-МАХН түүх болж, МАН дахин мэндэллээ. МАХН-ын гишүүн нэрээр сонгогдож ирсэн төлөөлөгчид МАН-аар овоглоод энэ танхимаас гарч байна. МАХН-ын ХХYI их хурлаас өөр ямар үр дүн гарсан гэж та үзэж байгаа вэ?
-Чамгүй ажил хэрэгч хурал боллоо гэж бодож байна. Зарим хүн хэлэхдээ “Өө эд нар яах вэ. Намын нэр ус, энэ тэр гэсхийгээд тарах нь” гэж байгаа юм шиг байна лээ. Намын нэр сэргээнэ гэдэг өөрөө их ажил юм шүү. Улс төрийн том ажил байгаа юм. Үүний цаана агуулгаараа шинэчлэгдэх, Монгол Улсын гадаад дотоод улс төр, эдийн засаг, нийгмийн том бие даасан бодлого гарч ирж байгаа юм.
Жишээ нь, “Дэлхийн зургаан тэрбум хүний хаана нь миний 2,7 сая хүн явж байгаа билээ гэдгийг харах хэрэгтэй байна” гэж намын дарга С.Батболд илтгэлдээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай бас их том, “хяр”-ын үг хэллээ. “Авлига нийгмийг идэж байна. Үүнийг цааш хазаарлахгүй бол горьгүй нь. Ёс суртахуун гэдэг юм согогтой болж өвчилж байна. Үүнийг эрүүлжүүлэх ажлыг тууштай хийхгүй бол болохгүй нь. Эдийн засаг дээшлээд байна гээд байдаг. Гэтэл ядуурал улам газар авч байна” гэдгийг их анхааруулж хэллээ. МАХН өөрөө боловсон хүчний асуудлаар шүүмжлэлд их өртөж байгаа. Үүнийг өнөөгийн удирдлага ихээхэн анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Миний санаа үүнтэй их нийлж байгаа.Хөдөөгийн талаар төлөөлөгчид их ажил хэрэгч ярилаа.
Яг хэрэг дээрээ өнөөдөр хөдөө орон нутаг сүрхий эзгүйрч байна. Эх адаггүй их нүүдэл Улаанбаатар руу хошуурч байна. Энд ирээд идээшихгүй байна. Ирсэн бүхнийг тэжээх, ажил төрөлтэй болгох гээд нийгмийн эмзэг асуудал даамжрахын гогцоо эндээс үүсч байна гэж ойлгодог. Тиймээс хөдөө орон нутгийн зах зээлийг дөмөгхөн анхаарах, зам харилцаатай болгох, иргэдийн эрүүл мэнд, боловсролыг сайн анхаарах хэрэгтэй болж байна. Хүүхдээ сургуульд өгөх, хөгшид нь эмнэлэг бараадах гэж наашаа явж байна. Уул уурхай хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ эцсийн эцэст ухсан нүх, овоолсон шороо л үлдэнэ. Хэдэн мал мөнхийн юм болохоор Монголын тусгаар тогтнолын үндэс бол энэ. Ингэж үзэх ёстой гэж би ойлгож байгаа. Хотоо мартаж болохгүй ч манай намын хувьд хөдөөгийн талаарх бодлого илүү тод байх ёстой юм.
-Монгол Улсын хөгжлийн төвшинг нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр тодорхойлно гэснийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Энэ нэг жаахан буруу сонсогдоод байна. Цөөхөн баячуудын гарт улсын хөрөнгийн нэлээд хэсэг шилжчихсэн. МАХН-ын даргын илтгэлд дурдсанаар бол хоёрхон хувь нь хэт баяжсан юм уу даа. Гэтэл ард иргэдийн 38 хувь ядуу байна гэж статистик яриад байна аа даа. Нөгөө хэдхэн баячуудын юмыг нийт ядуучуудад хувааж бодоод хөгжлийг тодорхойлно гэдэг болж байна уу, үгүй юү. Иймээс аргачлалаа бодож, шинэчилмээр байгаа юм.
-МАХН гэдэг нэрийг өөрчилсөнд сэтгэл дундуур хэсэг танай намд бас бий. Тэд тусдаа нам байгуулаад явж ч мэдэхээр байгаа. Хэрэв ингэвэл яах вэ?
-Бид их сайхан хуралдаад, намынхаа нэр, усыг солиод их л баяртай сууж байна. Гэвч юм үнэнээрээ байх ёстой. Ялангуяа жаахан ахмад талын гишүүдийн зарим хэсэг дургүйцэх тал бий. Үүнийг нуултгүй. Дээр үед, 1940-өөд онд намын ажил мундаг сайн явж байсан юм гэнэ лээ. Хувьсгалт уралдаан гэдэг юм болдог байж. Улс, сум орон нутгаас явуулж байгаа бодлого, малын тоо, толгой, ноос, ноолуур, хөөвөр бэлтгэх төлөвлөгөө энэ тэрийг кг-аар нь даавуун дээр бичээд модонд уядаг байж. Мал дурандаад хяр дээр сууж байгаа хүн тэрийг хараад манай сум төчнөөн толгой малтай юм байна. Төчнөөн тонн ноолуур авах гэж байгаа юм байна гэдгийг мэдээд авдаг байж. Одоо ч ийм байдлаар ажиллаж, тэр эргэлзээд байгаа гишүүдийн эргэлзээг тайлж МАН-ын бодлого, шийдвэрийг маш богино хугацаанд ухуулан таниулж зөв ойлголтод хайрцаглах хэрэгтэй юм. Үүнийг тоохгүй байж огт болохгүй.
Манай зарим нь намын нэр сольсны үр дагаврыг жаахан тоохгүй яваад байна уу гэж харагдаад байна. Түүнийг анзаарахгүй бол нөгөө УИХ-ын сонгууль чинь хаалга тогших гэж байна шүү дээ. Одоогийн 150 мянган гишүүнээ нэмэгдүүлэхийн төлөө явах ёстой. Хагарч задарвал ямар сайн байх вэ дээ.
-“Хувьсгалт” гэдэг үгийг заавал авч хаяхын ач холбогдол юу байв?
-Тэр үгээс бид бэргэх хэрэг байхгүй. Үнэхээр өнгөрсөн 90 жилд Монголд агуу их хувьсгал өрнөсөн. Би мэднэ. 1957-58 оны үед Дундговийн Эрдэнэдалай суманд нар сар гийсэн сиймхий хар гэртэй айл байж л байсан. Соёлын довтолгоогоор айл бүрийг цагаан бүрээстэй болгосон. Хүний ухамсар сэтгэлгээ гэдэг “Сэрэлт” киноны Бумаа авгай яадаг билээ. Хажууд нь орос эмнэлэг байхад хадаг өвөртлөөд лам руу явж байдаг. Тийм зүйлийг бид өөрчилсөн. Оюуны, боловсон хүчний том арми бий болгосон. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, энэ бүгд чинь агуу хувьсгал. 1921 оны хувьсгал бол Монголын нийгмийн амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. “Хувьсгалт” гэдэг бол агуу их үг. Түүнийг бид хувьсч, өөрчлөгдөж чадлаа гэдэг утгаар л ардаа хийлээ л дээ. Түүнээс биш голж чамлаад, муу муухай юм гэж жигшиж улс төрийн бодлогоор авч хаяагүй ээ.
-Намын дүрэмд оруулсан шинэчлэлт, ялангуяа намаас гаргах нэрээр хөөх заалтууд дээр төлөөлөгчид нэлээд эмзэглэж байх шиг байсан. Та юу бодож байв?
-Гишүүдэд хариуцлага байх ёстой. Ардчилал нэрийн дор далимдуулж замбараагүй явдал энд тэнд гараад байх юм. Үүнийг хазаарлаж зогсоох хэрэгтэй. Гэхдээ намын Удирдах зөвлөлийн хурал дээр би өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Арай чанга сонсогдоод байгаа юм биш үү. Хэтэрхий базах, захиргаадах гэсэн зүйлийг нүүрэн дээрээ тавиад байгаа юм биш үү” гэдэг талаар санал хэлж байсан. МАН-ын үндсэн зарчим бол цөөнхийн үг чөлөөтэй, олонхийн үгийг дагана гэсэн номтой. Түүгээрээ л шийдлээ.
-Үзэл баримтлалдаа “үндэсний ардчилсан” гэсэн тодотгол хийнэ гэж хүчтэй ярьж байсан ч сая тийм үг дуулдсангүй. Тодотгол хийхээ больсон уу?
-Үзэл баримтлалд тийм үг байхгүй. Намын их хуралд бэлтгэх ажлын явцад тийм зүйл нэлээд ярьж байсан. Гэхдээ “үндэсний” гэдэг үгээс үргэж бусгаад, дэмий юм гээд байж таарахгүй.
-Үндэсний гэдгээ бас өөр үгээр илэрхийлсэн үү?
-Нийгмийн ардчилал гэдэг үгээр явж байгаа. Хэвшсэн дэлхийн нэр томъёогоор бол Социал демократ гэсэн үг. Ийм үзэл баримтлалтай явна. Социнтерний гишүүн тул ингэхгүй бол болохгүй гэж үзэж байгаа юм. Тэглээ гээд “үндэсний ардчилал” гэдэг үгийг гоочлоод, буруутгаад байгаа хэрэг биш юм шүү. Төр, нийгмийн чиг баримжаатай эдийн засгийн бодлого явуулах ёстой, хүчтэй төр байх ёстой гэж манай нам үздэг. Гэхдээ ард түмнийхээ үзэл бодлыг нухчин дардаг төр байх ёсгүй. Ардчилсан нам юм бол төр юм болгонд оролцоод байх шаардлагагүй. Үндэсний хөрөнгөтнүүд, ард иргэдийн үүсгэл санаачлага дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг. Хоёр нам бодлогын ийм зөрүүтэй юм.
-Намынхаа бэлгэдэлд танайх сая алтан соёмбо орууллаа. Улаан сарнай алтан соёмбо шигтгээтэй болсон байна. Гэтэл төрийн бэлгэдлийг нэг нам өмчилж авлаа гэсэн яриа гадуур гараад эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манжийн үед Монголын төр алга болсон. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр автономит болсон ч удаагүй. 1921 онд ардын хувьсгал мандаж манай ард түмэн жинхэнэ ёсоор эрх чөлөөт тусгаар улс болж 1924 онд Улсын анхдугаар их хурлаар тунхаглан зарласан. Дэлхийд нэртэй, тамгатай Монгол Улсыг гаргаж ирсэн. Жинхэнэ тусгаар тогтнолыг 1945 онд бүх нийтийн санал асуулга, референдумаар бий болгоод 1946, 1947 онд ЗХУ, БНХАУ манай тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Энэ бол тусгаар тогтнолын төлөө МАХН-ын эцсийн зорилго байсан. Монгол төрийг сэргээсэн хүчин нь МАХН, өнөөгийн МАН юм. Иймээс МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гэж бид томъёолоод байна. Манай намын анхны туган дээр соёмбо байсан.
Агуу их Бодоо гэдэг хүн ширээнийхээ хөлөөс хөрөөдөж аваад түүн дээрээ соёмбо үсгийг сийлж МАН-ын анхны тамгыг хийсэн. МАН-ын тамган дээр анх соёмбыг сийлж, дараа нь төрийн тамган дээр гарсан түүхтэй. Тийм болохоор МАН соёмбо үсгийг Монголын төрөөс хулгайлж байгаа биш, жинхэнэ өөрийнхөө таних тэмдгийг туган дээрээ залж байгаа хэрэг гэж хэлэх байна.
-МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгож байна. Бизнесмэн голдуу хүнээр бүрдүүлэх чигийг дээрээс өглөө гэж төлөөлөгчид дунд дургүйцсэн яриа гарч байгаа. Та бол юу гэж бодож байна?
-Төлөөлөгчид тэгж ярьж байна. Гэхдээ юуны тулд МАН-ын удирдлага гэж байгаа билээ. Бодлого чиглэл гэж байхгүй бол болохгүй. Нийт 800 төлөөлөгч адил тэнцүү мэдээлэлтэй биш. Нарийн ширийнийг мэдэж байгаа удирдлага бодлого, чиглэлээ барилгүй л яахав. Гэвч төлөөлөгчдөөс гарч байгаа үгийг хүндэтгэж сонсч тусгах ёстой. Дэмий юм ярилаа гэж огт болохгүй. Бага хурлын гишүүн сонгохдоо гарцаагүй анхаарч тусгах учиртай. Төлөөлөгчдийн саналыг тусгаад зөв бүрэлдэхүүнтэй Бага хурал бүрдүүлэх байх аа.