейт  гэх элитийн дүүрэгт 50 сая фунтаар томоохон өргөө худалдан авсан гэсэн мэдээг үгүйсгэлээ.”Бидэнд тэр нь ямар хэрэгтэй юм бэ?” гэж тэр өгүүлээд энэ мэдээллийг тараасан хэвлэл уучлалт гуйсан гэв. Экс-мэр охидоо Лондон руу  явуулж байгаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн эхээр гарсан ба тэр үеэр “Интекл” компани мөн МГУ түүнийг үгүйсгэж байв. “Ирээдүйд Путинтай сөргөлдөөн гарлаа гэхэд Москвагийн мэр ба москвачууд Путиныг биш түүнийг  дэмжинэ гэсэн итгэл Медведевт байгаагүй” гэж Лужков огцорсныхоо дараа Америкийн CNN телевизид аравдугаар сарын 25-нд ярьж байсан юм.
Улс төрийн оршин тогтнолын төлөөх тэмцэл
“Москва Европын хот болсон. Эерэг сөрөг  зүйл ч их бий” хэмээгээд дахиад мэр болсон ч ажилдаа юуг ч өөрчлөхгүй байсан гэжээ. Өөрийг нь шахан буулгасан гэж Лужков ярьж байна. “Намайг чимээгүй зайлахыг гуйсан. Харин би татгалзсан юм. Дараа жил миний бүрэн эрхийн хугацаа дуусна. Би тэгээд л тайван явна. Та нар намайг халах эрхгүй” гэж тэрбээр хэлсэн гэнэ. Мөн энэ зуны Москвад тохиолдсон ээдрээтэй явдалтай холбон өөрийг нь буруутгаж байсан тухай ч тэрбээр ярьжээ.
Интеко компанийн хувь заяа
Лужковыг огцронгуут Кремльд ойр бизнесменүүд түүний эхнэр Елена Батуринаг  «Интеко» гэх олон саяын хөрөнгөтэй компаниа зар гэж шахах болсон гэж тэрбээр өгүүлж байна. “Тэд манай эхнэрийн компанид очсон. Эрх баригчдыг тойроод хангалттай хүчин чадалтай олигархийн бүтэц бий болсон байна. Тэдний хувьд энэ үр ашигтай, цэвэр бизнес бол амттай зууш” гэж мэр асан ярьсан ч тэдний нэрийг хэлэхээс татгалзсан юм.
Гэр бүл  нь учирсан хэргийг тэрбээр “урвалт” гэж нэрлээд “Бид бууж өгөхгүй. Миний эхнэр өөрийн бизнесийн төлөө тулалдан нэр төрөө хамгаалах болно” гэж Лужков мэдэгдэв. Березовскийн адил тэрбээр Лондон руу зугтах гээгүй “Би Москвад төрсөн, эх оронч хүн. Надаас амар салахгүй” хэмээн Лужков  онцлов.
“Ардчилал хумигдсаар байна”
Саяхан эрх баригч намын удирдагчдын нэг байсан Юрий Лужков, Орос орон одоо “хамтын авторитар дэглэмийн улс” болоод байна, ардчиллын өчүүхэн төвшин өдөр бүр улам хумигдсаар байна гэж дүгнэв. Мэр асан хэвлэл мэдээллийн цензур, ямар төвшний  сонгуулийн үр дүнгүй байдал, Орос эдийн засгийн түүхий эдээс хамааралтай болсон зэргийг шүүмжилж байна.
Ерөнхий сайд  Владимир Путин түүнийг зайлуулах гэж байгааг мэдэж байсан гэж тэрбээр ярьсан ч Ерөнхийлөгчөө муулаагүй юм. “Путин хувиараа надад сайн ханддаг. Тэрбээр миний алба ажлын чухлыг мэдээд надад итгэж байсан. Москвад тогтвортой байх нь түүнд улс орныхоо ажил хэрэгт анхаарлаа төвлөрүүлэх боломж өгч байсан” хэмээн тэрбээр өгүүлэв. Харин Медведевийн талаар тэрбээр шүүмжлэлтэй байлаа. ”Медведевийн барууны стилиэр шинэчлэл хийх яриа нь бодит байдлаас тасархай. Тэрбээр баруунд өөрийгөө ардчилсан сэтгэлгээтэй орчин үеийн хүн гэж харуулахыг оролдож байна. Гэтэл хэрэг явдал өөр чиглэлээр хөдөлжээ. Бүрэн хэмжээгээр хатуу дэглэм бүрэлдэж амжаагүй ч хандлага нь тодорхой байна”  гэж тэр үзэж байгаа ажээ.
Хэн дараагийн ерөнхийлөгч болох бол? гэсэн асуултад экс-мэр хариулахдаа: “Элитүүдийн тохиролцож чадсан хүн л ерөнхийлөгч болно. Улс оронд ямар сонголт байна вэ? Ямар ч сонголт байхгүй” гэж Юрий Лужков ярьж байна.
Курилийн үнэ цэнэ
Оростой Курилийн арлын талаар маргаан гаргасан Японы ерөнхий сайд Наото Канын чансаа эрс уналаа. Медведевийг Курильд очсноор Токиогийн мандуулсан албан ёсны дуулиан япончуудын дэмжлэгийг авч чадсангүй. Ерөнхий сайд болсноосоо хойш түүний чансааны үзүүлэлт 35 хувь хүртэл унасан байв.
Засгийн газрын нэр хүнд нь ажиллаж байгаа бага хугацаанд 18 хувиар унаад байгаа гэнэ. Наота Кан өөрөө энэ Хятад ба Оростой гаргасан дуулианыхаа улмаас унасан нэр хүндээ арлыг буцаах шинэ арга зам олон сэргээх гэнэ.
Медведев Лукашенког шүүмжлэв
Энэ сарын 6-ны өдөр Медведев Белорусь, Оросын ард түмэнд видео илгээлтээр хандлаа. Тэрээр Белорусийн ард түмэн ба Александр Лукашенко хоёрыг зэрэгцүүлэн авч үзэхгүй гэв. Белорусийн ард түмнийг Александр Лукашенко мэтийн улс төрчид хутган үймүүлж чадахгүй гэж тэр хэлэхдээ арванхоёрдугаар сарын сонгуулийн сурталчилгааг оросуудын эсрэг хийж буй хүмүүсийг дайруулан хэлсэн байв. Орос өөрөө Белорусийн асуудлаас зайлаагүй харин Лукашенкогаас олон асуудал асуугдана гэсэн байна. Хэрэв Белорусийн сонгууль хуулийн зөрчилтэй болбол Лукашенког Орос хүлээн зөвшөөрөхгүй гэж Медведев хэлжээ.
Александр Лукашенко сонгуулийн хугацааг нааш нь татаад сөрөг хүчний үйлдлийг хязгаарлах гэсэн нь өөрт нь бас л гайтай болж байх шиг. Хэрэв тэрээр арванхоёрдугаар сарын 19-ны сонгуулийг хуулиар явуулж чадахгүй зөрчилтэй болговол түүний бүрэн эрх нь хуулийн дагуу маргааш нь зогссон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж