Бирм сонгуулиа гадныхнаас нуув

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Бирм сонгуулиа гадныхнаас нуув

Бирм улсад сүүлийн хорин жилд анх удаа болж байгаа бүх нийтийн сонгуулийг гадаадын хэвлэл мэдээллийнхний нүднээс далдуур хийх болсныг ялангуяа өрнөдийн орнууд нэлээд шүүмжлэлтэй хүлээн авч байгаа юм. Одоогоор цэргийнхний дэглэмд байгаа Бирм улс сонгууль дуустал гадаадын сэтгүүлчдийг тус улсад оруулахгүй байхаар хориг тавьсныг дэлхий нийтийн жишгээс гадуур явдал хэмээн шүүмжилж байгаа гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ийм арга хэмжээ авсан нь “олон улсын хэв хэмжээ”-тэй нийцэхгүй байна гэж хэлжээ. Бирм улсын 29 сая иргэд энэ сонгуульд оролцох эрх эдлэх бөгөөд 40 мянга орчим сонгуулийн хэсэг байгуулагдсан байгаа гэнэ. 

Хэдийгээр төрийн эрхээ барьж байгаа цэргийн дэглэмийнхэн энэ удаагийн сонгууль нь иргэний ардчилсан нийгмийн төлөвшилд түлхэц болно гэж үзэж байгаа ч сөрөг хүчнийхэн үүнийг үгүйсгэж байгаа аж. Ялангуяа Нобелийн шагналт Аун Сан Сужи тэргүүтэй Ардчиллын төлөөх үндэсний холбооноос сонгуулийг зогсоохыг завдаж байжээ. Одоогоос хорин жилийн өмнө энэ холбоо бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсан боловч цэргийнхэн тэдний ялалтыг үгүйсгэж улмаар тэргүүнийг нь гэрийн хорионд байлгаж байсан юм. Түүнээс хойш Бирм улсад анх удаа болж байгаа парламентыийн сонгуульд цэргийнхэн дахин хүчээр гарч ирэх магадлал өндөр байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа гэнэ. Учир нь иргэд одоогийн ажлын байраа алдахаасаа айж эрх баригчдын төлөө саналаа өгнө хэмээн таамаглаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж