
Мөн тооллогод урьдчилан хамруулах ажил өчигдрөөс эхэлж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа. Ихэвчлэн гадаад улс руу зорчих иргэд энэхүү тооллогод хамрагдана. Ингэхдээ өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, багт очиж тоолуулж үнэмлэх авна. Тоолуулаагүй иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй, тоолуулсан иргэд тооллогод хамрагдсаныг нотлох үнэмлэхийг биедээ байнга авч явах юм. Ойрын үед Казахстанд болох урлагийн наадам болон Азийн наадамд оролцохоор 300 гаруй монголчууд явах гэж байна. Тэд урьдчилсан тооллогод бүртгүүлснээр тооллогын гэрчилгээгээ гардана.
Тооллогын товыг энэ сарын 10-11-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон. Яг энэ цаг мөчид Монголд хэдэн хүн ямар нөхцөлд яаж амьдарч байна вэ гэдгийг тогтоох юм. Тооллого явуулснаар зөвхөн Монгол Улс хэдэн хүн амтай вэ гэдгийг тодорхойлоод зогсохгүй засаг захиргааны хамгийн бага нэгжээс үндэсний төвшинд хүртэл төлөвлөлт хийх бодлого боловсруулахад суурь мэдээлэл болох учраас иргэн бүрийг идэвхтэй оролцохыг С.Мэндсайхан дарга уриаллаа. Мөн цаг агаарын хувьд таатай үе тохиож байгааг дурдлаа. Урьдчилсан мэдээгээр тооллогын үед цаг агаарын байдал хэвийн байх төлөвтэй, харин зүүн аймагт гарсан шүлхий өвчин тооллого зохион байгуулагчдад бага зэрэг хүндрэл учруулж буй.
Энэ удаагийн тооллого бие даасан хуулиар хийж буй анхны тооллого. Хуульд иргэн хүн тооллогын дүрэмт хувцастай хүнийг чөлөөтэй гэртээ нэвтрүүлэн, асуулгад үнэн бодитой хариулт өгч, тоолуулсан гэх гэрчилгээгээ биедээ авч явахыг заасан байгаа. Үүний дагуу тооллогыг богино хугацаанд чанартай явуулахад иргэдийн зүгээс идэвхтэй оролцохыг статистикийн дарга хүсч байв. Тэрбээр онцолж ингэж хэлэх болсон нь учиртай юм байна. Тооллогын бэлтгэл болгон урьдчилсан бүртгэл явуулах үеэр тоологчийг гэртээ нэвтрүүлээгүй тохиолдол гарч байжээ. Тооллогыг тухайн иргэний гэрт нь очиж хийх тул энэ хугацаанд гэрээ эзэнгүй орхихгүй байх. Түүнчлэн гэрт үлдсэн хүн тоологчид өрхийн гишүүдийн тухай мэдээлэл, лавлагааг үнэн зөвөөр хариулах чадвартай байх хэрэгтэй ажээ. Цэргийн албанд байгаа болон хорих байрт байгаа хүмүүс, оюутнуудыг тухайн байрт нь очиж тоолох юм байна.
Харин орон гэргүй буюу тэнэмэл иргэдийг Улаанбаатар хот бол дүүрэг, хороо, аймагт баг хорооны засаг захиргааны байгууллага болон хууль хяналтын байгууллагатай хамтарч, ТББ-ын оролцоо дэмжлэгтэйгээр тооно.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид гадаадад байгаа иргэдийг тоолох ажиллагааны тухай сонирхож байв. Одоогийн байдлаар Чех улсад байгаа монголчууд интернет тооллогод маш идэвхтэй оролцож байгаа гэнэ. Түүнчлэн БНСУ-аас идэвхтэй оролцож байгаа хэдий ч гэрээгээр ажиллаж буй иргэдийн тоонд хүрээгүй байна. Олны хэлж сурснаар “хар”-аар ажиллаж буй иргэд энэхүү тооллогод оролцсоноор баривчлагдах зэрэг асуудал үүсэхгүй гэлээ.
Хүн ам, орон сууцны тооллогын ажлыг зохион байгуулахад улсын төсвийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс болон НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр явуулж байна. С.Мэндсайхан дарга хөрөнгө мөнгөний хомсдол байхгүй гэлээ.
Монгол дээл хувцастай бяцхан хүүг тооллогын суратлчилгааны нүүр царай болж буй. Хэвлэлийн бага хурлын үеэр бяцхан хүүг олон нийтэд танилцуулсан. Зоригтхүүгийн Болд-Эрдэнэ таван настай, нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат. Өдөр бүр зураг авалт, сурталчилгаад явсаар ядарсан хүү сэтгүүлчдийн дунд бага зэрэг ичиж, нүүрээ буруулж байлаа. Үндэсний статистикийн хорооны дарга тооллогын нүүр царай болсон хүүд талархал гардуулж, цалинг нь өгсөн юм.
НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу бүх гишүүн орнууд хүн амын тооллогоо явуулж буй. Одоогийн байдлаар БНХАУ тооллогоо явуулж буй бол ОХУ-ын тооллого дуусч, урьдчилсан дүн гараад буй юм.
Б.БЯМБАА