
Ерөнхийлөгч Обама энэ бямба гаригт Энэтхэгийн хөгжиж буй санхүүгийн төв Мумбайд хүрэлцэн ирснээр энэ аянаа эхэллээ. Мумбайд тэрээр АНУ ба Энэтхэг хоёр терроризмгүй дэлхийг бүтээх эрмэлзэлдээ нэгэн санаатай байгаа гэж мэдэгдлээ.
Энэтхэг, АНУ хоёр одоо тагнуулын мэдээллийг солилцох, террорист довтолгооны талаар бие биедээ мэдээлэх, террористуудыг хуулийн хариуцлагад татах зэрэгт улам идэвхтэй ажиллаж байгааг Обама тэмдэглэжээ. Нью-Дели хотод Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтай хэлэлцээр хийхдээ энэ асуудлыг улам гүнзгий ярих болно гэдгээ тэр Мумбайд мэдэгдсэн байна.
Барак Обама Энэтхэгийн удирдлагатай хоёр орны худалдаа ба хамтын ажиллагааны талаар, терроризмын эсрэг хамтран тэмцэхээр ярилцлаа. Хэлэлцээрийн явцад хэдэн арван тэрбум ам.долларын 20 орчим гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан байна. Мумбайд ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай нар 2008 онд террористуудын халдлагад өртөж байсан Таж-Махал буудалд буужээ. Дараа нь тэд террорын хохирогчдын дурсгалын хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлээд алан хядагчдын довтолгоонд өртсөн хүмүүстэй уулзан ярилцжээ. Обама Мумбайд довтолсон 10 террорист ирсэн Пакистаны талаар ганц ч үг дуугараагүйг Энэтхэгийн тоймчид тэмдэглэсэн байна. Энэтхэг уг террорт Пакистаны «Лашкар-и-Таиба» бүлэглэлийг буруутгаж байгаа билээ.
Обама энд Энэтхэгийн бизнесменүүдтэй уулзсан байв. Өмнө нь тэрээр мэдэгдэхдээ ерөнхийлөгч болсноосоо хойш хамгийн урт хугацаанд айлчлах орон нь Энэтхэг болно гэсэн байв. Энэтхэгийн дараа тэрээр хүүхэд ахуй цагаа өнгөрөөсөн Индонезид, дараа нь Сөүлд болох Их 20-ын саммитад хүрэлцэн очих юм.