1128 лицензийг цуцлахад нөхөн төлбөрт өгөх мөнгө Засгийн газарт алга гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

1128 лицензийг цуцлахад нөхөн төлбөрт өгөх мөнгө Засгийн газарт алга гэв

Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудаа түшиглэн эдийн засгаа сульдаанаас гаргах их аянд мордоод буй Засгийн газрын харьяа Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар санаачлан Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Уул уурхайн нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. Чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, мөн уул уурхайн салбарт ажиллагсдын төлөөлөл зэрэг нийт 400 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд УИХ-д хаяглах бухимдал их байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын есөн гишүүний санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль энэ өдөр хамгийн их “хараал” сонсов. Энэ хуулийг уурхайчид “Урт нэртэй хууль” хэмээн тодотгосон. Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр гол мөрний урсац, усны сан, ойн сан бүхий газарт олгосон 1128 ашигт малтмалын лицензийг цуцлах шаардлага тулгарч байгаа аж. Лицензийг цуцалснаар төсвийн орлого 314 тэрбум төгрөгөөр хорогдож, мөн нөхөн төлбөрт зориулж улсын мөнгөний авдарнаас хоёр сая орчим ам.доллар гаргах болж буй. Зориг гаргаад тэрхүү нөхөн төлбөрийг төлье гэхэд Монгол Улсын эдийн засаг ойлгомжгүй байдалд орно. Учир нь Монгол Улсын нэгдсэн төсөв дээр хэлсэн хоёр сая орчим ам.доллартай тэнцдэг. Эдийн засагчдын тооцоолсноор энэхүү нөхөн төлбөрийг барагдуулахад одоогийн Монгол Улсын эдийн засгийн чадавхиар бол арван жил шаардана. Дээр нь нэг уурхайд 50 орчим монгол хүн ажиллаж байгаа гэж бодохоор 1128 лицензийг цуцлахад дор хаяж 50000 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин, лааз өшиглөх болж байгааг уул уурхайнхан сануулж, гишүүн Б.Бат-Эрдэнээс “Хуулиа татаад авчихвал яасан юм бэ” гэдгийг асуусан юм. Харин гишүүн “Байгаль экологио хамгаалах чиглэлээр энэхүү хуулийг  батлах зайлшгүй шаардлага байсан. Засгийн газрын хувьд хуулийг хэрэгжүүлэх ёстой, УИХ-аас хуулийг хэрэгжүүлэхийг шаардах болно.  Чухам нөхөн төлбөрт хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах болж байгааг нарийн гаргах ёстой” гэсэн хариу барьсан юм. Бүтэлтэй хариу сонсоогүй уурхайчид “Ажлын байр шинээр бий болгочихоод лицензээ цуцлаарай” гэх хатуухан үгийг чуулганы танхимаас индэр рүү шидэлснээр урт нэртэй хууль тойрсон асуудал намжив.
Гэвч шүүмжлэл тасарсангүй, эрдэмтэн н.Авирмэд Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хүлээж авсныг эсэргүүцэж, энэ тухай хэн ч юу ч ярихгүй байгаад харамсч буйгаа илэрхийлсэн бол эрдэмтэн н.Ренцэнханд Оюутолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хэтэрхий их цаг алдаж буйг сануулсан. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулахтай тэнцэх цаг хугацааг Оюутолгой орд газрыг хэнтэй хамтарч ашиглах талаар ярьсаар алдсан атлаа одоог хүртэл ойлголтоо нэгтгэж чадаагүй иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаандаа хүрсэн нь асуудлынхаа мөн чанарыг хэн,  хэн нь ойлгоогүйтэй холбоотой байж болзошгүй гэх дүгнэлт ч хийсэн. Түүнчлэн алтны команиудад ногдуулдаг 68 хувийн татвар  уул уурхайн хөгжлийг хойш чангаасан хууль байснаас биш,  Монгол Улс оронд сайн зүйл авчраагүй гэж шүүмжиллээ. Уг санааг УИХ-ын гишүүн С.Оюун үргэлжлүүлж “Хариуцлагагүй амлалтаас болж, Гэнэтийн ашгийн татвар шиг цаг зуурын татварыг 2012 оноос өмнө дахин УИХ-аар батлах вий гэдгээс би ихээхэн болгоомжилж байна. Богино хугацаанд их ашиг олсон мэт харагдах ч Монгол Улсын уул уурхайн хөгжлийг хойш чангаасан хуулийг дахин битгий батлаасай гэдгийг олонхийн бүлэгт хандан хэлмээр байна” гэсэн юм.
Чуулга уулзалтын зорилгыг Эрдэс, баялаг эрчим хүчний сайд тодорхойлохдоо “Газрын хэвлийн тухай хууль, Уул уурхайн тухай хууль зэрэг Монгол Улсын уур уурхайн нэгдсэн бодлогын баримт бичгийг боловсруулахад энэ салбарт ажиллагсдын санал бодлыг тусгахад оршиж байна” хэмээн тодотгосон. Олон үнэтэй санал шүүмжлэл өрнөж байсан тул багагүй олзыг богцондоо хийсэн гэж найдъя.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж