Түүхий нүүрс дэлгэрсээр

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрс дэлгэрсээр

“За, хөгшөөн нөгөө шахмал түлшнийхээ уутнаас даруйхан шиг олныг надад өгөх хэрэгтэй байна. Тэгээд уутандаа гадных гэмээр хаягийг хадаарай даа. Савлахдаа эхлээд арван килограммаар савлаж байгаад, дараа нь тав, таваар нь савлана шүү” энэ яриа бол өнгөрөгч наймдугаар сарын 16-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтаны шуурхай зөвлөгөөн дээр НИТХ-ын төлөөлөгч, хотын нэгэн агентлагийн даргын ярьсан яриа. Тэр цагаас хойш Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн сонгогдсон хороонуудад 59 цэгээр 964 тонн үртсэн шахмал түлш, 1244 тонн нүүрсэн шахмал түлшийг нийлүүлээд байна. Холбогдох албаныхан ч сурталчилгааны ажлаа эрчимжүүлсэн. Тэгвэл иргэд ямар бодолтой байгааг сонирхоцгооё.

Арваннэгдүгээр сарын 7-ний өдөр. Шахмал түлшний хэрэглээ ямар байгааг сонирхохоор Чингэлтэй дүүргийн есдүгээр хороог зорилоо. Өөрийгөө Д. Нацагаа гэж танилцуулсан ахимаг насны эрэгтэй “Шахмал түлш, түүхий нүүрс хоёр зэрэгцээд байж байвал би түүхий нүүрсийг нь л авна. Манайхны хийсэн шохойтой хольсон нүүрс бол асахгүй шүү дээ. Хоёр түлш тараагаад байгаа юм. Үртсэн гэж нэрлэсэн урт түлш. Энэ түлш бөөрөнхий дундаа нүхтэй түлшийг бодвол гайгүй асдаг юм билээ. Гэхдээ л олигтой халахгүй юм. Хөлдөхгүйн тулд түүхий нүүрсээ л түлнэ шүү дээ” гэж ярив. Зөвхөн энэ хүн л ийм бодолтой байна уу гэвэл үгүй аж. “Бид түүхий нүүрсийг л сонгоно. Үнс хог их унадаг, тэгсэн мөртлөө илчгүй. Тарааж байгаа хоёр төрлийн нүүрснээс харин урт түлш нь гайгүй юм байна лээ. Гэхдээ түүхий нүүрсийг яаж гүйцэх вэ” гэх Чингэлтэй дүүргийн Х хорооны иргэн Т. Дагва, Ж.Хишигбуян нартай таарав. Тэд түүхий нүүрсийг түлэх дуртайдаа биш зөвхөн хөлдөж үхэхгүйн тулд л түлж байгаа гэдгээ тодотгосон. Харин шахмал түлшийг түлэх сонирхолтой иргэд цөөнгүй. Ё.Энхбаяр гэж танилцуулсан дөч эргэм насны эрэгтэй “Уг нь хотынхоо утааг бодвол шахмал түлш түлчихмээр байна. Даан ч үнэ нь их, илч бага. Одоохондоо нүүрсээ хэрэглэж байна” гэж хариулж байв. Энэ хорооны залуучуудын ихэнх нь мөн л ийм бодолтой байх аж. Хүмүүс торгуульд өртчихгүйн тулд зураг битгий тавиарай гэсныг ёсоор болгосныг нуух юун.
Чингэлтэйтэй хил залгаа орших Сүхбаатар дүүргийн 9,12 дугаар хороонд өнгөрөгч аравдугаар сард нүүрсэн шахмал түлшийг яаж түлэх тухай “хичээл заасан” байна. Хамгийн сонирхолтой нь XI хороонд нь хаймар, резин шатаадаг хэдэн айл байх. “Энэ жил тэдний эгнээ бас л нэмэгдэх байх” гэж хариулах иргэд ч цөөнгүй таарав. Сүхбаатарчуудыг нүүрс түлэхийг болиулах гэсэн биш нүүрснээс ч илүү утаатай, хортой бодис түлдэг айл нь нэмэгдэж буй аж…
Баянгол дүүрэгт. Энэ дүүргийн 16 дугаар хорооны иргэд шахмал түлшний савалгааг хэтэрхий бага гэж гомдоллоно. Харин хариуцсан хүмүүс нь “Иргэдийг авч явахад амарханаар 10 кг-аар савалсан. Шахмал түлш нь 8 цагийн турш шатаж, түүнээс хойш дөрвөн цагийн турш цогшдог” гэх. Гэтэл 16 дугаар хорооны хөгшид “Хэдэн бондгор түлшийг хоёр өдөр зуухандаа хийгээд дууссан. Дахиад хаанаас авахыг мэдэхгүй байна. Илч муутай л юм. Ханан пийшинг энэ түлшээр халаана гэвэл нэлээд их хэмжээгээр л нөөцлөх хэрэг гарна даа” гэж байв.
Нүүрс түлэхийг хориглосон гурван дүүргийн зарим хороодод нүүрс түлвэл торгоно гэсэн тушаалыг гаргасан ч зарим өрхүүд энэ талаар мэдээ ч үгүй гэнэ. Баянбүрдийн тойргоос Дэнжийн 1000 руу түүхий нүүрс ачсан машиныг оруулахгүй байгаа гэх ч хүмүүс байв. Тэгвэл хангалттай илчгүй шахмал түлшийг иргэд голж эхэлсэн учраас үүнийг дагасан нүүрсний нууцхан бизнес чимээгүйхэн цэцэглэж байна. Харин иргэд гал алдахгүйн тулд түүнийг авч байгаа гэх. Баянбүрдийн уулзварын шил авдаг, хаягдал төмөр зардаг чингэлгийн урд түүхий нүүрсийг нууцалсан байдлаар зарах болжээ. Учрыг асуувал “Хөлдөж үхэхгүйн тулд бид зарж, тэд авч байгаа шүү дээ” гэж учирлаж байв. Үнэндээ тэднийг буруутгах үндэсгүй. Өөрсдөө төвийн халаалттай тохилог орон сууцанд амьдардаг хүмүүс нүүрс түлхийг шууд хориглочих шиг амар зүйл байхгүй. Харин оронд нь санал болгосон түлш, утаа бага гаргадаг төдийгүй нүүрстэй ижил хэмжээний илчтэй байна уу гэдгийг бодох л хэрэгтэй.
3,2 тэрбумаар босгосон шахмал түлшний үйлдвэрт нийт 2208 тонн түлш боловсруулан тарааж, зарим хороонд шахмал түлшний сургалт явуулсан хэдий ч арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар агаарт зөвшөөрөгдөх хүхэрлэг хийн агууламж 0.118 микрограммаар их байгааг Агаарын чанарын албаныхан мэдээлж байна.
Нүүрсийг хорьж, шахмал түлш түлээд ч агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд дөхөж очихгүй нь ээ. Дээр нь иргэд зутарч, багачуул нь даарснаасаа болоод ханиад томуу хүрэх аюул нүүрлэжээ.  
Агаарын бохирдолттой тэмцэх дэд хорооны дарга Б.Төмөрчулуун “Шахмал түлш утааг багасгахгүй. Сүүлийн 4, 5 жил ингэж “эргүүтэж” явсан. Нүүрсийг нунтаглаад шахахаар утаа нь алга болно гэж байхгүй. Ийм төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Ямар ч зүйл шатсан утаа үүсгэнэ. Хамгийн чухал нь хор багатай байх хэрэгтэй” хэмээн ярилцлага өгч байсныг сануулъя.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж