Б.Хурцын шүүх хуралд суух байсан гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хуралд суух байсан гэв

Францын Каен хотоос Монголын тагнуулын ажилтнууд 2003 онд  хулгайлж авчирсан Д.Энхбат агсны дүү Д.Баяраа аравдугаар сарын 25-ны шөнө халдлагад өртөж, үл мэдэгдэх хүмүүс түүнд хортой зүйл уулгасан талаар news.mn сайтын i-reporter Getelgegch анх мэдээлсэн. Харин өнөөдөр энэ талаар Д.Баяраа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв. Тэрбээр юуны түрүүнд ”Халдлагад өртсөний  дараа 14 хоног оюун санаа хэвийн бус байсан. Тухайн өдөр талийгаач ахын надад үлдээсэн баримт бичгийг  АНУ болон Германы элчин сайдын яаманд хүргэж өгөх гэж байсан. Тодруулбал, энэ сард болох Б.Хурцын шүүх хуралд оролцох талаараа хөөцөлдөж байсан юм.  Гэвч миний төлөвлөгөөг хэн нэгэн хүн мэдсэн бололтой.  Тэгээд л надад халдсан байх. Гэхдээ биеийн байдал сайжирвал энэ сарын 15-ны өдөр болох  Б.Хурцын шүүх хуралд өөрийн биеэр сууна” гэсэн мэдээллийг өгөв. Д.Баяраа одоогоор химийн хордлогын хам шинж гэсэн оноштойгоор нарийн мэргэжлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж