Хальтиргааг хазаарлаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хальтиргааг хазаарлаж чадах уу?

Өвлийн тэсгэм улиралд нийслэлчүүдийн зүрхийг мохоодог зүйлийн нэг нь замын халтиргаа гулгаа. Гөлийж гөлчийсөн  зам дээр машинууд ар араасаа мөргөлдөж, тормос нь барихгүй явган зорчигчийг гэмтээх нь энүүхэнд. Энэ асуудлыг хариуцан ажилладаг байгууллага нь нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын менежментийн хэлтэс, Хот тохижилтын газар, нийслэлийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компани. Жилийн жилд халтиргаа гулгааг багасгахаар элс хайрга, давс цацдаг ч дорвитой үр дүнд хүрсэн нь ховор. Харин ч  хамгийн  хүндийг нь үүрдэг  ТҮК-ийн шар хантаазтангуудын ажлыг нэг дахин нэмэгдүүлэхээс хэтрэхгүй. Үүнээс гадна элс хайрга, давс, цас  хайлуулах бодисыг хангалттай нөөцлөөгүйгээс  ахиухан цас орохоор тэвдэж сандрах ч үе бий.  Энэ жилийн нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг  хангах асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. Харин замын халтиргаа гулгааг багасгах, элс, давс, бодисоо нөөцөлсөн  эсэхэд хариулт авахыг зорив.

Дүүрэг бүр 60 тонн давс, 30 тонн бодис нөөцлөх шаардлагатай

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын менежментийн хэлтсээс өнгөрөгч наймдугаар сард төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудад эхний ээлжинд 60 тонн давс, 30 тонн цас  хайлуулах бодис нөөцлөхийг үүрэг болгосон аж. Одоогийн байдлаар 193 тонн давс, 70 гаруй тонн цас хайлуулах бодис нөөцөлжээ.
 Чингэлтэй дүүрэг: Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Их, бага тойруу, Их сургуулийн гудамж зэрэг 33 томоохон гудамж уулзвар хамаардаг  Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани 73 тонн давс нөөцөлсөн хэдий ч цас хайлуулах бодисыг өөрсдийн хөрөнгөөр авах боломжгүй гэнэ. Учир нь ОХУ, Хятад улсаас оруулж ирдэг цас хайлуулах  зориулалтын бодис нэг  тонн нь 500 орчим долларын үнэтэй учир худалдан авч хүчрэхгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Сүхбаатар дүүрэг: Төрийн байгууллага, томоохон үйлчилгээний газар, яам тамгын газрууд  төвлөрсөн, замын хөдөлгөөн ихтэй дүүрэг болох Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компани энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 33 сая төгрөг төсөвлөжээ. Эхний ээлжинд тус дүүрэг 30 тонн давс, 5 тонн цас хайлуулах бодис нөөцлөөд байгаа аж. Үүнээс гадна 40 цохиур нөөцлөхөөр захиалга өгсөн гэв.
Хан-Уул дүүрэг: Нисэх, Өлзийт хороолол, Зайсан, Их тэнгэрийн ам зэрэг хотын алслагдсан хэсгийг  хариуцдаг   тус дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид өмнөх жилийн үлдэгдлээс  60 тонн давс, 40 тонн бодис  нөөцөд байгаа аж.  Харин 200 цохиур шинээр нэмж бэлтгэх үүргийг хараахан биелүүлээгүй байна.
Баянгол дүүрэг: Амарсанаа, Чингүүнжавын гудамж, Гэсэр сүм, Гэмтлийн эмнэлгийн зам зэрэг хөдөлгөөний ачаалал ихтэй замууд  харьяалагддаг тус дүүргийн Тохижилт үйлчилгээний компани одоогоор 20 тонн давс, 20 тонн элсний нөөцтэй. Жилдээ дундажаар 80 тонн давс, 30 тонн бодис байхад хүрэлцдэг аж.
 Сонгинохайрхан дүүрэг: Нийслэл хотын төвийн зургаан дүүргээс хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээгээр томоохонд тооцогддог Сонгинохайрхан дүүргийн ТҮК  63 тонн давс, 24 метр куб элс, 750 кг бодисны нөөцтэй байгаа бол Баянзүрх дүүргийн ТҮК  эхний ээлжинд нөөцлөхөөр үүрэг болгосон  60 тонн давс, 30 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас энэ жил замын халтиргаа гулгаанд  элс цацахаас татгалзах шийдвэр гаргажээ. Учир нь  элс  замын бат бөх байдалд нөлөөлөх, цастай холилдон хөлдөх зэрэг сөрөг талтай. Тиймээс цас хайлуулах химийн бодисыг түлхүү хэрэглэхэд анхаарч байгаа гэв. Гэтэл химийн бодис нь өндөр өртөгтэй байдаг тул  зарим дүүргийн ТҮК-ууд  өөрсдийн хөрөнгөөр их хэмжээний химийн бодис нөөцлөх боломжгүй  гэж байв. Дээрх химийн бодисыг НЗАА-наас тендер зарлаж  урд хөршөөс оруулж  ирэх компанийг шалгаруулжээ.      
          
С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж