-Оюутолгойн ордын Техник эдийн эасгийн үндэслэлийг Эрдэс баялгийн зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт дэмжин хүлээн авсан. Үүнтэй зэрэг шахам урд хөрш дэх “Рио Tинто”-гийн ажилтнууд авлига өгснөө хүлээсэн тухай мэдээлэл шуугиан тарилаа. Энэ нэг зүйлийг хэлээд байх шиг?
-Хятад улс авлига, хээл хахуультай хайр найргүй тэмцдэг, авлигачдыг шууд л цаазалж байгаа харагддаг. Төрийн хэрэг нь цэгцтэй, өндөр хяналт дор ажилладаг улсад тооцогддог. Энэ бүхнийг мэдсээр байж авлига өгч, авалцсан болох нь нэгэнт тогтоогдчихлоо. Энэ талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Ингэхдээ “Рио Тинто”-г буруутгаж байгаа нь цөөнгүй.
Үүнээс нэг асуулт урган гарч байна. Монголын төр хэр хяналттай билээ. Авлига хээл, хахууль нь бараг л соёл болчихсон шахуу Монголд гадаадынхан авлига өгөөгүй гэх үндэс байгаа юм уу. Тэр тусмаа Оюутолгой шиг дэлхийд томд тооцогдох төслийг тэд авахын тулд авлигаас хол байж чадах болов уу. Тун эргэлзээтэй. Магадгүй өөрийгөө дэндүү хартай юм болов уу гэж нэг хэсэг бодлоо. Тэгсэн чинь Эрдэс баялгийн мэргэжлийн гэх зөвлөлийн орлогч дарга гэх нэг нөхрийг телевизээр харууллаа. Гарт нь үнэтэй цаг, бас ч үгүй бугуйвч байхыг хараад, бас УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хэлсэн үгийг нохой хуцсан чинээ тоохгүй, үгээ зөөж ихэмсэгээр “Айвенхоу майнз” компанийн төлөөлөгч мэт үг хэлж байгааг хараад өөрийн эрхгүй манайхан авлигад идэгдсэн байна гэж бодсон шүү. Тэр нөхөрт “Айвенхо майнз” шууд мөнгө өгөөгүй байх л даа. Манай томчуудад өгсөн. Тэд нь авснаасаа Эрдэс баялгийн зөвлөлийн зарим нөхөдтэй хуваалцсан байх гэж бодогдохоор дүр зургийг л тэндээс харсан.
Нөгөөтэйгүүр Монголын тагнуулын байгууллага улс орны хувь заяатай холбоотой гэрээ хэрхэн байгуулагдаж байгаа талаар бүхий л ажиглалтыг тавих үүрэгтэй. Үндэсний эрх ашигтай зөрчилдсөн үйлдэл илэрвэл харанга дэлдэх учиртай. Харамсалтай нь манайхан тийм чадваргүй бололтой.
Тагнуулын байгуулагын удирдлага нь Ерөнхий сайдаас шууд хараат. Тэгээд ч үй зайгүй найзаа тэр чухал албанд тавьдаг байсан цагт үндэсний эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага байж чадах уу.
-Харин ээ…?
-Оюутолгойтой холбоотой авлига бий гэдэгт би итгэж байна. Ийм практик ядуу гэх олон оронд тохиолдсон. Энэ төрлийн авлига их хэмжээний мөнгөөр тоологддог. Тийм болохоор хэсэг хугацааны дараа авлига авсан этгээдүүдийг авлига өгсөн нөхөд нь голдуу цааш харуулчихдаг.
-Тэгэхээр мөнгө аваад…?
-Тийм ээ, үзэглэсэн гэрээ нь муу, монголчуудад үлэмж ашиггүй байгаа учраас авлига авсан байх магадлал өндөр байна.
-Та гэрээг хүчин төгөлдөр болгохын эсрэг буйгаа нэг бус удаа илэрхийлж байсан. Гэрээг хийхдээ бид юу алдчихав гэж олон хүн асууж байна. Эдийн засагчийн хувьд, Ерөнхий сайд байсан хүний хувьд хариулт өгөөч?
-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэрүүдийг зөрчин байж байгуулагдсан. Техник эдийн засгийн үндэслэл хийгээгүй байхад гэрээ байгуулснаараа Монгол Улсын хуулийг “Айвенхоу” болон С.Баярын Засгийн газар хөсөрдүүлсэн. Хоёрдугаарт, төслийн урьдчилгаа гээд шоудаж авсан мөнгө нь урьдчилгаа биш өндөр хүүтэй зээл болох нь тогтоогдсон. Гуравдугаарт, манай тал өөрийн гэх 34 хувиа зээлээр худалдаж авах болж байгаа. Дөрөвдүгээрт, орд газрыг нь сорчилж ухна гээд байхад бууж өгөөд байгаа зэргээр тоолж баршгүй байдлаар Монгол Улсын эрх ашигт хохирол учруулж байна.
Монголчуудад “дөч хүрсэн эр, дөрвөөр дарсан ат” гэсэн үг байдаг. Тэмээ дөрвөн жил болж байж бяр суудаг, хүн дөч хүрч байж ухаан суудаг гэдгийг хэлсэн хэрэг. МАХН-ын Д.Зоригт сайд хэдтэйсэн билээ? Дөч ч хүрээгүй залуу сайд. Залуу хүний дэврүүн санаагаар гадныхан тоглох амархан шүү дээ. С.Баярцогт бол “Хөөрцөгцогт” нэрээр АН-д алдартай. Тийм учраас илүү тодотгож ярих шаардлагагүй. Л.Гансүх сайд гэж учраа гүйцэд ойлгодоггүй нэгэн. Эдгээр хүмүүст сайн талууд бий. Гэхдээ тэд гадныхантай үндэсний эрх ашгаа урьтал болгоод гэрээ хэлэлцээ хийчих хүмүүс биш. Тэдний ажлыг Ерөнхий сайд С.Баяр чиглүүлж байсан нь гарцаагүй. Хувийн явдал нь дэндсэн хүн төрийн хэргийг зөв чиглүүлэх үндэсгүй юм. Ийм л байдлаар Монгол Улс том алдаж байна.
-Тэгвэл оносон юм байна уу?
-Байхгүй.
-Үнэхээр юу ч байхгүй гэж үү?
-Ийм их алдааны дэргэд хожооны тухай ярьж болно гэж үү.
-Арай өөрөөр харах гээд үзье л дээ. Жишээ нь гэрээ байгуулсан хүмүүсийн байр сууринаас харъя?
-Дэлхийд болж байгаа юмс үзэгдлийг өөрийн гэсэн үзлээр харж чадахгүй байгаа нь бидний зовлон болоод байна. Яагаад гэвэл монголчууд бид харийн хүнд тархи толгойгоо даатгуулчихлаа. Бидэнд зориулсан эдийн засгийн онолууд ч байдаг. Жишээлбэл, байгалийн баялгийн хараал гэж ярьдаг. Хараал идчихгүйн тулд баялгаа гадныхнаар ухуулья гэдэг санааг бидний тархинд суулгах зорилготой. Эдийн засгийн өрсөлдөх чадвар гээд л бас ярина. Санаа нь баялгаа бусдаас түрүүлж гадныханд өгөх, жаахан мөнгөөр нь тансаглах үзэл суулгах маягтай. Сайн засаглал гэсэн төсөл ярина. Муу бүхэн чинь танай засаг муугаас болоод байна гэж монголчуудыг муудалцуулах зорилготой.
-Уучлаарай, та муу засаг байгаа учраас муу гэрээ хийсэн гэж хэлсэн шүү дээ. Түүнтэй нийцээд байгаа юм биш үү?
-Үндэсний эрх ашгаа урьтал болгон гэрээ хийх хэмжээний хүмүүс биш гэж үү. Муу засаглал гэдэг чинь муу Засгийн газар, муу сайд нар гэсэн үг биз дээ. Гадныхан ийм нэртэй төслүүдийг хэрэгжүүлдэг. Манай улстөрчдийн амны уншлага болсон төслүүд. Нэг их ухаантай юм ярьж байна гэж бодоод хурал зөвлөгөөн их хийхийг нь яана. Цаад бодлогыг нь ойлгодоггүй, хардаг ч үгүй.
Эдийн засгийн алуурчин гэх хүмүүс байна. Тэд байгалийн баялаг бүхий орнуудыг өрөнд оруулах төслүүдийг Засгийн газруудад нь шахдаг. Өрөнд орсон орон нь байгалийн баялгаа үндэстэн дамнасан компаниудад хямд өгөхөөс өөр аргагүй болдог. Та бүгд мэднэ. Дубайд саяхан дэлхийн хамгийн өндөр байшин ашиглалтад орсон. Гайхамшиг энэ, тэрээ гэж рекламддаг. Бүр баян араб хаан бариулсан гээд магтана. Үнэн хэрэгтээ тэр байшин ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Ийм ашиг олохгүй байгууламж бариулсныхаа хариуд газрын тосоо л өгч байна. Дубай саяхан бас өрийн хямралд орсон. Газрын тосоор баян Дубай хямралд орно гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Хямралд орсон тэд аргагүйн эрхэнд газрын тосоо хямд зарж байна.
Өөр бас нэг жишээг ч хэлж болно. Гурван жилийн өмнө Дэлхийн банк Ирландыг дэлхийн дээрээсээ гурав дахь хөгжилтэй орон гэж байсан. Одоо бадар барьсан, өртэй орон болсон. Үнэндээ тэд өөрийн үйлдвэрлэл гээд гийгүүлэх зүйлгүй загасны аж ахуйтай л орон шүү дээ.
-Олон жилийн өмнө Фрийдландыг “эдийн засгийн алуурчин” гэж байсан л даа. Та энэ яриагаараа түүнийг хэлэх гээд байна уу?
-Үнэхээр эдийн засгийн алуурчин мөн. Баруунд “токсик Боб” буюу “хорчин Боб” гэсэн хочтой. Латин Америкт байгаль сүйтгээд зугатаагаад явсан учир тийм хоч авсан юм билээ. Зарим орон тиймэрхүү хүмүүсийг улс орондоо ойртуулдаггүй. Манайхан бол Бин Ладен ирсэн ч зүгээр л хараад суух байх.
-Та Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Тэр үед их гүрний ийм бодлого, эдийн засгийн алуурчдын тухай мэддэг байв уу?
-Гадныхнын бодлого Монголын төлөө биш гэдгийг мэддэг байсан. Тэглээ гээд хаалгаа хаагаад дэлхийгээс тусгаарлагдан зожигорч амьдарч болохгүй. Гол нь хамтарч ажиллахдаа өөрийн эрх ашгаа хамгаалдаг байх учиртай юм. Ерөнхий сайд болонгуутаа монголчууд бэлгийн морины шүдийг хардаггүй гээд энэ бүхэнд хайнга ханддаг. Би шүдийг нь харна гэж хэлж байсан
-Таны тэгж хэлснийг одоо санаж батлах хүн бий болов уу?
-14 жилийн өмнөх сонины дугааруудыг хараарай. Тэр үед намайг ойлгосон хүн тун цөөхөн.
-Гэрээг яг хийж байх үед та эдийн засгийн алуурчдын тухай яагаад яриагүй юм бэ?
-Хэн ярих нь чухал биш сонсох нь чухал. “Хорт Боб”-ын тухай хүмүүс яриад л байсан, анхааруулаад л байсан, хэн сонссон юм бэ. Эцсийн эцэст бүх улсаараа өрөнд унах гэрээ хийчихлээ.
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эрх мэдэлтэй хэвээр байсан бол энэ гэрээг ингэж хийхгүй гэжээ. Яагаад ингэж хэлэх болов. Энэ үг чинь хүмүүст эргэлзээ төрүүллээ. Бас зарим нь М.Энхсайхан Ц.Элбэгдоржтой таарамжгүйн илрэл гэж ойлгож байх шиг?
-Оюутолгойн төслийн талаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн байр суурийг би сайн мэдэж байсан. Бүх асуудлаар бид санал нэгдэх албагүй ч Н.Энхбаяр Монгол Улс 51 хувь эзэмших ёстой гэдэг байр суурьтай байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үед намынхаа нэг нөхөртэй хэнийг нь дэмжих вэ гэдгээр санал зөрөлдөж байлаа. Тэр маань Ц.Элбэгдорж гарч ирээд Оюутолгойг Монголынх болгох шахуу юм ярьсан. Би тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болбол Оюутолгойн гэрээ хэлэлцээ хурдтай дуусч хүнийх болно гэж байлаа. Миний хэлж байснаар болж байх шиг байна.
-Гэхдээ Оюутолгойн гэрээ хараахан хүчин төгөлдөр болоогүй байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, парламентын гишүүдийн олонхи нь дэмжиж байгаа гэрээг иргэний хөдөлгөөнүүд, парламентын гадна байгаа улс төрийн намууд зогсоож дийлнэ гэдэгт та эргэлзэж эхэлснээс ингэж хэлэв үү?
-Харин ч би Монголыг харийнхнын өвөрт аваачих галт тэрэг хараахан хөдлөөгүй байгаа гэдэгт итгэж байна.
-Эрдэс баялаг эрчим хүчний сайд гэрээг улс төржүүлэхгүй байхыг хүсчээ. Энэ нь гэрээг эсэргүүцэх нь улс төрийн акц гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх гэсэн хэрэг үү, эсвэл түүний хэлж байгаачлан энэ гэрээ үлэмж ашигтай болсныг та нар гуйвуулаад байна уу?
-Оюутолгойн гэрээ Монголын болон гадаадынхны эрх ашгийг тэнцвэржүүлж, харилцан ашигтай байж гэмээнэ байгуулагдах учиртай. Хэн нэгний нь эрх ашиг зөрчигдсөн байвал тэр нь үгээ хэлэх нь гарцаагүй. Түүнийг нь битгий улс төржүүл гэж ярьж байгаа бол хэн нэгнийх нь талд орлоо л гэсэн үг. Энэ тохиолдолд Д.Зоригт “Айвенхоу”-гийн талд орсон гэхээс өөр үг олдохгүй нь.
Сүүлийн 20 жилийн хамгийн зөв бодлогуудын нэг нь “Хүүхдийн мөнгө” байсан
-Танаас намын чинь үзэл баримтлалтай холбоотой нэг зүйл асууя. Үндэсний шинэ нам шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтэд танилцуулсан. Танай намынхан боловсруулсан юм уу?
-Тийм ээ. Манай намынхан боловсруулж хурлаараа сайшаасан юм. Бид төслөө боловсруулахдаа өнөөгийн монголчуудын харь үзэлд хордсон хордлогын хэмжээ дамжаанд тохируулсан гэвэл сонин байх болов уу. Дээр нь Үндсэн хуульд хамруулах болон эс хамруулах асуудлыг нухацтай бодсон. Намаас боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд ороогүй өчнөөн олон санаанууд бидэнд бас бий. Жишээлбэл, төрийн хамгаалалтад мал сүрэг, газар, байгалийн баялаг байх гэдэг санаанаас гадна Эзэн богд Чингис хааны нэр алдар, хийсэн үйл хэрэг, үлдээсэн оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж байх ёстой юм. Түүхээ эргэн харвал монголчууд эзэн Чингис гэж хэлж чадахгүй болтлоо “дорой” явж байсан нь биднийг үзэлгүй болгож боолчилсон хэрэг байсан.
-Тэр үзлийг сэргээхийн тулд яагаад Үндсэн хуулиа шинэчлэх ёстой гэж?
-Яагаад гэвэл 1992 оны Үндсэн хууль бол хагас социализм, хагас либерализмын үзэл суртлын бүтээгдэхүүн юм. Тэр Үндсэн хуулийн 20 жилийн үйлчлэлийн үр дүнд олигархийн засаглал тогтчихоод байна. Монголчууд Үндсэн хуулиа өөрийн үндэсний үзэл дээр суурилж гаргах учиртай. Тогтолцоогоо өөрчилж олигархийн засаглалыг хумиж, улс орны ирээдүйн төлөө хариуцлага үүрдэг, цэгц сахилгатай хүчтэй Монгол төр байгуулах шаардлагатай байна. Ийм л шалтгаанаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.
-Таныг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэх ойлголт бий. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал Ерөнхийлөгчийн засаглал руу чиглэсэн үү?
-Манай намынхан “хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентийн засаглал” гэж хэлж байгаа. Парламент хууль гаргадаг, төр нь эрх зүйт байх ёстой юм бол парламентийн засаглал гэхээс өөр аргагүй. Гэхдээ Ерөнхийлөгч нь хүчтэй байх юм.
-Хамгийн гол суурь өөрчлөлт юу байх ёстой гэж?
-Гол нь төрийн тогтолцоог өөрчилж байгаа учраас “хувьсгалт” өөрчлөлт юм.
-Гэхдээ энэ бол танай намынхны л санаа. Тийм үү?
-Тийм ээ. Энэ үзэл бүх монголчуудынх болоосой гэж хүсч байна. Эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцэл, маргаан мэтгэлцээн, гүтгэлэг доромжлолоо эцэслээд энэ мэт санаа, үзлийг тойрон ярилцах, хэлэлцэх хэрэгтэй. Үндэсний үзэл дээр суурилан төрөө байгуулах, бэхжүүлэх санаа, сэдлийг бид хариас хайгаагүй, түүхээсээ олсон. Тиймээс автор нь бид гэж хэлэхгүй. Зөв бодлого чухал болохоос түүнийг хэн боловсруулж, хэн хэрэгжүүлж байгаа нь тийм ч чухал биш юм шүү дээ. Сүүлийн 20 жилийн хамгийн зөв бодлогуудын нэг нь Хүүхдийн мөнгө байсан. Түүнийг бид санаачилж, хөтөлбөр болгон дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ хэзээ ч өмчлөх гэж байгаагүй. Хамгийн гол нь тэр бодлого аль ч засгийн үед тасралтгүй хэрэгжих нь Монгол Улсад хэрэгтэй.
-Харамсалтай нь хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зогсоосон шүү дээ?
-2004 оны сонгуульд “Эх орон Ардчилал” эвслийг авч орохдоо Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг дэвшүүлснээр амжилт олсон. Энэ нь хүүхдүүдэд хэдэн төгрөг өгөх төдий асуудал биш гэдгийг нэг бус удаа тайлбарласан. Үнэнийг хэлэхэд хүүхдийн мөнгийг өгүүлэхийн тулд, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд, сонгогчдын өмнө хариуцлагатай байхын тулд тухайн үед Ардчилсан нам Засгийн газарт орох ёстой гэж би үзэж байсан. Үүнийхээ төлөө урвагч, шарвагчаараа дуулсан. М.Энхсайхан муу хэлүүлэх яах вэ, хүүхдүүд л сайн сайхан, гэрэл гэгээтэй амьдрах ёстой. Хүүхдийн төлөөх бодлогогүй бол Монголын ирээдүй жинхэнэ утгаараа харанхуй байх болно.
“Бидэнд большевик хувьсгал биш чухамдаа Үндэсний хувьсгал хэрэгтэй”
-Хүүхдийн ч гэлтгүй төрийн бодлого байна уу гэж хүмүүс асуух боллоо. Тиймээс төрийг өөрчлөх ёстой ч гэж үзэж байна. Харин “Хувьсгалын дараа яах вэ” гэдэгт л хариулт өгч чадахгүй байна?
-Өнөөгийн төр “нэг л биш ээ” гэх сэтгэл хүн амын дийлэнхэд бий. Тийм хүмүүс хүн амын 90 хувиас доошгүй. Гэхдээ “нэг л биш ээ” гэх хүмүүс нь өнөөгийн төр, засгийн газрын шийдвэрийг шүүмжлэх төдий сэтгэл дундуур хэсгээс авхуулаад ерөөсөө төрийг үндсээр нь өөрчлөх хүсэлтэй хэсэг бүхий хүмүүсээс бүрдэнэ. “Нэг л биш ээ” дотор одоохондоо хувьсгал гэдгээс эмээсэн хэсэг нь илүүтэй байгаа. Хувьсгалаас эмээх нь “дараа нь тэгээд яах вэ” гэдэг асуудлыг шийдээгүйгээс болдог.
Чухамдаа үндэсний хувьсгал хийсний дараа Монгол орон ямар төлөв байдалд шилжих ёстой вэ гэдгийг тодруулахад ҮШН-ын шинэ Үндсэн хуулийн төсөл өөрөө “хувьсгалч” санааг агуулж байгаа юм. “Нэг л биш ээ” гэх хүмүүсийн дотор тогтолцоогоо бүрэн солих дайчин үзэлтэй хүмүүсийг эрс нэмэгдүүлэхэд ҮШН чиглүүлэгч үүрэг рольтой байгаа юм. Тийм хүмүүс хэр хурдан нэмэгдэхээс Хувьсгалт нөхцөл байдлын нэг урьдач нөхцөл хангагдах учиртай. ҮШН-ын хувьд төр, засгийн гаргаж байгаа аливаа бодолгүй алхам тутмыг шүүмжлэхэд анхаарал тавьж хүчээ тарамдах шаардлагагүй байна. Яагаад гэвэл төрийн дампуурлыг энэ төр өөрсдөө хар аяндаа хийж өгч байгаа. Эрх баригчид үндэстнийхээ эрх ашгийг улам бүр умартсан болохыг илүүтэй ойлгох хүмүүс сар сараар биш, цаг цагаар нэмэгдэж байна. Үүнд эрх баригч намуудын эцэс төгсгөлгүй худал амлалт, шоу, найр наадам, төрийн албыг хувааж авч байгаа явдал, ард түмний мөнгийг элдэв тендер, бүтээн байгуулалт нэрийн дор идэж ууж, хүн амын олонх нь ядуурсан нь хувьсгалт нөхцөл байдлыг нөхцөлдүүлж өгч байна. Бидэнд большевик хувьсгал биш чухамдаа Үндэсний хувьсгал хэрэгтэй гэдгийг ойлгуулахад ҮШН-ын баримтлал нэн чухал ач холбогдолтой юм.
-Та бүхний боловсруулсан Үндсэн хууль одоо мөрдөж байгаагаас юугаараа ялгаатай гэдгийг маш товчоор хэлж өгч болох уу?
-Өөрийгөө оюунлаг гэж үзэх хүмүүст энэ ялгааг тайлбарлах нь нэн чухал байгаа юм. Монголчууд төрийн байгууллын тухай онолыг гаднаас зээлдэн хэрэглэхдээ бүхэлдээ төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэг хуваадаг гэдгийг амны уншлага мэт мэддэг болсон байх юм. Гэсэн хэдий ч 1992 оны Үндсэн хуулийг нарийвчлан ажвал Монгол төрийг наад зах нь Хууль тогтоох- Улсын Их Хурал, Гүйцэтгэх-Засгийн газар, Шүүх-Дээд шүүх болон шүүх, Ерөнхийлйгч, Цэц гэж тав хуваасан байдаг. Ингэхдээ хууль тогтоох гэдэг нэрийн дор төрийн бүх эрх мэдлийг УИХ нь хэрэг дээрээ эдлэхээр Үндсэн хуульдаа оруулсан. Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн хооронд тарамдуулсан, шүүх эрх мэдлийг Дээд шүүх, шүүх болон Цэцийн хооронд салгаж, Ерөнхийлөгчийн институцийг шүүх, гүйцэтгэх эрх мэдэлд оролцуулах маягтай болгож орхисон нь өнгөрсөн 20 жил монголчууд “төрөө шатаах” тоглоомоор тоглоход хүргэсэн байгаа юм.
ҮШН-ын V Үндсэн хуулийн төслөөр төрийн эрх мэдлийг Улс төрийн дээд эрх-Үндэсний Их Хуралдай, Хууль тогтоох-Улсын Бага Хуралдай, Гүйцэтгэх-Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх-Дээд шүүх болон шүүх, Хянах-Аудитор, прокурор, Төрийн алба-төрийн албаны зөвлөл гэж хуваасан. Энэ нь Монгол төрийг дотроосоо “шатдаггүй байх”, төрийн эрх мэдэл өөр хоорондоо балансжсан байх, төрийн дор намуудыг оруулж, ард түмний төлөө хариуцлагатай бодлого боловсруулж, түүнийхээ хэрэгжилтийн төлөө ажилладаг байх, хариуцлагын чанд тогтолцоог буй болгох зорилготой юм.
-Үндсэн хуулийн төсөлдөө шударга бусаар олсон хөрөнгийг хураах заалт оруулсан нь шүүмжлэлд өртөж байх шиг байна. Ардчиллаас социализм руу ухарч байгаа хэрэг гэж үзэх нь ч байна. Бүр “Хятад маягийн улс төр” гэж шүүмжлэх нь бий. Хувь хүний эрх, өмчийг хамгаалах гэдэг либераль үзлийн суурь байх. Гэхдээ өмчийг яаж олж авах нь чухал уу, ямартай ч өмчтэй болох нь чухал уу гэх асуулт гарч ирээд байх шиг?
-Манай төслийг шүүмжлэхээсээ өмнө унших хэрэгтэй. Ганцхан Үндсэн хуулийн төслийг ч бус бидний хэвлүүлсэн Үндэсний үзэл, Үндэсний хувьсгал номуудтай танилцах хэрэгтэй. Бид хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр нь тухайн хүний оюуны болон биеийн хөдөлмөрөөр бүтсэн байх шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлагаас айж байгаа хүмүүс биднийг мушгин гуйвуулж байгаа.
-Хүмүүст ийм л зовинол байна. Хувьсгалын дараа дахиад сонгууль болж төр засгаа сонгоно. Тэр үед дахиад л энэ хэд гараад ирнэ гэх?
-Хариуцлагатай төрийн тогтолцоо бүхий Үндсэн хууль өөрийнхөө үйлчлэлээр бүх хүмүүсийг зөв чиглэлээр өөрчлөн, хөгжүүлэх болно. Тийм учраас тэр, энэ этгээд буцаад гараад ирэх вий гэх яриа бидэнд тийм чухал биш.
-УИХ-ын сонгуулийн дүнг будилаантуулсан гэж бухимдсан олон МАХН байр руу дайрсан. Ялагдал хүлээсэн улстөрчид харин иргэдийг ихээхэн турхирсан ч өнөөдөр МАХН-тайгаа “нэг хөнжилд” орчихлоо. Харин гэмгүй таван иргэн амиа алдаж, олон зуун хүн ял авсан. Гэтэл өнөөдөр гал нээсэн цагдаа нар нь цагаадчихлаа. Ахиад л ийм л зүйл рүү иргэдийг турхирч байх шиг?
-Олон түмэн яагаад бухимдав гэдэгт эрх баригчид хариулт өгөх ёстой. 7-р сарын 1-ний үйл явдалд сайн ч зүйл байсан саар нь ч байсан. Гэхдээ тэр өдрөөр иргэдийн хүсэл зоригийг мохоох, айлгах хэрэггүй л гэж хэлэх байна.
-Танд амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцлагын төгсгөл болгож та юу хэлэх вэ?
-Баярлалаа. Үндэсний үзэл, Үндэсний хувьсгалын үзэл санааг ойлгож гар бие оролцох явдал Монголоо гэсэн хүн бүрт хамаарна. Сэрцгээ, босцгоо, өөрчил гэж хэлэх байна.
Ярилцсан: Л.Нарантөгс