Стандарт хангасан нисэх буудалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Стандарт хангасан нисэх буудалтай боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001-2008 стандартыг Нисэх буудлууд дотроо анхлан  нэвтрүүлж, өнөөдөр Стандарт хэмжил зүйн газраас сертификатаа гардан авлаа. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, өдөр тутмын хяналт сайжирч, гүйцэтгэлийн чанар дээшилж, зорчигч үйлчлүүлэгчдийн тав тух хангагдах аж. Мөн Нисэх буудлын анхан шатны нэгж болох хэсгүүдийн гүйцэтгэх ажил үүрэг тодорхой болж, гүйцэтгэсэн ажил үүргийг тухай бүр баримтжуулан бүртгэж, хяналт тавин, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой болж буй гэнэ. Түүнчлэн өөрийн ажилд дотоод болон гадаад хяналт хийж, байнгын сайжруулалт хийх нөхцөл бүрджээ.

Дашрамд сануулахад, Иргэний нисэхийн ерөнхий газар нь салбарынхаа хэмжээнд нисэх буудлуудыг Олон улсын стандарт хангасан болох зорилт тавин ажиллаж буй аж. Энэ хүрээнд Мөрөн Нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлжээ. Өргөтгөл ашиглалтад орсны дараа Нисэх буудал цагт 150 хүнд үйлчлэх хүчин чадалтай болно. Мөн агаарын хөлөг хөөрч буух зурвасын хүчитгэлийн ажил эхлэхэд бэлэн болж буй аж. Нисэх буудлын хөөрч буух зурвасыг барих ажил 2010-2011 онд үргэлжилнэ. Нисэх буух зурвас ашиглалтад орсноор хүнд даацын Войнг-737 агаарын хөлгийг хүлээн авах чадалтай болох юм байна. Үүнийг дагаад мөн Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжих өргөн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж