Хайртай юу, хартай юу?

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хайртай юу, хартай юу?

Бидний эргэн тойронд байнга л хардалттай холбоотой асуудал гарч байдаг. Танд ч бас ийм зүйл тохиолдож л байгаа. Ингэхэд хосуудын харилцааны хар тал болох хардалт юутай холбоотой вэ?

Хэдэн жишээн дээр тайлбарлая.

Залуу найз бүсгүйгээ ажил тарсных нь дараа тосохоор иртэл бүсгүй нь хамт ажилладаг залуутайгаа эелдэг байдлаар салах ёс гүйцэтгэж байхтай таарчээ. Нөхцөл байдлаас үүдэн залууд нь нэлээд сэжиг төрж болох юм. Хэн болоод тэгтлээ их дотно байдлаар “баяртай” энэ тэр гээд байгаа юм бэ гэж асууж болно. Үүнийх нь хариуд бүсгүй чухал ажил хийхэд нь маш их тусалж байгаа хүн гэсэн утгатай хариу хэлнэ. Үл ойлголцсон байдал үүгээр эцэс болно Энэ бол энгийн хардалтын жишээ.

Харин хардалт гэдэг зан аашийн онцлог болсон нөхцөлд байдал илүү ээдрээтэй болж ирнэ. Тухайлбал, эхнэр, нөхөр гадуур хамт явж байх  үед нөхөр нь эхнэрээ өөр эрэгтэй хүмүүс руу харлаа, харц чулуудлаа гэж уурладаг. Эсвэл гудамжинд өөр эмэгтэй/эрэгтэй хүнтэй мэндэлвэл хэн бэ, юу юм бэ, яаж таньдаг энэ тэр гэж байцаалт авна. Ийм төрлийн хардалттай хүмүүс хэзээ мөдгүй тэсэрч болох сэтгэлийн байнгын дарамттай явдаг. Тийм ч учраас үе үе тэсэрч байдаг.

Гэвч зарим тохиолдолд хардалт нь хүнд хэлбэрийн өвчин болж хувирдаг, ялангуяа зарим төрлийн сэтгэцийн эмгэгийн үед. Ийм тохиолдолд хардах болсон шалтгаан нь ямар ч утгагүй байдаг. Жишээлэхэд, эхнэрээ нүүрээ будахад л өөр эрэгтэйтэй уулзах гэлээ гэж хардах гэх мэт. Ийм хүн гудамжаар явахдаа хүртэл огт танихгүй хүмүүстэй хардаж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орохын тулд элдэв дохио зангаа хэрэглэлээ гэж хэрүүл маргаан дэгдээж байдаг. Ийм төрлийн хардалт нь гэмт хэрэгт хүргэх нь цөөнгүй. Хардалттай тулгарсан хүн бүрт тохирох зөвлөгөө гэж байхгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч хэрээс хэтэрсэн хардалттай тулгарсан үед доорх зөвлөгөө танд бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.


Хохирогчдод өгөх зөвлөгөө

Салах, эсвэл цаашид тэвчээд байх эсэх нь зөвхөн таны хувийн хэрэг. Гэхдээ хамтын амьдралаа дөнгөж эхэлж байхдаа сонгож авсан хүн чинь хэтэрхий хартай байгааг анзаарч, мэдэрсэн бол өөрийгөө азтай гэж болно. Яагаад гэвэл ийм үед байдлыг цаашид улам ээдрээтэй, будлиантай болохыг хүлээлгүйгээр салах арга тал бодсон нь дээр. Харин хүүхэдтэй болчихсон, дээр нь очих газаргүй бол яах вэ? Таныг мөрдөж, дагах, тагнах гэсэн оролдлогуудад нь уурлах, зугтах гэх мэтээр ямар нэг хариу үйлдэл бүү хий. Ийм үед уурлах, зугтах гэсэн оролдлого нь гал дээр тос асгасантай адил нөлөө үзүүлнэ. Байнга тайлбар хийх гэсний хэрэггүй. Ингэснээр та өөрөө ядаргаанд орж ч мэднэ.

Хардалтаас үүдэлтэй хэрүүл маргааны үед ярианы сэдвийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Ингэх боломжгүй бол шууд гарч явах нь дээр. Гэхдээ ингэхдээ тун хянамгүй, анхааралтай байхгүй бол гарч явах гэснээс болж хартай хүн үйл хөдлөлөө хянах чадваргүй болгож магадгүйг санаарай. Хаана байгаад ирсэн, хаашаа явах гэж байгаагаа тайван, чөлөөтэй байдлаар үргэлж дуулгаж байхыг хичээ. Хардах шалтаг бүү гаргаж бай. Хартайг нь мэдсээр байж өөр хүнтэй сээтэгнэх нь байж боломгүй зүйл. Мөн хань ижил чинь хартай бол зурагтын нэвтрүүлэг үзэж суухдаа эсрэг хүйсний хүмүүсийн хувцас, биеэ авч яваа байдал энэ тэрийг нь магтах хэрэггүй.

Хохироож байгаа этгээдэд …

Хардалт нь хайртай хүнийг чинь улам л танаас холдуулж, цааш нь түлхэхээс биш ойртуулахгүй. Өөрийгөө болон өрөөлийг муу мэддэг хүмүүс л хардалтыг хайртайн шинж гэж үздэг. Хардалт нь үнэн хэрэг дээрээ ямар ч үр дүнгүй, нэмэргүй зүйл юм. Хэрэв тэр таныг үнэхээр л мэхлэхээр шийдсэн бол юу ч тус болохгүй. Сонгож авсан хүнээ хуучин эхнэр, эсвэл нөхөртэй нь хардах ямар ч утгагүй тэнэг хэрэг. Өнгөрснийг эргэн сөхөх хэрэггүй. Ийм хүнтэй хэн ч таныг албан хүчээр суулгаагүй. Сонголт нь таных.

Та түүнтэй гэрлэхээсээ өмнө эсрэг хүйсний өөр хүнтэй холбоотой байгаагүй гэж үү? Та л гэр бүл болохоосоо өмнө бусадтай хамт амьдарч болдог, бусад нь болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сана. Гэр бүлийн амьдрал ямар байх ёстой талаар хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Ийм бодолтой байх ч эрхтэй. Иймд өөрийн бодлыг хүнд тулган хүлээлгэх бус харин хэн хэнийхээ бодлыг сонсож, харилцан ойлголцолд хүрэхээр хамт чармайх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд гол төлөв нөхөртөө хаягдаж, ганцаар үлдэхээс эмээсэндээ харддаг. Гэтэл хардах замаар хамтын амьдралаа нийцгүй, таарамжгүй болгож байснаас хамтдаа амьдралаа илүү сайхан, сонирхолтой болгохыг зорих хэрэгтэй.
Эрэгтэйчүүд  гол төлөв бие махбодийн хувьд өөрөөсөө илүү, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараараа давуу  эрд доромжлуулахаасаа эмээж харддаг. Гэтэл хардлаа гээд таны бие махбод сайжрахгүй, таашаал өгөх чадвар чинь нэмэгдэхгүй. Үүний оронд биеэ хөгжүүлж, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараа сайжруулсан нь дээр. Хардалтын улмаас уураа барьж дийлэхээ болиод гэмт хэрэг хийж болзошгүй. Юунаас ч илүү хайрладаг хүндээ гар хүрч, амь насанд нь аюул учруулж ч мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж