Я.Туяа: Дасгалаар гимнастикийг төсөөлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Я.Туяа: Дасгалаар гимнастикийг төсөөлж болохгүй

1964, 1968 оны Токио, Мексикийн Олимп, хоёр удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан Спортын гимнастикийн анхдагчдын нэг Ядамсүрэнгийн Туяатай ярилцлаа.  
 
-Таныг 1964 оны олимпод 17 настайдаа оролцож байсан гэхээр их л багаасаа спортод хөл тавьж дээ?

-Би 1947 онд Улаанбаатар хотод төрж өссөн. 1954 онд нийслэ­лийн дөрөвдүгээр бага сургуульд орсон юм. Тэр үед бүх нийтийн биеийн тамир, тэр дундаа уран хөдөлгөөнт гимнастикийг сургуу­лиу­даар их заадаг байсан. Гим­нас­тикаар сургуулиасаа шалгар­сан хүүхдүүд улсын наадамд оролц­дог байлаа. Намайг дөрөв­дүгээр ангид сурч байхад манай сургуульд гим­настик заахаар Цэргийн ерөнхий дээд сургуулийн тэнхимийн эрх­лэгч, уулын спортын ОУХМ Б.Цэ­рэн­­даш гэж хүн ирсэн юм. Би багаасаа нугардаг хүүхэд байлаа. Спортын гимнастикаар хичээллэх дөртэй хүүхэд гэж харсан юм шиг байгаа юм.
.
-Жанжин Ж.Лхагвасүрэн спортын олон төрлийг хөгжүүлэх үндэс суурийг анх тавьж Зөвлөл­тийн мэр­гэжилтнүүдийг урьж авч­руулж байсан гэдэг?

-Үйлдвэрчний эвлэ­лийн хол­боо­ны төв зөвлөлийн хойд талд спорт заал байдаг бай­сан. Тэр заалыг жанжин Ж.Лхагва­сүрэн бай­гуул­сан юм. Жанжин тэгэхэд спортын бай­гууллагын дарга бай­сан. Тэнд бокс, штанг, хөлбөмбөг, гимнастик гээд арав гаруй спортын дугуйлан хичээллүүлэх болсон. Түүний урилгаар ирсэн Зөвлөл­тийн мэргэжилтэн Андреев Черва­ковт намайг Б.Цэрэндаш багш маань намайн аваачиж шалгуултал тэнцээд тэр хүний гар дээр очсон юм. Ингэж л гимнастикт хөл тавь­сан даа.

-Та тэгвэл жанжны анхны тамирчдын нэг байж ээ дээ?

-Би тэр үед алдартай, улс тө­рийн том хүн гэж мэдэхгүй 10 настай жаахан охин л байлаа. Жанжин цэргийн сахилгын арга хэмжээ авахуулаад спорт хорооны дар­гаар ирсэн юм билээ. Оросын ард түмэнтэй хамтарч Монго­лын спортыг олон улсын жишигт хүргэнэ гэсэн зорилготой ажиллаж байсан хүн гэдэг. Мөн спортын материаллаг баазыг бүрдүүлэхийн тулд Хятадын барилгачдаар спор­тын ордныг бариулсан шүү дээ. 1958 оны арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордон нээгдэж байлаа. Ордны нээлтэд жанжин Ж.Лхагвасүрэн, Хятадын барилга­чид оролцсон юм. Тууз хайчлах ёсло­лын үеэр би  цар тавагтай тууз, хайчийг нь бариад зогсч байсан нь сайхан дурсгалтай мөч билээ. Яг үүнээс нэг жилийн дараа Хятадын төрийн зөвлөлийн дарга  Жоу Эн Лай айлчилж ирсэн юм. Бидэнд тэр хүнийг ирэхээс 20-иод хоногийн өмнөөс хятадаар хэдэн мөр үг цээжлүүлсэн юм. Чухам юу гэж байгааг нь мэдэхгүй л цээжлээд байлаа. Дараа нь тэрийг монго­лоор “Хүндэт төрийн тэргүүн Жоу  Эн Лайд халуун баярыг хүргэе” гэсэн утгатай мэндчилгээний үг байсан юм билээ. За, тэгээд  Жоу Эн Лай ирлээ. Түүнд зориулж бөхийн барилдаан боллоо. Дараа нь гим­нас­тикийн тоглолт сонир­хууллаа. Спортын мастер, гимнас­тикч Ц.Гүн­дэгмаа нум, сум, би зодог, шуудаг бариад Жоу Эн Лайд бэлэглэж бай­сан юм. Энэ мэт их сайхан үйл явдлууд миний амьд­ралд тохиолд­сон, нь гимнастикийн буян гэж бодож явдаг.

-Таныг гимнастикийн улсын шигшээд хүүхэд байхдаа орсон цөөн хэдэн хүний нэг гэдэг?

-Жанжин Лхагвасүрэнгийн са­наа­чилгаар залуучуудын шигшээ баг байгуулагдсан. Баг эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинтай. Мон­голын улс төрийн анхны тоймч Базарваань гуай эрэгтэйчүүдийн ахлагч, Улсын багшийн их сургуу­лийн багш Д.Сэрээтэр эмэгтэйчүү­дийн ахлагч байсан. Тэд ес, 10 дугаар ангийн том ах нар харин би дөрөвдүгээр ангийн л хүүхэд бай­сан.

-Хамгийн анх ямар тэмцээнд та оролцсон бэ?

-1959 онд хэрэглэлийн гимнас­тикийн цом булаалдах нэртэй тэмцээн анх удаа зохиогдоход түүнд ороод хүрэл медаль хүртэж байв. Үүнээс хойш бүх ард түмний спартакиад, УАШТ, хотын аварга, оюутан, залуучууд, хүүхдийн наа­дам зэрэг олон тэмцээнд оролцож 25 удаагийн аварга гэгдэж явлаа. “Хэрэглэл” гээд яриад явчихаар манайхан гайхаж магадгүй, спортын гимнастикийн төрөл гээд байгаа маань сая Сингапурын олимпоос модон морины харайлтын төрлөөр алт авч ирдэг Эрдэнэболдын маань хичээллэдэг спортын гимнастикийн төрөл юм шүү дээ. Спортын Гимнастик нь модон морь, савлуур, чөлөөт хөдөлгөөн, дамжуурга дөрөв хэрэглэл нийлж байж нийт амжилт нь тооцогддог хүндхэн спортын төрлүүдийн нэг. Цаашлаад ярьвал Спортын цагаан толгой гэгддэг гимнастик чинь дотроо 2 төрөлтэй. Уран сайхны болон спортын гимнастик. Манай тамирчдын хувьд спортын гимнастикаар үзүүлсэн олон улсын тэмцээний амжилтууд илүү байдаг.

-Олимпод оролцож явсан ту­хайгаа дурсаач. Та манай олим­под оролц­сон анхны эмэгтэй тамирчдын нэг шүү дээ?

-1964 оны Токиогийн олимпод манайх таван төрлөөр орохоор болсон. Бид хоёр жил бэлдээд л орсон. Спортын Гимнастик, хөнгөн атлетик, дугуй, чөлөөт бөх, бууд­лагаар 21 тамирчин явсан. Тэгэхэд манай багт таван эмэгтэй тамирчин бай­сан. Би багийнхнаасаа хамгийн бага нь 17 настай. Манай гимнас­тикаар таван хүн явсны хоёр нь дасгалжуулагч. Тэгэхэд би гимнас­тикийн багаа ахалсан. Гим­насти­кийн тэмцээн зохиогдох тал­байд төрийнхөө далбааг бариад явж байхдаа өөрийгөө олимпийн авар­га л болчихсон юм шиг тө­сөөлж, их баярлаж байж билээ. Олимпод оролцоно гэдэг ховор хувь заяа шүү. Би Токиогийн олим­под 87 тамирчнаас 35 дугаарт орсон. Харин 1968 оны Мехико­гийн олим­под 135 тамирчнаас мөн 35 дугаар байрт шалгарч байлаа, олимп хооронд үзүүлсэн амжилт хамаагүй сайжирсан байгаа биз. Энэ нь манай багш дасгалжуулагч нарын л ач юм. Дээр нь түрүүний хэлдэг дээрхи 4 хэрэглэл маань нийлж гарсан дүн энэ юм шүү дээ, чөлөөт хөдөлгөөн, савлуур, дамжуурга, модон морьны харайлт гээд төрөл тус бүрээр ярьвал оролцсон тамирчдын маань амжилт хамаагүй дээшилнэ гэсэн үг. Олимп болон ДАШТ-ээс 18 алтан медаль хүртсэн Оросын домогт гимнастикч Лариса Ладини­на­тай анх олимпын дэвжээнээ танилцсан нь бидний хувьд тухайн үед медаль авсантай дүйцэхүйц туршлага болж байлаа. Бид чинь тэр үед Зөвлөлтийн сэтгүүлүүдээс Лариса­гийн зургийг олж хайчлаад дэвтэр­тээ нааж шүтэн биширдэг байс­наас биш нэг зааланд, нэг тавцанд зэрэгцэж зогсоод өрсөл­дөнө чинээ төсөөлж байгаагүй.

-Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойгоор ОУОХ-ны архивт манай улсаас зургаан тамирчны нэрийг албан ёсоор бичиж мөнхөлсний нэг нь таных байх аа?

-Энэ ойн хү­рээнд Олимпийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан орон орны хүмүүсийг ОУОХ-ны архивт мөнхөлсөн юм. Монголоос аварга Ж.Мөнхбат, Ц.Ойдов, Н.Бүргэдээ, Д.Цэнд-Аюуш, Д.Адьяатөмөр бид зур­гаагийн нэрийг багтаасанд дотроо их л омогшиж явдаг даа. Түүнчлэн төр засгаас маань төрийн дээд алтан гадас одонгоор ч шаг­насан. Ингээд бодоход Олимп гэдэг маань яах аргагүй хүн төрөлхтөнийг ойртон нэгдүүлж, эвлэлдэн найрамдуулдаг их хүч байгаа биз.   

-Та олимпоос гадна дэлхийн аваргын тэмцээнд оролцож бас шүүж байсан гэдэг?

-Манайхан гимнастикийн 1966, 1983 оны ДАШТ-д оролцсоноос хойш дахиж ороогүй байгаа. Би 1966 оны Германы ДАШТ-д 156 тамирч­наас 45 дугаар байр эзэлсэн. Би 1983 оны Хятадын ДАШТ-д шүүлтээрээ өндөр үнэлгээ авч, дэлхийн гимнастикийн холбооноос АНУ-ын Лос-Анжелест зохиогдох ДАШТ-ийг шүүх эрх авч байлаа. Манай төрөлд одоохондоо дахиж Олон улын шүүгч төрөөгүй л байна, гэхдээ тэр үе удахгүй биздээ, олимпын аварга төрүүлсэн орон чинь. (инээв) Олон улсын тэмцээн шүүнэ гэдэг маань тэмцээнд оролцсоноос дутуугүй нэр хүндтэй сайхан хэрэг шүү дээ.

-Саяхныг болтол бид наадмын парад гимнастикийн тоглолтод орно гээд сэтгэл догдлон их л бэлддэг байсандаа. Энэ чинь нэг талаасаа гоо зүйн тоглолт мэт боловч нөгөө таласаа өнөөгийн манай ерөнхийлөгчийн санаачилаад байгаа нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжих  нэг хэлбэр бишүү?

-Тийм ээ, яах аргагүй мөн шүү дээ. Нийтийн гэдэг дотор хүүхдүүдийн, ажилчдын жирийн иргэдийн эрүүл мэнд цөм багтана шүү дээ. 3000-5000 мянган хүүхдийг наадмын нээлтийн тоглолтод оруулахын тулд хоёр сарын өмнөөс бэлддэг бай­лаа. Эгч нь ардын хувьсгалын 40, 45, 50, 60, үйлдвэрчний 60 жилийн ойн гимнастикийг хариуцан най­руулж, ардын хувьсгалын 40 жилийн ойгоор өөрөө гоцолж байв. Дараа нь үйлдвэрчний эв­лэлд ирээд ажилчин ангийн үйлд­вэрчний эвлэлийн ойн гимнасти­кийг удирдсан, үйлдвэрүүдээр явж чийрэгжүүлэх дасгал зааж ч байлаа. Нийтийн бие бялдрыг чийрэгжүүлэх дасгалын анхны стандартыг боловсруулан мөрдүүлэхийн төлөө ажиллаж байлаа. Тэгээд цааш нь аеробикийн төрлийн суурийг тавьсан гээд ярьвал их дээ. Учир нь гимнастик гэдэг чинь өөрөө баялаг. Зөвхөн купальник өмсөж зааланд дасгал хийхээр гимнастикийг төсөөлж болохгүй. Тэр утгаараа ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөр чинь ард олны эрүүл мэндэд их тустай зүйл шүү дээ.

-Тэгэхээр та тамирчнаасаа хойш нэлээд олон зүйлийг гимнастийкийн төлөө хийжээ?

-Одоо ч гэсэн чадал хүрвэл хийгээд л гүйдэг. (Инээв) Одоогоор Баянгол дүүргийн Олимп судлалын төвд гэрээгээр ажиллаж байгаа.  Өмнө нь Мон-Алтиус Биеийн тамирын Дээд сургуульд багшилж 800 гаруй оюутнуудыг төгсгөсөн байна. Харин үүний өмнөх 30 гаруй жил маань Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонтой салшгүй холбоотой сайхан он жилүүд байсан.  Үйлдвэрчний ордондоо биеийн тамирын арга зүйч хийж олон секц дугуйлан хичээллүүлж, олон шинэ төрлийн спортыг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Жишээ нь уран сайхны гимнастик, ушу, газрын теннис, таеквиндо гээд л.  Бас тэгээд өөрийгөө гололгүй соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байлаа. Түүн дотор мөн л өнөөх спортын алдартай тамирчдыг алдаршуулж олонд таниулах их хүндтэй үүргийг хүлээж байлаа шүү дээ. Бидний үед ямар өнөөдөр шиг олон телевиз, радио, сонин байсан биш манай ордны заалаар дамжуулан Баянмөнх, Мөнхбат, Бат-Эрдэнэ аваргаас эхлээд олимпийн хүрэл медальт боксчин Энхбат гавьяат гээд олон хүнийг тайзан дээрээс мянга мянган залуучуудад танилцуулдаг байлаа. 600 гаруй арга хэмжээг 20 гаруй сая хүн үзсэн гэсэн баримжаа тооцоо гардаг.

Ордонд ажиллаж байсан үеийн олон сайхан дурсамж байдагийн нэгийг сонирхуулья. 1989 оны хоёрдугаар сарын 18-нд тэр Ардчил­сан ху­вьс­га­лын анхдугаар хурлыг хуралдуу­лахын тулд хоёр том оюуны урсгал зөр­чилд орж байлаа. Манай ордон чинь шилэн хана, хаалгатай. Ард­чилсан холбоо­ныхон хурлыг улс даяар мэдээл­лийн хэрэгс­лээр дамжуулах ёстой гэсэн шаард­лага тавьчихсан. Ма­най ордны ойр орчим, Дөрвөн замын хөдөлгөөн хаагдчихсан, олон мян­ган залуус жагссан бай­лаа. Төв хаалганы дээр байх үзэсгэлэнгийн танхим зургаан том цонхтой. Цонх­нууд түгжээтэй. Цонхыг онгойлж болох­гүй гэж ордны дарга тушаа­чихсан байдаг. Гэтэл ардчилагчдыг удир­даж явсан залуус “За, Туяа эгч ээ Монголын ард түмэн хүсээд байна. Та ордны зохион байгуу­лагч мөн л юм бол цонхоо онгойл­гож өг” гэхээр нь зориг ороод онгойлго­чихсон. Цонхыг онгойл­гон­гуут Д.Цахил­гаан, Ц.Элбэг­дорж, С.Зо­риг, Нинж, Баабар нар гараад төв хаалганы дээрх тавцан дээр га­раад “Ард­чилсан холбооны хурлыг одоохон нэвт­рүүл­нэ ээ. Намын төв хорооны дарга зөв­шөөрөл өгөн­гүүт хурлаа хийнэ ээ” гэж зарлаж байсан юм. “Ардчиллын” залуучуудыгаа зүрх сэтгэлээрээ өчүүхэн боловч дэмжсэн нь онож дээ хэмээн эдүүгээ би их билэгшээж явдаг. Тэдний уухай, уриалгаар Монголд ардчилал цэцэглэж спортын олон төрлүүд дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж олимпын аваргатнуутыг төрүүлэх нэг нөхцөл болсон гэж би боддог.

-Төгсгөлд нь залуучууддаа хандан сайхан үг хэлээч Туяа багшаа?

-Эрүүл биед саруул ухаан оршино, эрүүл байх нь хөдөлгөөн биеиийн тамираас эхэлнэ шүү гэж хэлье дээ.

Ш.СЭРГЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж