Хүүхэд яагаад сэтгэлийн хямралд ордог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад сэтгэлийн хямралд ордог вэ?

Байнгын тааламжгүй явдал юмуу гэнэтийн, санамсаргүй, урьдчилан  төлөвлөөгүй зүйлээс болж сэтгэл санаа, бие махбодийн хувьд хямралд орохыг бухимдал стресс гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн тайван бус байдал, далд түгшүүр, тулгамдсан асуудлууд, эцэг эх, ах дүү, найз нөхдийн харьцаанаас үүдэлтэй. Бухимдсан үед хүн дотроо сэтгэл зүйн янз бүрийн дарамт шахалтыг мэдэрч байдаг ба өмнөө тулгарч байгаа бэрхшлээийг яаж хүлээж авч байгаагын илрэл гэж болно. Хүмүүст тохиолдож байгаа саад бэрхшээлүүд ихэнх тохиолдолд адил төстэй  байдаг. Асуудлыг явцуу хүрээнд авч үздэг, аливааг шийдвэрлэхдээ өөрийнхөөрөө биш, бусдын хүчинд тулгуурладаг, аливааг амарчилдаг, ядрахаас шантардаг хүмүүсийн хувьд саад бэрхшээл байнгын дагуул байдаг.
Бухимдсан үед хүүхдийн бие бялдарт олон өөрчлөлтүүд гарна. Сэтгэл тавгүйтэн, дарамтад орвол хүний бие бүх эд эрхтэн, бүх эрдэс бодис адилхан хямарч эргээд ямар нэгэн хариу үйлдэл хийдэг. Гэхдээ энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Сэтгэл зовоож, айдас төрүүлж байгаа зүйлээсээ салж чадвал бие махбодь тайвширч,  хэвийн байдалдаа буцаж орно. Шоовдорлогдон гадуурхагдах эсвэл хатуу гараар хүмүүжих, эцэг эх нь гэнэт салах, хүчиндүүлэх зэргээр биеийн хүчирхийлэлд өртөх, ойр дотно байсан хүн нь нас барах, хойд эцэг эхтэй болох, өөр сургуульд шилжих, шинэ газар нүүж очих, найздаа гологдож хаягдах, зэрэг нь өсвөр насныхын хувьд бие, сэтгэлийн хямрал үүсэх гол шалтгаан болдог. Бухимдсан үедээ хүүхэд
Хэн нэгэнтэй байнга зөрчилдөх
Нойр нь хүрэх эсвэл нойргүйтэх
Байнга юм идмээр санагдах эсвэл огт юм идэх дургүй болох
Толгой өвдөх, гэдэс эвгүйрхэх
Найз нөхдөөсөө дайжих, зожигрох, эсвэл хэнтэй ч хамаагүй цагийг өнгөрөөх
Ямар ч шалтгаангүйгээр уйлах, уйлмаар санагдах
Өөрийгөө голох
Сэтгэл тогтворгүй болох, ямар нэгэн зүйлд байнга санаа зовох
Өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж бодох
Бүх зүйл утгагүй санагдах, уйтгарлан гансрах зэргээр ааш авир нь өөрчлөгдөнө.
Өсвөр насныхан хямралд орсон үедээ ихэвчлэн өөрийгөө тайтгаруулахыг оролдож, хөгижм сонсох, телевиз үзэх, гадуур дэмий сэлгүүцэх зэргээр цагийг өнгөрөөхийг хичээдэг. Зарим нь тамхи татаж, архи ууж эхэлнэ. Хэрэв хүүхэд өөрт тохиолдсон бэрхшээлээ даван туулж чадахгүй бол ганцаардаж, амиа хорлох тухай ч бодож эхэлдэг. Харин  ийм үед нь хүүхдэд итгэж найдаж болох хүний тусламж хэрэг болдог. Хэн нэгнээс тусламж гуйж, өөрийн байдлыг хэлж ярихад санаа зовж, ичих хэрэггүй, хүн бүрт өөр өөрийн зовлон, бэрхшээл байдаг гэдгийг ойлгуулах нь чухал. Хүн өөрт тулгарсан саад бэрхшээлийг өөрийнхөөрөө даван туулдаг ч үүнээс гарах боломж, арга зам байдаг гэдгийг ойлгоход нь хүүхэддээ туслаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж