УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд нэгдсэн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ. Тавантолгойн ордын гэрээ хэлэлцээр эцэслээгүй нөхцөлд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр орж ирнэ гэж тооцоолох нь учир дутагдалтай. Тиймээс орлогын эх үүсвэрүүдээ нягтлах, 2011 онд Засгийн газраас том том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөгжлийн банк байгуулахаар болсон. Хөгжлийн банкаар дамжуулж, энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тул ирэх оны нэгдсэн төсөвтэй хамт Хөгжлийн банкийг байгуулахтай холбогдож гарах хуулийн төслүүдийг мөн давхар оруулж ирэх ёстой гэж үзжээ. Харин Засгийн газрын хувьд өнгөрсөн намрын турш боловсруулсан хуулийн төслөө дахин засч, ирэх лхагва гариг гэхэд УИХ-д өргөн барьж амжих уу гэдэг эргэлзээтэй байна. Засгийн газар руу буцаад байгаа энэхүү төсвийн төсөлд төсвийн нийт орлогыг 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 39 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 41.5 хувь байхаар тооцсон юм. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэнэ хэмээн ерөнхий төлөв гаргасан байсан билээ.
Г.Дарь