
-Монголын Зэвсэгт хүчин шинэчлэгдэж байна. Шинэчлэлийн утга агуулга юу вэ?
-Сүүлийн жилүүдэд бий болсон Зэвсэгт хүчний өнгө төрх нь нь 1960-аад онд эхлэж 1980-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн, Монгол Улс олон улсын жишигт хүрсэн орчин үеийн мотобуудлагын цэрэгтэй болох зорилгоор хийгдсэн нүсэр их ажлын үр дүнг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн гүнзгийрүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм. 1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хийгдээд байгаа цэргийн шинэчлэл нь 1960-1990-ээд оны дунд үеийг хүртэл цэрэг, армийг удирдаж байсан гайхамшигт хүмүүсийн бий болгосон цэргийн боловсон хүчин бэлтгэх цэгцтэй, шударга тогтолцооны хүрээнд өөрсдийн гараар сонгож, сургаж, хүмүүжүүлж бэлтгэсэн, хамгийн гол нь 1990-ээд оны ороо бусгаа цагт цэрэг армидаа үнэнчээр үлдсэн тэр хэдэн генерал, офицеруудын гавъяа. Мөн 1990-ээд оны сүүлчээс эхлэн цэргийн сургуулиудаар чиглэл зорилготой бэлтгэж эхэлсэн шинэ үеийн офицер, ахлагч нарын гавьяа юм. Мэдээж Монголын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт бүх юм сайн байгаа гэж хэлэх хараахан болоогүй байна. Олон улсын үйл ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь цэрэг, армийн олон талт үйл ажиллагааны гадаадын хүчирхэг орнуудын тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа зөвхөн нэг л хэсгийн үр дүн юм. Цаана нь олон зүйл хөлөө олж жигдрээгүй, зарим асуудалд дээр төөрч будилах шинжтэй ч байгаа.
-Таныг социализмын гэж байх үеийн БХЯ-ны бараг бүх сайдын дэргэд алба хашсан гэж сонссон. Тэд ямархуу хүмүүс байсан вэ?
-Орчин үеийн армийн шинэчлэл 1960-аад оны дунд үеэс эхтэй л дээ. Дайны дараа армийг татан буулгаад дахин сэргээсэн. Жанжин Ж.Лхагвасүрэн гуай энэ ажлыг эхлүүлээд армийн генерал Б.Дорж гуайд сайдын албаа шилжүүлсэн юм. Б.Дорж гуайн байгуулсан асар том гавъяа бол бүх юмны эхийг цэгцтэй тавьж өгсөн. Тэгээд Монголын Ардын армийн шинэчлэлийг гардан хийх хүмүүсийг өөрийн хурц хар ухаан, хүнийг таних амьдралын асар их туршлага дээрээ тулгуурлан сонгон гаргаж ирж, дэмжиж сургаж, эцгийн ёсоор халамжлан хүмүүжүүлсэн явдал гэж би боддог. Дараа нь хурандаа генерал Ж.Авхиа, хурандаа генерал Ж.Ёндон гээд дараалсан хоёр мундаг сайд байсан. Хоёулаа Б.Дорж гуайн гараар гарсан, цэргийн шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн хүмүүс шүү дээ.
Би цэргийн судлаач хүний хувьд Б.Дорж гуай, Ж.Авхиа гуай хоёрыг эргээд санахаар Чингисийн цэргийн жанжнууд гэж ийм л хүмүүс байсан байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Дээр нь тэдний араас гарч ирсэн Ж.Ёндон, Ш.Жадамбаа, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж гуай зэрэг хүмүүсийг тухайн үеийн ЗХУ-ын цэргийн том жанжнуудаас юугаараа ч дутахгүй генералууд байсныг мэднэ. Бүр ЗХУ-ын БХЯ-ны сайд, Жанжин штабын дарга нар өөрсдөө тэгэж үнэлж байхыг нь чихээрээ сонссон хүн.
Тэр үеийн манай сайд, дарга нар чинь их сайхан улс байсан юм шүү дээ. Биднийг хатуу чанга аргаар сургаж хүмүүжүүлэхийн зэрэгцээ залуу гэж голохгүй юм асууж зөвлөдөг, дэмжиж чиглүүлдэг байлаа. Их энгийн даруу хүмүүс байсан. Тэд бүх насаараа төрийн төлөө үнэнчээр зүтгээд эцэст нь тэтгэвэрийн хэдээрээ гол зогоож, автобусанд загнуулж зандруулж, дэлгүүр, эмнэлэгт оочирлож явсаар, ихэнх нь төмөр орон дээрээ л нас барсан улс даа. Би л лав тэр үед армиас баяжсан, хөлжсөн генерал гэж дуулаагүй.
Надад дээрх хүмүүсийн дэргэд ойр ажиллаж асар их юм сурах аз тохиосон нь үнэн. Тэгээд би “Миний мэдэх Батлан хамгаалахын сайдууд, Жанжин штабын дарга нар” гэсэн нэртэй байх юм уу даа, нэг ном бичих, тэднийхээ тухай баримтат кино хийх бодлыг сүүлийн хэдэн жил тээж ирсэн хүн. Яагаад вэ, гэвэл нэгдүгээрт, түүх үнэнээрээ үлдэх учиртай, хоёрдугаарт, үнэхээр тэр үеийн БХЯ, ЗХЖШ, Улс төрийн газарт болж байсан хэрэг явдал, нарийн ширийн юмыг гадарлах цөөхөн хүн үлдсэний нэг нь би байж магадгүй. Цэргийн жинхэнэ албанаасаа халагдаад гэртээ сууж байгаа болохоор одоо л үүнийгээ хэрэгжүүлэх бололцоо гарах бололтой байна.
-1990-ээд оноос хойш арми өөрчлөгдөхөөс аргагүй болсон. Бүхэл бүтэн Ерөнхий цэргийн армиас өөрийгөө хамгаалах цөөхөн цэрэгтэй болтол цомхотгол хийх ажил хэр бэрхшээлтэй байв?
-Хамгийн гол нь хамтын батлан хамгаалах тогтолцоо татан буугдчихсан, Зөвлөлтийн цэрэг гараад явчихсан, цаашдаа улс орноо хэрхэн батлан хамгаалах нь тодорхойгүй болчихсон нь ард түмэн, армийн бие бүрэлдэхүүний дотор эргэлзэх хоосон орон зай үүсгээд байлаа. Арми хэрэгтэй, хэрэггүй, Монгол Улсыг батлан хамгаалах шаардлага байгаа эсэх талаар маргаан өрнөж, Монгол Улс өөрийгөө батлан хамгаалах чадвартайд эргэлзэх байдал ч газар авч байсан юм. Үүн дээр улсын эдийн засаг уналтанд орж, өргөн хэрэглээний бараа, ялангуяа хүнсний барааны хувиарлалтыг картын системд шилжүүлэх хүртлээ доройтсон нь нэрмээс болж байлаа. Хил дамнасан жижиг наймаа цэцэглэн хөгжиж, тэр нь хүн амд орлого олох ганц арга зам, амьдралын баталгаа мэт сэтгэл төрүүлэх болсон нь зарим хүмүүс, ялангуяа залуу офицер, ахлагч нарыг армиас нүүрээ буруулахад хүргэж байсан юм.
Энэ үед Зүүн Европын орнуудад болсон хэрэг явдлууд, ялангуяа Румыны ард түмэн, Засгийн газрын цэргүүдийн хооронд болсон цуст мөргөлдөөн, ЗХУ задран тарж, үндэсний асуудлаас улбаатай дайн, дажин хаа сайгүй дэгдэж, тэгээд Хятадад Тянь Аньминий талбайд болсон үйл явдал нийгмийн сэтгэлгээнд гүн ул мөрөө үлдээж байлаа. Энэ нь зарим талаар нийгмийн тодорхой хэсгийн дотор манай армийг хүчирхийллийн хэрэгслэл болон хувирах вий гэсэн болгоомжлол, хардлагыг төрүүлж, армийн эсрэг чиглэсэн суртал ухуулга үе үе цухалзаж байв. Армийн дотор ч олон ургалч үзэл өрнөж, батлан хамгаалах салбарын хуучин тогтолцоонд шүүмжлэлтэй хандах, цэргийн албаны зохион байгуулалт, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан юм.
Энэ бүхнээс харахад тэр үед зөв сонголт хийх, зөв хүн армийг удирдах ямар чухал байсныг бид одоо л ойлгож байна. Үүний дотор үндэсний аюулгүй байдлаа хангах өөрийн гэсэн үзэл баримтлал боловсруулах санаа гарсан нь зөвхөн цэрэг, армийн төдийгүй, улс орны хувь заяанд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог юм. Аливаа юм түүхэнд үнэнээрээ үлдэх учиртай байдаг гэж би дээр хэлсэн. Энэ санааг анх цэргийнхэн, тэр дотроо тэр үед БХЯ-ны сайд байсан дэслэгч генерал Ш.Жадамбаа гаргасан юм шүү дээ.
Тэгээд Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнг өргөтгөж, дэргэд нь Стратегийн судалгааны төвийг байгуулж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын болон батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий хууль, тогтоомжуудын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах ажлыг даалгасан. Энэ үед Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнг Жанжин штабын дарга байсан, Ч.Пүрэвдорж генерал удирдаж байлаа. Стратегийн судалгааны хүрээлэнгийн анхны захирал нь одоо Тагнуулын ерөнхий газрын дарга байгаа доктор Р.Болд юм шүү дээ. Хоёр дахь захирал нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, гуравдахь нь БХЯ-ны сайд асан Л.Моломжамц генерал.
Ингээд энэ хоёр хүрээлэн дээр тулгуурлаж, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн газар хэлтсүүдээс гадна цэргийн голлох мэргэжилтнүүд, эрдэмтдийг татан оролцуулсан ажлын хэсгүүдийг байгуулж, эдгээр баримт бичгийг шинээр боловсруулах, шат дараалан хэлэлцэх, дахин нягтлан боловсруулах, төрийн бусад хууль тогтоомжид нийцүүлэх зэрэгт ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан юм.
Эдгээрийн үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуульд батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчинтэй холбогдол бүхий заалтууд тусгагдаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн номлолын үндэс, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай, Батлан хамгаалах тухай, Хилийн тухай, Иргэний хамгаалалтын тухай, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Дайны тухай, Дайн бүхий байдлын тухай, Онцгой байдлын тухай зэрэг хуулиуд Улсын Их хурлаар дараалан батлагдан мөрдөгдөж эхэлсэн юм.
Энэ баримт бичгүүдийг боловсруулахад цэргийнхний оролцсоны үр дүн нь одоо харагдаж байна гэж боддог. Монгол улс үндсэндээ амьдрах чадвартайгаа харуулсан, өөрийн гэсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай, Цэргийн бодлоготой, аюулгүй байдлынхаа гол асуудлуудыг харгалзсан Гадаад бодлогын үзэл баримтлалтай болж чадсан. Өнөөдөр манай аюулгүй байдлын гадаад орчин харьцангуй тааламжтай боллоо. Цэргийн аргаар биш улс төр-дипломатын аргаар, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлаа хангах бодлого амжилттай хэрэгжиж байна. Зэвсэгт хүчнийг цомхон чадварлаг, олон зориулалттай болгон шинэчлэх ажил ч муугуй явагдаж байгаа нь эдгээр баримт бичгийг цаг үеийг нь олж гаргаж амжсантай холбоотой гэж үзэхэд буруудахгүй байх.
Энэ хүрээнд хийгдсэн хамгийн чухал зүйл бол арми хэзээд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө байх зарчмыг хатуу мөрдлөгө болгон улс төрийн тэмцэлд түүнийг татан оруулахын эсрэг бүх арга хэмжээг авах, тэгээд армийн өөрийнх нь дотоод тогтвортой байдлыг хангах явдал байсан юм. Энэ зорилтуудыг тэр үеийн сайдууд буюу Л.Моломжамц, Ш.Жадамбаа гуай нар үнэхээр сайн биелүүж чадсаныг бид одоо л гүйцэд ухаарч байгаа юм. Дашрамд хэлэхэд Батлан хамгаалахын энгийн сайдтай байх санааг чинь 1990-ээд оны эхээр анх цэргийн хүмүүс өөрснөө асуудал болгон тавьж, утга агуулгыг нь тодорхойлж, хөөцөлдөж явж хуульчлан баталгаажуулсан юм шүү дээ.
1990-ээд оны эхээр арми ирээдүйгүй боллоо гээд нэлээд олон офицер, ахлагч нар халагдаад алга болсон. Наймаа, бизнес, улс төр хөөцгөөсөн. Хүний амьдралын асуудал болохоор зөв ч байсан байх. БХЯ, ЗХЖШ, ЦЭШХ-нд гэхэд аажимдаа цуварсаар цэрэг армидаа үнэнч цөөн хэдэн хүн үлдсэн юм шүү дээ. Аргагүй ч юм. 1990-ээд онд огт армигүй болно гэсэн яриа ч их газар авч байлаа. Тэр байтугай УИХ дээр цэргийн номлол, онцгой байдлын болон дайны байдлын тухай хуулиудын төслийг хэлэлцүүлж байхад “Та нар хэнтэйгээ байлдах гээд байгаа юм. Энэ дайны хэнээтнүүдийг хурлын заалнаас гаргая” гэсэн үг ч сонсдог байлаа. Тэр хүмүүсийн зарим нь одоо Их хуралдаа гишүүн хэвээрээ, нэлээд нь том дарга болчихсон, тэр ч байтугаа Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн эхийг би тавилцсан хүн гэж яриад явж л байна.
Тэглээ гээд бид армийн шинэчлэлээс ухраагүй. Арми татан буугдвал хамгийн сүүлд хашаанаасаа гарна даа гэж өөр хоорондоо ярилцсан тийм генерал, офицерууд байсан нь үнэн юм шүү. Өнөөдөр тэр хүмүүсийн эх орон, Зэвсэгт хүчиндээ үнэнч үлдсэний ач тус гарч байна. Нэг үе радио, телевизээр цэргийн офицер байсан хүнийг манаач, жижүүрээр авна гэж их зарладаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл одоо цэргийн албаны нэр хүнд өдөр ирэх дутам өсч байна. Цэрэгт явах гэдэг хүний тоо нэмэгдлээ. Батлан хамгаалахын сургуульд элсэхийг хүсэгчдийн тоо ч буурахгүй байна гэсэн. Гадаадын орнууд ч манай армитай хамтарч ажиллахыг эрмэлзэх нь улам нэмэгдэж байна.
Өөр нэг онцголйж хэлэх зүйл бол чухамхүү энэ үед “Ази, Номхон далайн бүс нутагт аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг сэрэмжлэн зайлуулах, хамтын аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож, олон түнштэй болох замаар аюулгүй байдлаа хангахад чиглүүлэхэд оршино” гэсэн үзэл баримтлал гарч ирж, батлан хамгаалах салбарын гадаад харилцааг нээлттэй болгож, хөрш гүрнүүд болон дэлхийн бусад улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бий болгох, НҮБ-ын зэвсэгт хүчин, олон улсын цэргийн байгууллага болон нөлөө бүхий улс орнуудтай цэргийн харилцаа тогтоохыг нэн чухалд тооцож, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ бүхний үр дүнд төр, нийгмийн шинэчлэлийн эхэн үе буюу ардчилсан хувьсгалыг цус урсгалгүйгээр тайван замаар хэрэгжүүлэх нөхцөл нэг талаар бүрдэж, батлан хамгаалах шинэ бодлого, үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэс үндсэндээ бий болж, цомхон чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин байгуулах үйл явцын эхлэл хөлөө олж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн олон талт үүрэг зорилт, түүний дотор олон улсын энхийг сахиулах үйлсэд монголын цэргийн алба хаагчдыг оролцуулах чиг баримжаа нь тодорхойлогдсон юм.
Товчхон дүгнэхэд 1990-1996 онд БХЯ, ЗХЖШ-ын генерал, офицерууд, цэргийн эрдэмтэд, судлаачид, тэгээд хүнд хэцүү үед боловч анги, салбарт үүргээ үнэнчээр биелүүлж байсан офицер ахлагч нарын зүтгэлээр бусад улс оронд 10-15 жилд хийж гүйцэтгэдэг цэргийн шинэчлэлийн үлэмж өргөн агуулга, цар бүхий зорилтуудыг шинэ сэтгэлгээ, монгол цэргийн уламжлалд тулгуурлан 5-6 жилд багтаан хэрэгжүүлж чадсан нь түүхэн үнэн билээ.
Ийм армийг БХЯ-ны сүүлчийн цэргийн сайд 1996 онд ардчилсан сонгуулиар төр засгийн эрхэнд гарсан Ардчилсан холбоо эвслээс томилогдсон анхны энгийн Батлан хамгаалахын сайдад хүлээлгэн өгсөн гэж би хувьдаа боддог юм.
-Зэвсэгт хүчний шинэчлэлд Та өөрөө ямар байдлаар оролцов.
-Миний оролцоо гээд сүйд болох юу байх вэ ? Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын дарга, орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга байхдаа Ч.Пүрэвдорж генерал, хурандаа Ш.Паламдорж нарын удирлагын дор энэ байгууллагыг салбарын хэмжээний хүрээлэн болгох гэж чадахаараа л зүтгэсэн.
ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж ирээд хэсэг хугацаанд Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байгаад 1998 онд Цэргийн их сургуулийн захирлаар томилогдсон. Тэгээд сургалтын агуулгыг нь шинэчлэх, үйл ажиллагааг нь иргэншүүлэх, эрдэмжүүлэх, эцсийн дүндээ ардчилал хөгжсөн орнуудад байдаг жишгээр Батлан хамгаалахын их сургууль болгон өөрчлөх гэсэн зорилго тавьж ажлаа эхэлсэн. Энэ үед нөгөө миний мэдэх, биднийг сургаж хүмүүжүүлж, загнаж зандардаг, гол нь түшиг болдог байсан социализмын үеийн гэгддэг генералууд, бусад сайхан дарга нар маань зарим нь ертөнцийн мөнх бусийг үзүүлээд, ихэнх нь тэтгэвэрт гараад ажиллахаа больчихсон байлаа. Оронд нь ардчилалын давалгаанаар гарч ирсэн энгийн залуухан, улс төрийн зүтгэлтэн, мэргэжлийн бус сайд, дарга нартай болсон, за тэгээд үнэнийг хэлэхэд тийм маягийн цэргийн хүмүүс дэвшээд гараад ирсэн байлаа. Түүний дотор нөгөө 1990-ээд оны эхээр армиас явсан зарим хүмүүс эргээд янз бүрийн дарга болоод гараад ирсэн байсан. Ардчилалын давалгаанаар гэж би тодорхой намын нэрээр хэлж байгаа юм биш шүү. Янз бүрийн л намын хаягтай улсууд байсан.
Маш олон зүйлийг шинээр хийх хэрэгтэй болсон. Нэг үе цэргийн сургуульд элсэх хүн олддоггүй, нэлээд нь замаасаа хаяад алга болдог, ихэнх нь төгсөөд хувиарлагдсан газраа очдоггүй болчихсон байсан юм. Энд хамгийн хэцүү нь бидний үнэмшил болсон хуучин сэтгэлгээг өөрчлөхөд байсан даа. Цэргийн сургуулиар бүх насаа армид зориулах үүрэгтэй, зөвхөн цэргийн мэргэжилтэй офицер, ахлагч бэлтгэх ёстой гэдэг сэтгэлгээнээс салж иргэний, цэргийн хос мэргэжилтэй, эх орноо гэсэн хүмүүжилтэй, бие бялдар, сэтгэл санааны хатуужилтай, тодорхой хугацаагаар цэргийн алба хаагаад халагдаж иргэний амьдралд шилжихэд бэлтгэгдсэн, шинэ нийгэмд өөрийгөө болон гэр орноо аваад явчих чадвартай, төлөвшсөн иргэн хүнийг бэлтгэдэг ардчилал хөгжсөн орнуудын жишигт ойртох учиртай байлаа. Цаашлаад Батлан хамгаалах яам, Жанжин штаб, анги салбарт ажиллах шинэ сэтгэлгээтэй, хөрвөх мэргэжилтэй, үгүйдээ л гэхэд олон улсын харилцаа, менежмент, марктинг, гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй цаг үедээ тохирсон офицер, ахлагч, энгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх шаардлагатай болсон юм.
Үүний тулд эхлээд цэргийн сургуульд төлбөргүй юм гээд, эсвэл энэ нөхрийг цэрэгт явуулж байж л хүмүүжүүлж авъя гэсэн байдлаар биш үнэхээр цэргийн хүн болох гэсэн үнэмшлээрээ ухамсартай сонголт хийсэн залуучууд элсдэг тийм нөхцлийг бүрдүүлэх учиртай болсон. Үүнийхээ зэрэгцээ цаашдын амьдралын нийгмийн хамгаалалт нь иргэний мэргэжил хэлбэрээр тодорхой хэмжээгээр хангагдахыг тэдэнд ойлгуулж мэдрүүлэх нь чухал байсан. Үнэнийг хэлэхэд тухайн үед цэргийн сургуульд энгийн мэргэжил эзэмшүүлнэ, энгийн хүн төлбөртэй суралцаж болно, цэргийн сургууль төгсөөд хэсэг хугацаагаар ажиллаад халагдаж энгийн мэргэжлээрээ ажиллаж болно, Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагад ажиллах энгийн мэргэжилтнүүдийг цэргийн сургуулиар бэлтгэнэ, эдгээр байгууллагын офицер, ахлагч нар цэргийн мэргэжлийн хувьд нэг стандартаар сургагдах учиртай энэ тэр гэхээр хүмүүс эхлээд төдийлөн ойлгодоггүй байлаа. Элдвээр л хэлүүлсэн. Орос ах нарын байгуулсан сайхан сургуулийг устгах гэж байна гэж дайрч давшлах хүн ч байсан.
Тэгвэл өнөөдөр энэ нь ганц цэргийн сургуулийн биш ер нь Зэвсэгт хүчний боловсон хүчин бэлтгэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл байсныг хүмүүс ойлгох, хүндэтгэх боллоо. Батлан хамгаалахын их сургуулийн анхны төгсөлт 2003 онд болсон юм. Үүнээс хойш төгссөн олон зуун офицер, ахлагч нар Ирак, Афганистанд алба хааж бусад оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд нэр төртэй оролцлоо. Олон орны зэвсэгт хүчнийхэнтэй мөр зэрэгцэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж, өөрийн мэргэжлээрээ бахархан, бид бусдаас юугаараа ч дутахааргүй бэлтгэгдсэн юм байна гэдгээ мэдэрч чадсан нь маш чухал ололт.
Энэ нь Зэвсэг хүчний шинэчлэлийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн тэртээ 1990-ээд онд арми, хилийн цэрэгтээ үнэнч үлдсэн тэр хэдэн генерал, офицер, ахлагч нарын, түүний дотор надтай болон миний дараах захиралтай хамтран ажиллаж, миний л мэдэхээр нойр, амралтаа умартан зүтгэж байсан БХИС – ын цэргийн, энгийн тэр хэдэн сайхан багш, дарга нарын гавъяа юм. Энэ бол Монгол цэргийн уламжлал хадгалагдсаар байгаагийн гэрч.
Нөгөө талаасаа юм үнэнээрээ байх учиртай. Энэ шинэчлэлд дээр дурьдсан ардчилалын давалгаагаар гарч ирсэн гэгддэг хүмүүс армид шинэ уур амьсгал оруулах, өөр сэтгэлгээ бий болгох, ялангуяа цаг үедээ тохирохоо больсон хуучин арга барилд шүүмжлэлтэй хандах, түүнээс салах талаас нь бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм шүү.
-Өнөөдөр Монголын армийг урьдынхтай адилтгах аргагүй болжээ. Шилжилтийн үе дууссан уу. Цаашдаа яах вэ?
-Манай арми муу байгаад шинэчлэх шаардлагатай болсон юм биш гэдгийг дээр хэлсэн. Гэвч бүх зүйл хуучнаараа байж яаж болох вэ. Бид шинэ цаг үетэйгээ зохицох, гол нь амьдрах чадвартай, өөрийн гэсэн цэргийн хэргийн онолтой болох хэрэгтэй байсан юм. Ер нь аливаа жижиг улс орон зэвсэгт хүчнээр өөрийгөө бүрэн хамгаалах зорилго тавьдаггүй. 1990-ээд оны эхэн үеэс бүр тийм бололцоогүй болоод ирсэн. Тиймээс юуны түрүүнд цэргийн номлолоо өөрчлөх хэрэгтэй болсон. Номлолдоо дайн үүслээ гэхэд Монгол улс Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахдаа бусад оронтой хамтарч болох тухай санааг үлдээсэн. Гэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхий дахинд энх тайвныг хамгаалахын төлөө явуулж буй олон улсын зэвсэгт хүчний нэгдсэн чармайлтын нэг бүрэлдхүүн хэсэг байх ёстой гэсэн санааг гол үзэл баримтлал болгох гэж оролдсон юм. Ер нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеэс хүн төрөлхтөнд заналхийлсэн элдэв аюулын эсрэг олон улсын, ялангуяа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч орнуудын зэвсэгт хүчин нэгдэн тэмцэхгүй бол болохгүй юм байна гэсэн санаа мэдрэгдэж эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, байгалийн гамшгийг давах, хүмүүнлэгийн сүйрлийн хор уршгийг арилгах гэх мэт нэг орон дааж давахгүй аюул заналын үед олон улсын хамтын нийгэмлэгт багтдаг улс орнууд нэгдэн ажиллах асуудал босож ирсэн. Энэ нь 2001 оны аймшигт халдлагын дараа хэн бүхэнд тодорхой болсон. Үүнийг Монголын генерал, офицерууд аминдаа 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр бүрэг бараг ойлгоод ирээдүйд болох энэ олон улсын хамтын ажиллагааны өвөрмөц хэлбэрт өөрийн байрыг эзлэх, үүгээрээ өөрийн орны аюулгүй байдлыг хангах бололцоо гаргах гэсэн санаа агуулсан судалгаа явуулж эхэлсэн юм шүү дээ.
Өнөөдөр нэг улс нөгөөгийнхөө эсрэг цэрэг зэвсгийн хүчээр довтлоод ялгуулсан ялалт байгуулдаг үе биш болсон. Ойрын ирэээдүйд ийм явдал болох ч үгүй, болгуулах ч үгүй байх. Том жижиг ямар ч орны түрэмгийлэл олон улсын нэгдсэн эсэргүүцэлтэй тулгарна. Тэгээд ч дэлхийн 2 дугаар дайнаас хойш том гүрэн жижиг орныг түрэмгийлээд ялж байсан түүх байхгүй. Дандаа ялагдсан буюу бүтэлгүйтсэн. Хамгийн сайн мэдэх Вьетнам, Афганистан, Сомалид болсон хэрэг явдлуудыг аваад үз л дээ. Тэдгээр дайнд хэн ч ялалт байгуулаагүй. Афганистан, Иракт одоо болж байгаа үйл явдал үүний нэг нотолгоо юм.
Үүний зэрэгцээ хүн төрөлхтний эсрэг бүхэлд нь биш гэхнээ гэмгүй номхон иргэдийн нэг хэсгийн эсрэг хүн бусын аюул учруулж буй эрх баригчид, хэсэг бүлгүүд бий болоод байгаа нь яах ч аргагүй үнэн. Тэд хөрш орон руугаа дайн өдүүлж, өөрийнхөө ард түмнээ дарангуйлж, алан хядах үйл ажиллагаа явуулж, үндэстэн дамжсан хар тамхины зөөвөрлөлт, зэвсгийн наймаа гэх мэтийн гэмт хэргүүдийг зохион байгуулж байна. Байгалийн гамшиг, ядуурал, эмх замбараагүй дүрвэгсэд, хэмжээ хязгаараа алдсан цагаачлал гээд урьдчилан сэргийлэх, хор уршгийг нь арилгах талаасаа нэг орны хил хязгаараас хальсан нийтлэг аюулууд хүн төрөлхтөнд учирч буй шинэ сорилтууд болон хувирч байна. Эдгээрээс үүдэлтэй дайн дажин, бослого үймээн, нийгмийн эмх замбараагүй байдал, хүмүүнлэгийн сүйрэл болж жирийн номхон энгийн иргэд олноороо өртөх юм бол тэдэнд олон улсын хамтын нийгэмлэг болон том гүрнүүдийн зүгээс санаа тавих хэрэг гарч байна. Үүний дотор энэ хүнд ажлын голыг яах ч аргагүй олон улсын зэвсэгт хүчнүүд үүрэх болж байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын зэвсэгт хүчний байлдааны бус нэгдсэн ажиллагаа гэдэг нэр томъёогоор тодорхойлогдох том ойлголт бий боллоо. Тэр зүгт л Монголын цэрэг ажиллах нь зөв зүйтэй гэсэн санааг манай төр засаг, Зэвсэг хүчний удирдлага баримтлах болоод энэ нь дотоодоо ч, гадаадад ч хүндэтгэл хүлээх болж байна. Тиймээс өнөөдөр манай цэрэг энх тайвныг хамгаалах олон улсын нэгдсэн чармайлтын хүрээнд өөрийн орны тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үүргийг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болох талтай. Манай хоёр их хөршийн зүгээс заналхийлж буй цэргийн ямарч аюул одоогоор байхгүй байгаа нь үүнд бас их түлхэц болж байгаа юм.
Гэхдээ аль ч улсад өөрийн тусгаар тогтнолоо цэрэглэн хамгаалах үзэл баримтлал байх ёстой. Бид үүрд, хэзээ ч, хэнтэй ч байлдахгүй боллоо гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Монгол Улсын Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь Эх орноо цэргийн хүчээр хамгаалахад бэлэн байх явдал, энэ нь байсаар ч байх болно. Тийм учраас Монгол улс үндсэн хуулиндаа өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байгаа. Зүгээр л манай Зэвсэгт хүчинд өөрийгөө хамгаалах үндсэн үүргээс гадна олон үүрэг бий, үүний нэг нь буюу дээр дурьдсан олон улсын үйл ажиллагаанд оролцох нь өнөө үед их чухалд тавигдаж байгаа гэсэн үг.
Үүнээс гадна Зэвсэгт хүчинд иргэний хяналтыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх буюу цэрэг, армийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг орчин үеийн түвшинд хүргэх, боловсон хүчин бэлтгэдэг, үнэлж дүгнэдэг, давтан бэлтгэдэг, сонгож дэвшүүлдэг, хариуцлага хүлээлгэдэг шудрага тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, зэвсэглэл техникээ шинэчлэх, бүх нийтээрэ нийтээрээ Эх орноо цэрэглэн хамгаалахад бэлтгэгдсэн байх, залуу үеээ цэрэг, эх орон ч үзлээр хүмүүжүүлэх, улс орныхоо хөгжлийн, түүний дотор үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд батлан хамгаалах ашиг сонирхлыг тусгуулж байх гээд олон үүрэг байдгийг бид мартаж болохгүй юм.
Цэргийн эрдэмтний хувьд харж байхад эдгээрээс олон зүйл одоог хүртэл хөлөө олоогүй, зарим нь будилж төөрөгдөх талруугаа явж байгаа юм шиг санагддагыг нуугаад яах вэ. Гэхдээ энэ нь тусдаа сэдэв.
-Монгол Улс Иракад цэргээ оруулсан нь олон улсад цэргийн харилцаагаа өргөжүүлэх гэсэн бодлого байсан юм уу, аль эсвэл ямар нэг хэмжээгээр алсаа бодсон хэрэг үү?
-Би энэ бодлогыг боловсруулсан, зохион байгуулсан хүмүүсийн нэг биш. Гэхдээ цэргийн судлаач хүнийхээ хувьд Иракт цэргээ илгээх асуудлыг санаачилсан, шийдвэр гаргасан хүмүүсийн зөв байсан гэж боддог. Учир нь Иракийн үйл ажиллагаа нь дэлхий дээр болж буй хүчний хувиарлалт, хүн төрөлхтөнд учирч буй нийтлэг аюул зэргийг үндэслэн гаргасан олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн санаан дээр тулгуурлан явагдсан зүйл байсан юм. Ийм үйл явдал гарч магадгүй, гарлаа гэхэд Монгол цэрэг оролцож болох юм гэдгийг манай армийнхан эртнээс гадарлаж байсан тухай дээр хэлсэн. Тиймээс ч олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын цэрэг оролцох бололцоог Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн хоёр бүр 1990-ээд оны эхнээс судалж, эхэлсэн юм. Цэргээ ч бэлтгэж байсан. БХИС-д гэхэд 2000 оны эхээс цэргийн сургалтандаа хийсэн өөрчлөлтийн нэг агуулга нь энэ байсан.
Иракт, дараа нь бусад оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол цэргийн оролцуулсаны зорилго уг нь их тодорхой юм. Энэ талаар би дээр санаагаа хэлсэн. Гэхдээ тодорхой жишээнд тулгуурлаад дахин хэлэхэд Монгол улс жижиг орон, цомхон зэвсэгт хүчинтэй. Тиймээс олон улсын цэргийн болон цэргийн бус нэгдсэн ажиллагаанд бусад оронтой хамтран оролцох, оролцох оролцохдоо нэр төртэй оролцож байж л өөрийгөө мэдрүүлэх, хүндэтгүүлэх, тусламж хүсэх эрхтэй болох учиртай байлаа. Үүгээрээ Монгол Улс хэдий бага улс ч гэлээ дэлхийн хамтын нийгэмлэгийн найдвартай гишүүн гэдгээ харуулсан нэр төрийн хэрэг болох байлаа.
Нөгөө талаасаа цэвэр практик ашиг сонирхол бас байсан. Хүссэн ч, хүсээгүй ч бид Зэвсэгт хүчнийхээ байлдах чадвар, бэлэн байдлыг хангах үүрэгтэй байсан. Гэтэл энэ бүхэн чинь хөлс, хүч урсгасан асар их бэлтгэл ажил гүйцэтгэж байж нөхцлийг нь бүрдүүлдэг, маш их зардал шаардсан хүнд хөдөлмөр байдаг юм. Ийм учраас олон улсын ийм цэргийн ажиллагаанд оролцох нь манай Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт цэргийн хэрэгт мэргэших асар том боломжийг олгох нь харагдаж байсан. Наад зах нь бидэнд байлдааны бэлтгэл сургуулийг жинхэнэ ёсоор нь хийнээ гэхэд тийм их мөнгө, шатахуун байхгүй, тэр болгон цацаад байх сум галт хэрэгсэл алга байсан. Гэтэл цэрэг хүн гэдэг чинь халуунд халж, хүйтэнд хөрж, хатуу хүтүүг үзэж, гүйж харайж, мөлхөж, буудаж, магадгүй буудуулж, байлдааны нөхцөлд харуул хамгаалалтад гарч байж бэлтгэгддэг учиртай. Тэгвэл бид өнөөдөр Ирак, Афганистан болон бусад оронд бэлтгэгдсэн 2 оос 3 мянга орчим офицер, ахлагчтай болчихоод байгаа гэсэн.Тэд байлдах чадвар, байлдааны бэлэн байдлын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бэлтгэлтэй болоод байгаа нь энэ арга хэмжээний гол үр дүн гэж би хувьдаа боддог.
Хэдийгээр Монгол Улс 1990-ээд оноос гадагшаа нээлттэй болсон ч Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын хувьд ихээхэн түгжигдмэл орон байсан шүү дээ. Иракийн хэрэг явдлаас өмнө манай армийг гадаадад үндсэндээ хэн ч үнэл үздэггүй байсан. Манайхан ч өөрснөө гадаадын, тэр тусмаа ардчилал өндөр хөгжсөн, барууны орны арми гэж юу байдгийг үндсэндээ мэддэггүй байсан. Тэгвэл өнгөрсөн хэдхэн жилийн дотор манайхан эдгээр орны дайчидтай дайны аюулын дор мөр зэрэгцэн алба хааж, нэг үүрэг хамтран гүйцэтгэж, санаа бодлоо солилцож, халтар хултарч гэхнээ гадаад хэл сурч, хамгийн орчин үеийн зэвсэг, техниктэй харьцаад авна гэдэг том ололт.
Түүнээс гадна Монгол хүн “Аавын буйд газар үз” гэдэг. Тэр япон, америк, польш цэрэг гэж ямар улс байдаг, юу боддог, юуг эрхэмлэдэг, цэрэг, арми нь ямар зэвсэг, техниктэй, ямар дэг журмаар амьдардаг гэдгийг нүдээрээ хараад авна гэдэг манай цэргийнхэнд тэр болгон олдох завшаан биш. Тэнд алба хаагаад ирсэн миний шавь нар, олон офицер ахлагч надтай санаа бодлоо байнга хуваалцдаг юм. Тэднийг сургуульд байхдаа ямар улс байсныг сайн мэднэ шүү дээ. Амьдралыг өөрөөр хардаг, түүний үнэ цэнийг ихээхэн мэдэрсэн, тархи толгой, мэдлэг оюун нь задарч тэлсэн болох нь тодорхой ойлгогддог. Ядаж л монгол цэрэг гэдэг чинь тэр кинон дээр гараад байдаг америкийн супер цэргээс нэг их дутаад байхгүй юм байна гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэлтэй болсон байна билээ. Цэргийн хүний хувьд манай орон чинь тийм ч жижигхэн улс биш, бид чинь дэлхийн хувь заяаг тодорхойлж байгаа улс орнуудын бүлэгт өөрийн гэсэн байр суурьтай, хүндэтгэл хүлээсэн хүмүүс юм байна шүү гэж бодоод өөрийгөө цэгнээд авсан гэдэг юу юунаас чухал гэж бодох юм.
Түүн дээр хүний амьдрал юм хойно учиргүй их ч биш гэхнээ хүнд үүрэг гүйцэтгэснийхээ хөлсийг авна. Амьдралаа бүрэн биш юм гэхнээ тодорхой хэмжээнд өөд татна, дэмий зүйлд амь насаараа дэнчин тавиагүйгээ ойлгоно гэдэг бас чухал. Цаашдаа олон улсад энх тайвныг хамгаалахад гүйцэтгэх монгол цэргийн хөлс хүч илүү өндөр үнэлэгдэхийн эхийг энэ хэдэн офицер, ахлагч нар тавьсан. Энэ гавъяаны эзэд Монголын жирийн офицер, ахлагч нарыг мартах учиргүй.
-Сүүлчийн асуулт. Монголыг дэлхий нийт хэрхэн хүлээж авч байна вэ?
-Ерөнхийдөө манайхыг социалист гэгдэж байсан орнуудаас, тэр дотроо Төв Ази, Зүүн Азийн орнуудаас ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд хамгийн амжилттай шилжиж байгаа орон гэж үздэг юм билээ. Гэхдээ улс орнууд янз янзаар дүгнэх нь бий. Тухайлбал Орос, Хятадын зарим судлаачид манайхыг жижиг орон байж АНУ-ын жишгээр явж байна нэг их амжилтад хүрэхгүй гэх нь тааралддаг. Гэхдээ Монгол Улсыг ямар ч байсан олон улсын харилцаанд өөрийн гэсэн байр сууриа олсон, бас ч гэж багагүй нөлөө бүхий орон, Зүүн Хойд Ази, Зүүн Азийн олон улсын харилцааны чухал субъект гэж үздэг болсон нь бодитой үнэн. Тийм учраас Монголын дуу хоолой хаана ч сонсогддог болсон. Олон улсын том арга хэмжээнүүдэд Монголыг хэлбэр төдий оролцуулдаг байсан бол одоо Монголын төлөөлөгчийн үгийг заавал сонсох ёстой гэх болсон байна билээ. Энэ бол том амжилт.
Ярилцсан А.ЧАНДМАНЬ