
-Нүүрсний салбар эрс сэргэсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Цаашид ч манай улсын экспортын бүтээгдэхүүний багагүй хувийг нүүрс эзэлсээр байх нь. Ийм нөхцөлд төрөөс ямар бодлого баримтлан ажиллах нь зөв бэ?
-Нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсч байна. Тэр тусмаа нүүрс экспортын хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд л гэхэд 14 сая тонн нүүрс олборлож, үүнээс зургаан саяыг нь экспортод гаргасан байдаг. Харин энэ онд олборлолтын хэмжээ 23 саяд хүрч, түүнээс 16 сая тонныг нь экспортлох магадлалтай байна. Экспортолсон нүүрсний хэмжээ 2,5 дахин нэмэгдэж байна гэсэн үг юм. Нүүрсний салбар бол Монгол Улсын уул уурхайн анхдагч салбар. 1922 онд байгуулагдсан Налайхын их уурхайгаас үүсэлтэй нүүрсний салбар 2002 хүртэлх 80 жилийн хугацаанд зөвхөн эрчим хүчний нүүрс олборлолтын чиглэлээр хөгжиж ирсэн байдаг. Харин сүүлийн найман жилд нүүрсний үйлдвэрлэлийн чиглэл, хэрэглээний зориулалт өргөн хүрээтэй болсон. Эрчим хүчний нүүрсний чигэлэлээс гадна нүүрс экспорт, нүүрс боловсруулалт гэсэн хоёр чиглэл нэмэгдсэн. Нүүрсний салбар эрчимтэй хөгжлийн эрин үед орсон учраас нүүрсний аж үйлдвэрийн салбар гэж нэрлэхүйц хэмжээнд хүрээд байна.
Манай салбарт бас нэг онцлог зүйл ажиглагддаг. Нүүрс экспорт, нүүрс боловсруулалтын салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүд бараг зуун хувь хувийн хэвшлийнх. Гэтэл эрчим хүчний нүүрс олборлолтын салбарт төрийн өмчийн компаниуд л зүтгэж байна. Хувийн хэвшлийн үйлдвэрлэл тасралтгүй өндөр хурдаар нэмэгдэж байхад эрчим хүчний нүүрсний уурхайн хувьд эцсийн бүтээгдэхүүний үнийг төр барьж байдгаас үйл ажиллагаа нь доголтой явж ирсэн. Жишээ нь Багануурын уурхай гэхэд л нэг тонн нүүрсийг 21 мянган төгрөгөөр олборлодог хэр нь 18200 төгрөгөөр борлуулж байна. Тонн нүүрс тутамд 3000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж ахуйн нэгж санхүүгийн хувьд биеэ даан ажиллах ямар ч боломжгүй. Үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангах, техникийн насжилт “өндөр” болсны дээр уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх гэхчилэн олон асуулт ард нь хариу нэхэн үлдэж байдаг. Үүнд л онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй болоод байна.
-Нүүрсний үнийг бүрэн чөлөөлөх шаардлагыг төрийн амчит компаниас удаа дараа тавьж байсан. Үнэ чөлөөлөх асуудал чухам хэзээ шийдэгдэх бол?
-Нүүрсний үнийг зах зээлийн жишгээр тогтоох, төрөөс барьж буй үнийн бодлогыг чөлөөтэй болгох саналыг уурхайн зүгээс ирүүлсээр байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд нүүрсний үнийг нэмэгдүүлсээр ирсэн. 2005-2007 онд нүүрсний үнийн цэвэр өсөлт нэг тонн тутамд 1000 төгрөг байсан бол 2008-2010 онд 5500 төгрөг болон нэмэгдсэн. Ингэж өсгөсөөр 2014 он гэхэд төрийн өмчит нүүрсний уурхайнуудын хувьд үнийг чөлөөлөх бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг системд шилжүүлнэ.
-Эрчим хүчний нүүрс үйлдвэрлэл салбартаа хэдий хэрийн орон зайг эзэлдэг вэ?
-Эрчим хүчний нүүрс үйлдвэрлэл салбарын хэмжээнд 40 орчим хувийг эзэлдэг. Жилд таван сая гаруй тонн нүүрсийг эрчим хүчинд хэрэглэдэг. Цаашид үйлдвэржилтээ дагаад энэ үзүүлэлт өсөх хандлагатай байна. 2010 оныг 2015 онтой харьцуулахад эрчим хүчний нүүрсний хэрэглээ хоёр дахин өсөх урьдчилсан тооцоо гарсан. Улаанбаатар хотын тавдугаар цахилгаан станц, Хөвсгөл аймагт Могойн голын цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц гэхчилэн томоохон эх үүсвэрүүд баригдана. Тэр үеэс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүчийг экспортод гаргах боломжтой болно.
-Монгол Улсын экспортод гаргаж буй нүүрсний үнэ дэлхийн зах зээлийнхээс харьцангуй хямд байдаг. Энэ нь ямар учиртай вэ?
-Энэ нь хоёр талтай. Одоогоор манай улс нүүрсийг түүхийгээр нь экспортолж байна. Нүүрсийг түүхийгээр нь экспортолдог орон манайхаас өөр байхгүй. Түүхий нүүрсний экспортын үнэ ханш одоо 50-56 ам.доллар байгаа. Гэтэл угааж баяжуулсан тохиолдолд үнэ эрс нэмэгддэг онцлогтой. Дэлхийн нүүрсний экспортлогч гол орнууд нь Австрали, Индонези зэрэг улсууд. Нүүрс импортлогч зургаан гол орны тав нь Азид байна. Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань, Герман, Хятад гэсэн орнууд нүүрсийг их хэмжээгээр импортлож байна. Тэгэхээр нүүрсний нөөцөөрөө эхний 10 орны нэгд тооцогддог Монгол Улсын хувьд нүүрс экспортын өргөн боломж байна. Гэхдээ түүхийгээр нь биш боловсруулж гаргах хэрэгтэй. Боловсруулсан нүүрсний хувьд чанар, ангилал, боловсруулалтын үе шатаасаа шалтгаалаад 70-100 ам.долларын өртөгтэй байдаг. Тиймээс түүхий нүүрсний экспорт бол бидний эцсийн зорилго биш.
-Манай улсад боловсруулах үйлдвэр хэдийнээс ашиглалтад орох бол?
-Боловсруулах үйлдвэр эхнээсээ баригдаж байна. Боловсруулах үйлдвэр их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил шүү дээ. Одоогоор “Энк” компани, металлургийн кокс боловсруулж байгаа. “Энержи ресурс” компанийн барьж буй нүүрс угааж баяжуулах үйлдвэр ирэх оны нэгдүгээр улиралд ашигалалтад орчих байх. Түүнчлэн том Тавантолгойг түшиглэн нүүрс боловсруулах үйлдвэр барина. Түүхий нүүрсний экспортыг бууруулахын тулд томоохон хэмжээний уурхайнуудын ТЭЗҮ-г батлахдаа нүүрсийг түүхийгээр экспортлох бус баяжуулах үйлдвэр суурилуул гэсэн шаардлагыг багтааж байгаа.
-Улсын хэмжээнд хичнээн нүүрсний уурхай ажиллаж байгаа вэ. Тэднээс хэд нь экспортод гаргадаг вэ?
-Улсын хэмжээнд орон нутгийн чанартай жижиг уурхайгаас эхлээд өндөр хүчин чадлын 40 орчим уурхай нүүрс олборлож байна. Үүнээс төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангаж байгаа нол уурхайнууд нь Багануур, Шивээ-Овоо, Шарын гол юм. Зүүн бүсэд бол Адуунчуулуун, говийн бүсэд бол жижиг Таван толгойн уурхай гол үүргийг гүйцэтгэдэг. Экспортын хувьд “МАК”, “Энержи ресурс”, “Саусгоби сэндс”, “Чинхуа МАК”, дээр нь төрийн өмчит том “Тавантолгой” нэмэгдэнэ.
-Экспортод гарч буй нүүрсийг чухам хаана худалдаалж байна вэ. Хятадын төв нутаг руу хүргэж өгдөггүй, хятадууд хилийн цаана буулгаад овоолоод байдаг гэх юм билээ. Хятадууд манайхаас авсан нүүрсийг юунд хэрэглэдэг юм бол?
-Хятадын тал Монголоос импортолсон нүүрсийг голчлон металлургийн үйлдвэрлэл болон эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэдэг юм билээ. Ингэхдээ заавал боловсруулж, угааж баяжуулдаг. Хятад улс нүүрсний экспортдоо хориг тавиад удаж байна. Тус улс нүүрснийхээ дотоодын хэрэгцээг хангахад илүүтэй анхаарахын зэрэгцээ дутагдалтай хэсгийг нь импортоор нөхөж байгаа. Манай улсаас авч байгаа 5-6 сая тонн нүүрс гэдэг тус улсад бол маш өчүүхэн хувийг эзэлдэг. Гол импортлогч орон нь Австрали, Индонези байдаг.
-Зарим уурхайнууд хөрс хуулсан шороо болон хог хаягдлаа өөрийн лицензийн талбайнаас гадуур овоолж орхих болсон талаар иргэд ихээр шүүмжилдэг. Энэ нь хууль бус үйлдэл мөн үү?
-Аливаа аж ахуйн нэгж, компаниуд ашиглалтын лицензтэй талбайдаа л үйл ажиллагаа явуулах ёстой. Хөрс хуулсан шороогоо өөрийн лицензийн талбайгаас гадуур хаяж байна гэсэн гомдлын дагуу шалгаж үзэхэд нарийн зүйлс бас ажиглагддаг юм билээ. Хог хаягдлаа хаяад байгаа талбайдаа хайгуулын лиценз авчихаад тэр газар нь байгалийн баялгийн нөөцгүй гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хаягдлаа хайгуулын талбайдаа овоолсон газар ч байсан. Тэгэхээр энэ асуудлыг нарийвчлан судлах л хэрэгтэй.
-Хайгуулын лиценз авсан компаниудад ашиглалтын лицензийг онцгой эрхийн дагуу шилжүүлэн өгөх нь буруу гэсэн мэдэгдлийг иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн саяхан хийсэн. Тэгэхээр хайгуул хийгээд баялаг илэрсэн, нөөц нь тогтоогдсон талбайн ашиглалтын лицензийг сонгон шалгаруулалтын журмаар олгож болох уу?
-Одоогийн дагаж мөрдөж буй “Ашигт малтмалын тухай хууль” бол гурав дахь удаагийн шинэчлэн боловсруулсан хууль. Урьд урьдны хуулиар бол хайгуул хийсэн талбайд нөөцгүй ч байсан ашиглалтын лиценз олгодог байсан. Үүнээс болж, лиценз эзэмшигчдийн тоо өсч, нөөцгүй талбайн зөвшөөрлийг бууруулах гэж бөөн асуудал үүсээд байна. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол хайгуулын талбай дээрээ нарийвчилсан хайгуул хийгээд, нөөцөө тооцож гаргаж ирсний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж байж улсын нөөцөд бүртгэж авч байгаа. Түүний дараа ашиглалтын лиценз олгох эрх нь нээгддэг. Аль ч улс оронд төсвийн мөнгөөр хайгуул хийх боломж хомс байдаг. Тиймээс хайгуулыг хувийн компаниар хийлгэх нь түгээмэл. Хувийн компани их хэмжээний хөрөнгө мөнгө зарж нөөц илрүүлсний дараа түүнийг нь сонгон шалгаруулалтаар ашиглуулна гэвэл ямар ч хүн мөнгөө дэмий үрэхийг бодохгүй шүү дээ. Хайгуулын явцад ямар нэгэн баялгийн нөөц илрээгүй тохиолдолд эрсдлийг тухайн компани үүрээд л гардаг.
-Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл лиценз олголтыг түр зогсоогоод байгаа. Энэ хугацааг дуусахаар лицензээ олгоод эхэлнэ гэсэн үг үү. Одоогоор шинээр лиценз авах гэж олон хүн өргөдөл өгөөд байгаа юу?
-Хэн хаана лиценз эзэмших талаарх мэдээлэл нууц байдаг. Лицензийг олгосны дараа нийтэд мэдээлж болдог. Нэгэнт арванхоёрдугаар сарын 1 хүртэл олгохгүй учир хүсэлт, өргөдөл огт аваагүй байгаа. Харин энэ хугацааг сунгах эсэхийг бид шийдэхгүй учир ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй.
-Танаас асуухгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Энэ бол Хөшөөтийн уурхайн нүүрсний нөөцийн асуудал юм. Тус уурхайн нөөц яагаад өөр өөр гараад байна вэ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар уг орд та бүхний баталсан 85,7 сая тонноос хамаагүй арвин нөөцтэй гэх юм. Түүнчлэн “Мон Эн Кон” компани Хонгконгийн бирж дээр нөөцөө их өндрөөр бүртгүүлсэн гэсэн?
-Энэ бол иргэдийн ашигт малтмал, геологи уул уурхайн мэдлэг дутмаг байгаатай холбоотой гарч ирсэн маргаан. Хөшөөтийн нүүрсний ордын улсын нөөцөд баталгаажиж бүртгэгдсэн хэмжээ нь 85,7 сая тонн. Албан ёсны баталгаажсан нөөц учир бид үүнийг л хэлнэ. Ашиглалтын лиценз олгосон тэр талбайн хэмжээнд л тэр шүү дээ. Нутгийн иргэд болон ашиглалт хийж буй аж ахуйн нэгжийн хувьд зөвшөөрөл бүхий ашигалалтын талбайгаас гадна хайгуул хийж буй талбайн нөөцийг оруулан ярьж байх магадлалтай. Тэгэхээр уг ордын нөөц цаашдаа нэмэгдэх магадлалтай. Компанийн хувьд уул уурхайн олон улсын бирж дээр ордын нөөцийг хэдээр гаргаж тавьж, хөрөнгө мөнгө цуглуулах нь тухайн компанийн л асуудал. Нөөцийн хэмжээ нь худлаа байгаад дампуурах боллоо гэхэд өөрсдөө л хохирол амсана шүү дээ. Харин төрийн байгууллагын зүгээс баталгаажсан нөөцөөс ангид тоо хэлэх эрх байхгүй.