
-Чанаргүй барилга олноор баригдаж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг зовоодог. Тэгэхээр дэд бүтцийн сарын аяны хүрээнд үүнд анхаарлаа хандуулах уу?
-Барилгын чанар гэдэг маш өргөн хүрээтэй асуудал. Барилгын салбарт зайлшгүй мөрдүүлэх учиртай найман хууль, 260 орчим стандарт, 120 гаруй норм дүрэм бий. Эдгээрт тавьсан шаардлагыг хангаж буй тохиолдолд бид чанартай барилга гэж үзнэ. Нөгөөтэйгүүр чанар гэдгийг аюулгүй байдал талаас нь харах хэрэгтэй. Шинээр барьж буй барилгын чанарт хүмүүс санаа зовдог. Энэ нь ч аргагүй. Гэтэл олон жил ашигласан барилга орон сууцны чанар түүнээс илүүтэй санаа зовоож байна. 1950-1970 онд барьсан хуучин барилгуудад газар хөдлөлтийн норм дүрмийг мөрдөөгүй, удаан ашигласнаас бат бэх чанар нь муудсан байдаг. Тиймээс бид нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа явуулна. Судалгааг арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэх хүн ам, орон сууцны тооллоготой хамтатган явуулахыг зорьж байна.
-Урьд нь барилга орон сууцны тооллого хийж байсан уу?
-2008 онд нийслэл хотод 800 гаруй барилга байна гэсэн тойм тооцоог гаргаж байсан. Энэ тоо одоо өөрчлөгдсөн нь мэдээж. Тиймээс л судалгааг дахин хийх гэж байгаа хэрэг. Бид саяхан улсын хэмжээний сургууль, цэцэрлэгийн барилгын тооллогыг явуулсан. Нийтдээ 1300 орчим сургууль цэцэрлэгтэй юм билээ. Судалгааны нарийвчилсан дүн хараахан гараагүй байна. Харин ирэх онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн барилгын судалгааг явуулахаар төлөвлөөд байгаа. Энэ барилгын насжилт, аюулгүй байдлыг тогтоохын зэрэгцээ хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох сайн талтай. Улсын төсвөөр санхүүждэг эдгээр газруудын барилгын засварт жил бүр өдий төдий хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл ерөнхий ноён нуруу нь алдагдчихсан барилгуудад өнгө засвар хийгээд явах нь үргүй зардлыг нэмэгдүүлдэг муу талтай. Иймд хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд нэмэр тус болно гэж үзэж байна.
-Ашиглалтын норм норматив нь гүйцчихсэн хуучин барилгуудыг эхнээс нь акталж буулган суурин дээр нь шинэ барилга барьж эхэлсэн. Ийн актлах барилга олон байдаг уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан 17 барилга нийслэлд бий. Тэдгээрийг акталж, суурин дээр нь өөр барилгын төлөвлөлт хийгээд эхнээсээ баригдаж байгаа. Түүнчлэн чанарын шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон 27 барилга байна. Үүнд Зуун айл орчмын нэг давхар хуучны байрууд багтсан. Нийт зургаан байршилд байгаа 27 барилгыг дахин төлөвлөлтөд оруулна.
-Шинээр барьж буй барилгын чанарт хэрхэн анхаарч байна вэ. Чанаргүй барилга ашиглалтад ороод байгаа нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналт шалгалт сул байгаатай холбоотой гэх нь бий?
-Шинээр барьж буй барилгын тухайд хамаг бурууг мэргэжлийн хяналтад тохох сонирхол хаа хаанаа байдаг. Гэвч бид стандарт нэг бүрийг шалгаад барилгын явцын турш хянах боломжгүй байдаг. Нарийвчилсан шалгалтыг захиалагч, дотоодын болон хөндлөнгийн хяналтынхан анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл барилгын хаалга, цонх нэг бүрийн чанарыг бид шалгах албагүй. Харин Мэргэжлийн хяналтынхны гол анхаарах зүйл нь аюулгүй байдлыг хангах явдал юм. Газар хөдлөх, гамшиг тохиолдоход тухайн барилга аюулгүй байж чадах уу, аюул ослын үед эрсдэл учруулахгүйгээр баригдаж байна уу гэдэгт бид анхаардаг.
Д.Цээпил