“Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” буюу зургаан их наяд 750 тэрбум

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” буюу зургаан их наяд 750 тэрбум

Ийм нэртэй хөдөлгөөнийг ҮШН-аас зохион байгуулж, анхныхаа уулзалтыг ТВ-ээр шууд дамжуулж байна. Тэдний тавьж байгаа шаардлага нь эрх барьж байгаа хоёр нам болох Ардчилсан нам болон МАХН-аас 2008 оны сонгуульд орох­доо амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг иргэн бүрт өгүүлэх явдал. Хөдөлгөөний тэргүүн, ҮШН-ын нарийн бичгийн дарга Д.Батцогт өнгөрөгч сонгуулийн үеэр МАХН, Ардчилсан намаас сонгогчдод тараасан амлал­туудыг нотлох баримтуудаар нь нэг бүрчлэн сануулж, Ард­чилсан намаас амласан сая төгрөгийн хувьцаа, МАХН-ын 1,5 сая төгрөг, тэтгэврийн доод хэмжээг гурав дахин нэмэг­дүүлэх амлалт, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хүүхдийн 3000-ыг 20 мянга болгох, хоёр намын амласан сая, 1,5 саяыг хоёуланг нь өгүүлэх” амлалт, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, улирал бүрийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянгыг нийлүүлэн зургаан ам бүлтэй нэг өрхийн жилийн орлого 17 сая төгрөг болох тооцоог хийгээд энэ мөнгийг бүгдийг нь олгуулахаар шаардаж байна. Ядарсанд нь байтугай чадуухан нэгэнд нь ч сайхан сонсогдохоор тоо.
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, телевизээр ярьсан мөн­гөний дүнг сонсоод гэрийнхэн ч үймээд явчих нь тэр. Эндээс аав “Ингэж хоосон амлаж байхаар тойргийнхоо 76 тэрбумыг нийлүүлээд хэдэн сайхан үйлдвэр байгуулчихсан бол хичнээн олон хүн ажилтай болох байв” хэмээн тооцоо бодож, ээж тэндээс “Энэ 2,5 саяыг чинь бэлэн мөнгөөр өгөхгүй ээ, орон сууцанд хөрөнгө оруулна гэсэн” хэмээн мэдэмхийрч, дүү бас зүгээр суухгүй гэсэн шиг “Наад мөнгө чинь манай улсын жилийн төсвөөс хэд дахин давсан тоо, юу гэж өгч чадах юм” хэмээн маргаж байна.
Хөрш айлын эзэгтэй юу дутах вэ ороод ирчихсэн “Явж жагсана аа, 2,5 саяыгаа авна” хэмээн ээжийг нударна. Телевизээр гарч байгаа хөдөлгөөний удирдагчдын дуу чангарах тусам гэр доторх хүмүүсийн дуу зэрэгцэн өндөрсөж, их удвал хэрүүл ч болох янзтай. Айл болгонд ийм маргаантай уур амьсгал бий болж байгаа даа гээд бодохоор эрхгүй эмзэглэл төрнө.
Бусад бүх амлалтыг орхиод зөвхөн намуудын амласан 2,5 сая төгрөгийг 2,7 сая хүн амдаа үржүүлэхэд зургаан их наяд 750 тэрбум төгрөгт хүрч байгаа. Засгийн газар 2010 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг ойролцоогоор хоёр их наядаар баталсан гээд бодоход үүнээс даруй гурав дахин давсан тоо. Энэ жил Монгол Улсын төсөвт орж ирсэн бүх орлогыг хуу аваад төсвөөс цалинждаг нэг ч хүнд цалин, тэтгэвэр өгөхгүйгээр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт сохор улаан зоосны санхүүжилт өгөлгүй, бүтээн байгуулалтын ширхэг ч ажил хийхгүй, дээр нь манай УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөрлөгүүд өөрсдөө гадаад дотоодод томилолтоор явалгүй, цаас, интернэт гэх мэтэд мөнгө заралгүйгээр төсвийнхөө орлогыг бүгдийг хуваалаа ч хүн амынхаа дөнгөж гуравны нэгд л амласан мөнгөө өгч чадах нь байна. Тэгэхээр энэ 2,5 саяыг иргэд бүртээ өг хэмээн шаардах нь хэр бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.
Хамгийн гол нь үнэхээр иргэд үүнийг хүсч байна уу, тэгвэл яг хэдэн хувь нь хүсээд, шаардаад байгаа юм бэ гэдгийг батлаад нотлоод өгчих судалгаа, тооцоо байна уу? Харин хэд нь ажлын байртай, амьдрах орон сууцтай, эрүүл мэндийн үйлчилгээ нь хэвийн, ажлаа сайн хийвэл амьдраад байх бололцооны нийгэмд хүрэхийг мөрөөдөж байгаа бол? Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч С.Ганбаатар хэд хоногийн өмнө телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо “2,5 сая төгрөгөө өгч чадахгүй бол 152 чих огтлох л ажилтай болж дээ” гэдэг үг унагаж байсан. Хоёр намын тавьсан зургаан их наяд 750 тэрбум төгрөгийн өрийг чих нэг бүрт хуваавал 44 тэрбум 407, 9 сая төгрөг гарч байна. Ийм их үнэд хүрдэг чих байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.
Уг нь бол Д.Батцогт, Г.Уянга нарын хийж байгаа тэмцэл, шаардаж байгаа зүйл нь улстөрчдийг худлаа амлавал юунд хүрч болдгийг сануулж байгаагаараа сайн хэрэг л дээ. Гэвч энэ нь хэмжээнээсээ хэтэрч, савнаасаа халивал юунд хүрч болох вэ гэдгийг бас л бодох ёстой асуудал. “Буу шийдмээ бариад ирье гэсэн хүмүүс байна, буу барьж ирсэн хүн бидний нөхөр биш, дайсан шүү” гэсэн үгийг сонсоод хиртхийх шиг болов. Хэрвээ тэгтлээ их бухимдаж байвал, бухимдахдаа үймээн дэгдээвэл яах вэ. Хэнд ашигтай вэ? Мэдээж төрийн аппаратууд өөрийгөө хамгаалах бүтэцтэй, шүүх цагдаатай учраас учраас үймээний хөлд өртөхгүй. Жагсаалд нэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь амьдралын төвшин доогуур, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн доод хэсгийнхэн байх учраас тэдэнд бас алдах юм байхгүй. Харин хохирогчид нь нөгөө л жижиг дунд бизнесмэнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Иргэд өөрийнхөө орж үйлчлүүлдэг дэлгүүрийг өөрсдөө шатаагаад, талаад л дуусна гэсэн үг. Тэгээд баахан залуус шоронд орж ч магадгүй.
Долдугаар сарын 1-ний үймээний дараа Ардчилсан намын зарим гишүүд О.Магнай, Ж.Батзандан нар дээр очиж, “Та нар энэ хоригдож байгаа залуусыг сулла, цуглаан зохион байгуулсныхаа хувьд бид бурууг дангаараа хүлээе гээд цагдаагийнханд хэлчих, яалаа ч гэсэн та нарыг цаазлахгүй. Бид тэгүүлэхгүй, хамгаална” гэж ятгасан юм гэнэ лээ. Гэвч тэдний хэн нь ч хариуцлага хүлээхийг хүсээгүй. Хар амиа аврахын тулд Ардчилсан намд элсэж, хамгаалалтад ороод л өнгөрснийг бүгд харсан. Харин хоригдсон залуусын олонхи нь одоо болтол шоронд ялаа эдэлж байгаа. Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөний удирдагчид ч гэсэн нэг их холын зорилт тавиагүй л болов уу. Тэдний хүссэнчлэн үймсэн олон Засгийн газраа огцруулж, УИХ-ыг тараалаа гээд үр дүн нь юу байх вэ. Д.Батцогт, Г.Уянга, “малыш” хочит Б.Энхтүвшин нарыг төрийн толгойд залах уу? Эсвэл Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалж, Н.Энхбаярыг МАХН-ын толгойд эргүүлэн тавих уу?
Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж